Д.Даваасамба 150 сая, С.Баярхүү 40 сая төгрөгний авлига авчээ
БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамбыг АТГ цагдан хорьсон талаарх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн билээ. Тэгвэл түүнтэй хамт мэргэжилтэн С.Баярхүү, Мөрдөн байцаах хэлтсийн дарга П.Бүжинжав нар хамт байсан аж. Д.Даваасамба дарга өнгөрсөн хоёр дахь өдөр ОБЕГ-ын газрын дарга Б.Бадралын хамт Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаж ирээд маргааш нь буюу өнгөрсөн лхагвал гаригт ажилдаа ирсэн байна. Тэр өдөр ажил тарахын үед Д.Даваасамба даргатай хоёр хүн уулзахаар ирцгээсэн байна. Гэсэн ч тэд тун удалгүй гарч явсаны дараагаар АТГ-ын хоёр байцаагч үзлэг шалгалт хийх зөвшөөрлийн бичгээ үзүүлж дотогш нэвтрэн орсон байна. Тун удалгүй мэргэжилтэн С.Баярхүү, Мөрдөн байцаах хэлтсийн дарга П.Бүжинжав, Д.Даваасамба дарга нарыг баривчлан авч явсан байна.
Одоогийн байдлаар хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн С.Баярхүүд 40 сая төгрөг, хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамбад 150 сая төгрөг, өгсөн нь ил болсон байна. Тэдэнд 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахаар нэгэн эрхэм ийнхүү авлига өгчээ.
Үүнээс өмнө Д.Даваасамба дарга аргал угалз агнах хууль бус зөвшөөрөлтэй нэр холбогдож, хэсэг нөхөд түүнийг АТГ-т шалгуулахаар өнгөрсөн аравдугаар сард хүсэлтээ хүргүүлж байсан. Түүний одоогийн хашиж байгаа Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын даргын албан тушаал нь самар, жимc, хилээр байгалийн баялаг гаргах, мод бэлтгэх тусгай зөвшөөрлийг олгодог БОАЖЯ-ны хувьд хамгийн чухал албан тушаал. Тийм ч учраас түүнийг тусгай зөвшөөрлийн асуудлаар авлигын хэрэгт холбогдсон гэдгийг эх сурвалж дуулгалаа.