Х.Мөнгөнцэцэг: Миний гүнж гэж юу байхав
"Нийтийн дууны гүнж” гэгдэх, залуу дуучин Х.Мөнгөнцэцэгийг "Breakfast time” ярилцлагынхаа буланд урилаа.
-Сайн байна уу. Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Оны босгон дээр хамгийн анх хэвлэлд өгч байгаа ярилцлага нь болов уу?
-Сайн байна уу. Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Оны босгон дээр хамгийн анх хэвлэлд өгч байгаа ярилцлага нь болов уу?
-Тиймээ. Шинэ оны босгон дээр хамгийн анх танай сайтад ярилцлага өгч байна. Монголын нийт ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе.
-Өнгөрөгч 2016 он уран бүтээлийн хувьд хэр олз омог арвинтай жил байв. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин гэвэл?
-Уран бүтээлийн олз омог арвинтай жил байлаа. СУИС-ийн нэгэн үеийн төгсгөгчид болох Э.Чулуунчимэг, Б.Хандмаа бид гурав "Хүндэтгэл Үргэлжлэл” нэртэй Монгол ардын дууны цомирлиг болсон дууны клипээ гаргасан. Мөн оны өмнө миний бие өөрийн хоёрдахь цомог болох "Уулзахын хүслэн” цомгийнхоо нээлтийг хийж фэнүүдтэйгээ нэгэн өдрийг сайхан өнгөрүүллээ. Энэ сарын 20нд анхны бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийхээр бэлтгэл ажлаа хэдийнээ хангаад явж байна.
-Сонсогч фэнүүд нь дуучин Х.Мөнгөнцэцэгийг тоглолтоо хийхийг удтал хүлээсэн байх шүү.
- Аливаад би яарч ханддаггүй. Цаг нь болохоор аяандаа болно л гэж боддог. Энэ утгаар бие даасан тоглолтоо хийх цаг хугацаа, тохироо нь одоо л ирж байна гэх үү дээ.
-Сургуулиа төгссөнөөс хойш урын сандаа хэчнээн дуутай болов?
- Тийм ч олон дуутай биш ээ. Тоог чухалчлах гэхээсээ илүүтэй чанартай уран бүтээл гаргахыг хичээдэг. Зарим үед бодсоноор болохгүй тохиолдол байна. Инээдтэй нэг юм ярихад, оюутан байхдаа нэг дуундаа клип хийлгэлээ. Бодсондоо хүртэл клипээ гоё хийж чадлаа даа гэж дотроо бодоод л бөөн баяр гэртээ харьж билээ. Тэгсэн гэртээ очоод үзсэн чинь нэг л биш ээ. Гэрийнхэндээ үзүүлтэл ээж, аав уурлаад, би уйлж билээ. Тэгээд буцаж очоод энэ клипээ цацаж чадахгүй нь гэж хэлж байсан юм. Одоо бодоход хөгжилтэй ч гэлээ хүн цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж тэр хэрээр суралцсаар байдаг юм байна. Магадгүй хоёр, гурван жилийн дараа уран бүтээлээ эргээд харвал арай өөр нүдээр дахин харах байх.
-Хүүхэд байхдаа л дуучин болно гэж боддог байсан уу?
-Тиймээ. Би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Үүндээ ч бат итгэчихсэн. Тэгсэн мөртлөө сургуулийн урлагийн үзлэгт ордоггүй, олон нийтийн өмнө огт дуулдаггүй бүрэг даруухан хүүхэд байсан. Харин гэртээ бол байнга дуулаастай. Ямар сайдаа л ээж намайг "Гэрийн дуучин” гэхэв дээ. Харин миний доод талын дүү намайг бодвол нүүрэмгүй, их сайхан бүжиглэдэг. Дүүтэйгээ нийлээд л гэрийнхэндээ тоглолт үзүүлнэ шдээ.Инээв/
-Нэгэн үе Жавхлан, Баясгаланг дуурайж урлагт хөл тавьсан олон залуус байсан байх шүү. Таны хувьд дуучин байх хүслээ хүүхэд насандаа л тээж улмаар хүслээ биелүүлжээ.
-Тийм шүү. Намайг СУИС-д орох тэр үед таны хэлнээр нээрээ л нийтийн дууны эрин үе эхэлсэн. Тэр ч бүү хэл СУИС-д дуучин болно гэж ирж байгаа хүүхдүүдийн бараг тал нь"Жавхлан, Баясгалангийн ангид ормоор байна” гэдэг байсан гэсэн. Анх сургууль дээрээ очих гэж хөдөөний хүүхэд талбай дээр буугаад хүнээр заалгуулаад ирж байж билээ. Сургуульдаа орж ирсэн тэр өдрөөс л нэгэн шинэ ертөнц намайг угтсан. Энд ч нэг нь дуулаад л тэнд ч нэг нь бүжиглэнэ, ганцаараа ярьж дүрээ бэлдэж байгаа зэрэг энэ бүхнийг хараад хөдөөний охин надад их л соньхон санагдаж билээ. Ингээд МУГЖ, дэд профессор М.Найдалмаа багшийнхаа удирдлага дор таван жил суралцсан.
