Оюутнууд суулт зарлаж байна
Нийслэлийн удирдлагууд энэ сарын 1-ний өдрөөс Улаанбаатар смарт картгүй тохиолдолд 1000 төгрөгөөр зорчих шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү 3600 төгрөгийн үнэтэй Улаанбаатар смарт карт нь хүүхдийн, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, оюутны болон энгийн гэх төрлүүдтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар оюутнуудад зориулсан карт нь тараагдаагүй байгаа юм.
Нийтийн тээвэрт нөхөн олговор олгох 2010 онд батлагдсан "Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам"-аар оюутнууд үнэ төлбөргүй автобусаар зорчдог байсан юм. Тус журмын дагуу 2015-2016 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих 113 мянган оюутны "Эрхийн үнэмлэх" буюу Төрийн банкны смарт картны захиалгыг цахим систем нэвтэрч байгаатай уялдуулан 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 8900 төгрөгөөр авчээ.
Нийт 64000 оюутны смарт карт хэвлэгдэж, наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тараагдах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл тэд гар дээрээ аваагүй байгаа билээ. Иймээс оюутнуудыг төлөөлж Монголын оюутны холбооноос өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн ч уг шаардлагын хариу ирээгүй тул өнөөдөр Монголын оюутны холбоо болон их дээд сургуулийн оюутнууд Чингисийн талбайд суулт зарлаад байна.