УБТЗ гэмт хэрэгтнүүдийн үүр боллоо
2016 оны 09 сарын 29-ний өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооМосква хотноо хуралдаж, замын даргаар Д.Жигжиднямааг томилсон. Хугацаанаас нь өмнө УБТЗ-ын даргыг чөлөөлж, шинэ дарга томилохын тулд ОХУ-ын талд ерөнхий инженерийн албан тушаалыг санал болгосон явдал одоо ч дотоодод хурц шүүмжлэлтэй байна. Тэгвэл үүнтэй зэрэгцэн бас нэгэн том дуулиан дэгдлээ. Тодруулбал, УБТЗ-ын 50 хувийг эзэмшигч ОХУ-ын "РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Бёлозеровийн ширээн дээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонсож байсан хүмүүс энэ байгууллагыг удирдах болсон тухай баримтууд очжээ. Хээл хахуультай тэмцэн, боловсон хүчний нэр цэвэр томилгоог эрхэмлэж буй ОХУ-ын төр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын айлчлалыг үл хүндэтгэн хүлээн авсан тухайг бид өмнө нь мэдээлж байсан.
Энэхүү томилгоог Монгол Улсын ОХУ-тай холбоотой цорын ганц байгууллага, гадаад харилцааны илэрхийлэл болсон салбарын даргаар ээлж дараалан заларч эхэлснийг хойд хөрш юу гэж харж байгаа бол.
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Дотоод Аудитын албаны даргаар Ж.Пунцаг гэх залууг томилсон.
Төмөр замчид энэхүү албан тушаалыг
дотроо "Авлигатай тэмцэх газар” гэж тодорхойлдог. Гэтэл Ж.Пунцаг нь Монгол
Улсын Авлигатай тэмцэх газарт хээл хахуулийн хэргээр шалгагдан,шүүхээс ял авч
байсан этгээд аж. Тэрбээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий
газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ энэхүү
хэрэгт холбогдсон байна. Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг 2015 оны нэгдүгээр сарын
19-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн хуралдаанаар
шийдвэрлэжээ.
Ж.Пунцаг нь 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр "Си Ар Си Жи девелопмент
Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс орчуулагч Жя Рун Лингээр
дамжуулан таван сая төгрөг авчээ. Тэрбээр 2014 оны 7, 8 дугаар сард бизнес
ангиллын визээр Монгол Улсад зорчин ирсэн ч ажил эрхэлж байгаад визний
хугацаагаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан
болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон байна.
Түүнд хээл хахууль өгсөн Жан Юү Шин нь Монгол Улсад 2014 оны зургаадугаар сард ирсэн бөгөөд БНХАУ-ын төмөр замын бүтээн байгуулалтын улсын компаниас хөрөнгө оруулалттай "Си Ар Си Жи девелопмент Монголиа” ХХК-ийн орлогч захирлаар ажилладаг гэж байгаа ч түүнийг орлогч захирлаар томилсон албан ёсны тушаал шийдвэр байдаггүй ажээ. Эрүүгийн хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн хуралдаанаас Ж.Пунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар нэг жил зургаан сар хорих ял ногдуулж, БНХАУ-ын иргэн Жан Юү Шин-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /9.5 сая төгрөг/-гээр, Монгол Улсад түр оршин суух Жя Рун Лин-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /950.000 төгрөг/-гээр тус тус торгож, хэргийг шийдвэрлэж байжээ. Ж.Пунцаг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүхийн / Шүүгч Р.Шүрхүү, М.Төмөрбаатар, Б.Цэдэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй/ 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/38-Б тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн 20110213 тоот хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90-р зүйлийн 90.1, 239-р зүйлийн 239.3-д заасан зүйл ангиар 2000 онд иргэн О.Уртнасангийн биед хүнд гэмтэл учруулсан, 2002 онд иргэн Ж.Шижир,Ш.Батнасан,М.Баясгалан нарт хүч, зэвсэг хэрэглэн танхайрсан үйлдэлдээ шүүгдэгч А.Баттөгс гэгчтэй хамт 3 жилийн хорих ял шийтгүүлэн, ял тэнсэгдэж байсан байна. Мөн Ж.Пунцаг нь цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ ЦЕГ-ын даргын 2006.03.24-ний өдрийн №115 тоот тушаалаар "Цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын тухай нууцыг задруулсан” гэх үндэслэлээр цагдаагийн ахлах дэслэгч цолоо хураалган энгийнээр ажиллаж байгаад ЦЕГ-ын даргын 2006.04.26-ны өдрийн №163 тоот тушаалаар "Өөрийн хүсэлтээр” гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас халагдсан байна. Ж.Пунцаг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар 1,6 жилийн тэнсэн ялаа эдэлж дууссанаас хойш дахин хээл хахуулийн гэмт хэрэг үйлдээгүй бол таван жилийн дараа ялгүйд тооцогдох ёстой. Одоо бол энэ хүн ялтай, ялаа цагдаагийн хяналтанд эдэлж байгаа хүн юм. Ж.Пунцагт шүүхээс "Төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаатайгаар хасах” нэмэгдэл ялыг оногдуулсан байхад Авлигатай тэмцэх газар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд заасны дагуу хоёр удаа ял шийтгүүлсэн хүнийг албан тушаалд томилох зөвшөөрөл олгохоос татгалзах ёстой.
Дараагийн томилгоо бол Р.Зоригт. УБТЗ-ын худалдан авалт, хангамжийн албаны даргын суудалд заларсан энэ эрхэм өмнө нь удирдсан байгууллагаа барьцаалан банкнаас зээл авч, хувьдаа завшсан хэргээр шүүхээс ял авч байв. Тухайн үед "Үндэсний соёл амралтын хүрээлэн” НӨҮГ-ын захирлаар Р.Зоригт ажиллаж байжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн паркийн тоглоомыг шинэчилнэ гэх зориулалтаар өөрийн харъяа "Түмэн эх” чуулгын барилгыг барьцаалан Монгол шуудан банкнаас 150.000 ам.доллар зээлэн хувьдаа завшсаныг 2008 онд шүүх тогтоож дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Гэвч 18 нас хүрээгүй хүүхэдтэй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Өршөөлийн хуульд хамрагдан суллагджээ. Гэтэл одоо УБТЗ гэх жилдээ хэдэн зуун тэрбум төгрөг эргэлддэг байгууллагын худалдан авалт, хангамжийн албаны даргаар томилогдчихоод байна.