-Багш тань уг нь дуурийн дуулаачаар явуулах хүсэлтэй байсан гэдэг. Дуурийн анги төгссөн мөртлөө яагаад нийтийн дуу руу оров?
-Хөдөө төрж өссөн болоод ч тэрүү нийтийн дуу тэр дундаа ардын дуунд маш дуртай. Энэ хүсэл маань намайг нийтийн дуу руу хөтөлсөн болов уу. СУИС-д нийтийн дууны анги гэж байдаггүй. Тиймээс дуурийн дуулаачийн ангид шалгалт өгөөд орж байсан. Дуурийн урлаг бол дууны ноён оргил нь.Яагаад гэвэл "Бүх төрлийн дууны суурь нь дуурь учраас дуурийг сурсан хүн ардын дуу, нийтийн дууг дуулах боломжтой” гэж багш маань хэлдэг байсан юм.
Цаашид дуурийн дуу дуулах болов уу?
-Тоглолт дээрээ дуурийн дуу дуулна. Дуурь бол үнэхээр гайхалтай урлаг.
Таны бодлоор авъяас төрдөг үү эсвэл төрүүлдэг зүйл үү?
-Би төрдөг л гэж хэлнэ. Гэхдээ төрмөл авъяастай байлаа гээд түүнийгээ хөдөлмөрөөр улам өнгөлж зүлгэхгүй л бол үгүй болох зүйл. Өөрөөр хэлбэл, авъяас, хөдөлмөр хоёр хамт байх ойлголт. Данхыг арчих тусам өнгө ордогтой адил авъяасаа үргэлж усалж, хөгжүүлэх хэрэгтэй.
-Танай удамд урлагийн хүн бий юу?
-Манай өвөө уртын дууг их сайхан дуулдаг хүн байсан. Монголчууд найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэг шиг аав, ээж хоёр маань ч их сайхан дуулдаг.
-Уран бүтээлдээ анхаарал хандуулахаас гадна хувийн амьдралдаа анхаарал хэр хандуулж байна. Найз залуутай болсон уу?
- Уран бүтээлдээ л илүүтэй анхаарч байна. Нэгэнт дуучин гэх энэ мэргэжлийг таван жил сурч эзэмшчихээд үүнийхээ үр шимийг хөдөлмөрлөж хүртэх ёстой гэж боддог. Ээж, ааваас минь эхлээд ойр дотны хүмүүс дунд намайг сайхан уран бүтээлүүд гаргаасай гэж хүсэн хүлээж байгаа.Тэр хүмүүсийн урмыг хугалах эрх надад байхгүй. Тиймээс хувийн амьдралаа хараахан төлөвлөөгүй байна. Аливаад би яарч, их шунадаггүй гэж дээр хэлсэн. Болох цаг нь хугацаа нь нэг л өдөр ирэх байх. Мэдээж эмэгтэй хүн болж төрснийх сайн ханьтай учирч үр хүүхэдтэй болж хүний амьдралын тэр нандин зүйлүүдийг мэдрэхийг хүсэлгүй л яахав. Цагийн тохироо нь ирвэл болох юм болдогоороо л болно.
-Залуу бүсгүйг тойрсон элдэв яриабишгүй л хөвөрдөг байх. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэлийг хүлээж авна. Уран бүтээлч хүнийг шүүмжлэл, магтаал хоёр дагаж явдаг нь бичигдээгүй хууль. Нөгөө талаар мэргэжил маань олны өмнө ил байдаг онцлогтой учраас тэр бүгдийг дааж явахаас өөр аргагүй шүү дээ.
-Х.Мөнгөнцэцэгийг "мөөм” гэх тодотгол үргэлж дагаж явдаг. Энэ нь өөрийн тань зориуд гадаад төрхийн тодотгол уу?
-Зориуд бол биш ээ. Клипний ард ажилладаг хүмүүсийн л санаа гэх үү дээ. Түүнээс биш монгол дээлээ өмсөх дуртай, эгэл жирийн л малчны хотноос төрсөн залуу уран бүтээлч, би. /Инээв/
-Цаашид энэ дүр төрхөө гаргасаар л байх уу?
-Үгүй байх аа. Бүх л уран бүтээлдээ нэг төрлийн дүр төрх гаргаад байвал утгагүй шүү дээ.
-Эмэгтэй хүн залуу насандаа гоё сайхнаа гайхуулах эрхтэй биш гэж үү.
-Тэгэлгүй яахав.
-Дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран "Хайрын дээд хань минь” дууг шинэчлэн дуулсан. Энэ дууг дуулах санал хэрхэн ирэв?
