Солонгосын шоппинг соёл ердөө л энэ үү ЕМАРТ аа!
Өнгөрсөн онд монголын зах зээлд хүч түрэн орж ирж, дотоодын хэдэн компаний маань орлогыг дундалсан ЕМАРТ-д итгэл алдрагсад олон байна. Солонгос шоппингийн соёл гээчийг монголчуудад заана хэмээн том дуугарч, нээлтээ хийсэн эхний өдрүүдэд 400 гаран сая вонн монголын зах зээлээс халаасалж байсан. Үнэн хэрэгтээ ЕМарт-ын соёл болон үйлчилгээний чанар нь содон байсангүй, монголчуудын даган дуурайх, хэн нэгнээс дутахгүй байх гэсэн хүсэл нь л тийш нь хөтөлсөн хэрэг. Чанартай найдвартай бараа бүтээгдэхүүн, тансаг тухтай орчинтой гэх хамаг сайхан тодотголууд нь өнөөдөр хаана байна. Өдөрт дунджаар 1500 орчим хүн Емарт-аар үйлчлүүлдэг хэдий ч агааржуулалт муутай учраас 30-аас дээш минут тэсэхийн аргагүй, нэг давхарт гар утасны сүлжээ муухан барина, хоёр давхраас дээш бүр сүлжээгүй болно. Мөн төлбөрийн баримт нь цахимд бүртгэгддэггүй, учир нь ЕМарт манай улсад татвар төлдөггүй гэх юм билээ.
Арга ч үгүй биздээ энэ чинь "нөгөө” гадаадад хайр зарлах дуртай Сү.Батболдын оруулж ирсэн том артай бизнес шүү дээ. Өдөртөө доод тал нь 50-60 ам.доллар Солонгосчуудын халаас руу хийж өгдөг энэ буянтай үйлсийнхээ хариуд Сү.Батболд болон түүний хүү Емартын захирал Б.Баттүшиг юу авдаг бол. Монголд эдийн засаг хүндэрч, хаа сайгүй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавих гэж хуруу хумсаа хуйхалж суугааг эрх биш мэддэг л байлтай.
Солонгос бараа нэртэй улсынхаа зах зээлээс шахагдсан, хугацаа нь дуусах дөхсөн, хийц загвар нь хоцрогдсон, Сөүлийн гудамжинд ширхэг нь 1000 вонноор зарагддаг хайруулын таваг, гар нүүрийн алчуур, биеийн шингэн саван угаалгын нунтаг зэргээр монголчуудыг хуурч байна. Ихэнх нь монголын наймаачдын оруулж ирдэг импортын бараа. Ерөөсөө л сайхан нэр зүүгээд гоё рекламдаад та бидний тархийг угааж, солонгосдоо гудманд зардаг бараагаа хэд дахин нугалж зарж байна.
Гадны нэрийг шүтэж, гадаадын иргэдийг хөлжүүлэхээ зогсоож, бүгдээрээ үндэсний үйлчдвэрлэгчид, үндэсний бизнесээ үйлдлээрээ дэмжвэл яаж байна. Урьд нь үндэсний хэмжээний 10 гаран томоохон корпораци, сүлжээ дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулаад монголчуудынхаа хэрэгцээг хангаад, ядаж мөнгө нь Монголдоо эргэлдээд байсан. Гэтэл одоо өдөртөө халаасанд байгаа хэдийгээ бүгдийг нь өгөөд улсдаа татварч үгүй тавиад тууж байна. Тархи угааж, өнгөөр хуурсан гадны бизнес бидэнд ямар ашиг үлдээх вэ. Солонгосын шоппингийн соёлыг үзлээ, харлаа, ханалаа. Одоо больё монголчуудаа л дэмжье.
Н.Мөрөн
Tonshuul.mn