Хадаа аваргын их хүч
Хуучин цэргийн амралт байсан Уу буланд 1977 оны зун Алдар нийгэмлэгийн бөхчүүд наадмын бэлтгэл хийж байлаа. Аварга Д.Хадбаатар залуу бөх Б.Ганбаатар бид гурав тарвагачлахаар яриад үертэй байсан Туул голыг хөл алдах шахаж арай гэж гатлав. Тэгээд долоон том бурхи буудчихаад нэгийг нь шууд боож идсэн. Буцаад гол гатлах болоход нэгэнт харанхуй болчихсон, бидний гарсан жижиг салааны ус нь эрс нэмэгдчихсэн байв. Арга ядаад буцах уу, ус руу орох уу гэж ярилцаж байгаад: Хадаа чи зургаан тарвагаа холбоод хүзүүндээ тохчих гээд гарт нь нэг мод бариулчихлаа. Хадаа ч тарвагануудаа хүзүүнээсээ зүүн намайг үүрэв. Учир нь хүндийн төвөө ихэсгэж байгаа нь тэр. Ус руу ороод л явчихлаа. Хадаагийн нуруун дээр байх миний гараас Ганбаатар зүүгдэж хоёр хөл нь мод шиг хөвж байсан даа. Хадаагийн зөвхөн толгой л цухуйна. Их жинтэй хоёрын хоёр хүнийг үүрэхийг үүрч чирэхийг чирээд, дээр нь бас тарвага өргөөд үертэй гол гатлана гэдэг яаж ч бодсон хэцүү даваа. Хадаа маань усны дунд ирэхдээ нэг хөлд алдсан ч модоороо тулж дахин гишгэдэл авах шиг болсон. Голын нөгөө эрэгт дөхөж усны татруу хэсэгт гарч зогсоход нь бид хоёр тарвагаа буулгаж аваад Хадаагаа гаргах гэтэл "миний нуруу, хөл мэдээгүй болчихлоо” гээд нулимс унагаж билээ. Нилээд амраасны дараа л арай чүү эрэг дээр гаргаж хувцас хунараа мушгиад Хадаагийнхаа хоёр талаас сугадаад алхаж явахад хоёр хөл нь тэнцэж ядан газар онохгүй байсан даа. Мөн ч их хүч, тэвчээр шүү.
Сэтгэгдэл байхгүй байна.