-2015 онд Ховдын шинэ жил дээр Дээгий ахтай таараад энэ дууг хамтран дуулах санал тавьж байсан юм. Тэгээд л өнгөрсөн жил сонсогч түмэндээ хүргэсэн. Маш сайхнаар хүлээж авсан.
-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-"Уулзахын хүслэн” анхны бие даасан тоглолтодоо өдөр шөнөгүй бэлдэж байна. Тоглолтын ард "B sound production” бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Уран бүтээлч хүн хоёр цаг орчмын тоглолтыг хийхийн тулд хоёр сар хөдөлмөрлөдөг юм байна гэдгийг өөрийн биеэрээ мэдэрч ойлголоо. Маш их хөдөлмөр болоод хариуцлагыг шаарддаг юм байна. Тоглолтын нууцаас бяцхан задлахад, М.Найдалмаа багштайгаа хамтран дуулна. Мөн тоглолтод урилгаар МУГЖ С.Ганзориг, дуучин Т.Дэлгэрмөрөн нар дуулна.
-С.Ганзориг гавъяаттай хамтарч дуулсан дуу өөрийг тань олонд багагүй танилулсан байх аа?
-Тийм ээ. Дуучин Ц.Өлзий-Орших, А.Нэргүй нарын хамтран дуулсан "Санахын жаргал” дууг зөвшөөрлийг нь аваад дуулсан. Энэ дуу маань Өвөрмонголчуудад их хүрсэн гэж дуулддаг Мөн Тавилан” дууг С.Ганзориг ахтай хамтарч дуулсан. Мөн С.Ганзориг гавьяаттай нийлж кино концерт хийж байсан.
-"Уулзахын хүслэн” хоёрдахь цомгийн нээлтээрээ "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”ийн төрөх тасгийн нэг өрөөг бүрэн засварлан өгсөн байсан шүү дээ. Энэ талаар яривал?
-Би цомгийн баяраараа ганцаараа баярлахыг хүсээгүй. Нөгөө талаар урлагийн хүмүүс бид нийгэмд зөв үлгэр дуурайлалыг түгээж байх хэрэгтэй. Энэ ч үүднээс "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”ийн төрөх тасгийн нэг өрөөг бүрэн засвар хийж хүлээлгэж өгсөн байгаа. Ингээд орхичихгүй цаашид ч гэсэн байнга эргэж тойрч чадахынхаа хэрээр туслаж дэмжиж байна гэж бодож байгаа. СD-ний өндөрлөгийн тухайд ярихад, миний бодож төлөвлөснөөс хэд дахин илүүтэй сайхан болсон.
-Өөрийг тань зохиолын дууны отгон гүнж гэх болж.
-Миний гүнж гэж юу байхав. Хөдөөд төрж өссөн эгэл амьдарч байсан хүн шүү дээ, би. Хэвлэлийнхэний л өгсөн нэр байх. "Улаан пальто” киноны нээлтэд очиж дуулснаас хойш л энэ нэр гарах болсон.
-Мөнгөөр худалдаж авч болохгүй зүйлээ нэрлэ гэвэл?
-Хайр сэтгэл, мөн авъяасаа л хэлэх байх даа.
-"Араншин нь хувь заяа” болдог хэмээн Далай багш айлдсан байдаг. Хувь хүний хувьд ямар зан араншинтай вэ?
-Шударга зантай. Аливааг бөөрөнхийлөх дургүй. "За гэвэл ёогүй” гэдэг шиг тийм л зантай даа. Худал занг тэвчдэггүй.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Өөртөө л зориулахыг боддог. Ихэвчлэн фитнесстээ явдаг.
Гоо сайхны мэс заслыг юу гэж боддог вэ?
Тухайн хүний л хувийн сонголт. Түүнээс биш "болно, болохгүй” гэж туйлширч болохгүй байх аа.
-Өөртөө хэр сэтгэл хангалуун бэ?
-Сэтгэл хангалуун. Намайг "Монгол төрхтэй” гэж олон хүн хэлдэг. Харин зарим нэгэн нь "Өргөн шанаатай” гэж хэлдэг юм. Тийм байлаа ч гэсэн би өөртөө 100 хувь сэтгэл хангалуун явдаг.
Аав, ээж нь нутагтаа амьдардаг уу эсвэл хотын айл болсон уу?
Ижий, аав хоёр маань намайг оюутан болоход дагаад хотын айл болсон. Аав, ээж дүүгийн хамт амьдардаг. Том дүү маань ЭМШУИС-ийн төгсөх ангийн оюутан. Бага дүү маань Японд сурдаг.
Хэлэх дуртай үг гэвэл?
Бүх юм сайхан болно оо л гэж хэлэх дуртай.
Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтод нь амжилт хүсье.
Ш.Адъяамаа
breakingnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.