БОНХАЖ-ЫН САЙДААР ТОМИЛОГДСОН Н.БАТЦЭРЭГ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар БОНХАЖ-ын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Н.Батцэрэг сайдын үүрэгт ажлаа хүлээж авлаа. Шинээр томилогдон ирж буй салбарын сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү гардуулж, амжилт хүслээ.
Н.Батцэрэг 1982 онд ЗХУ-ын Свердловск (хуучнаар) хотын Уралын политехникийн дээд сургуулийг металлург инженер мэргэжлээр, 1993 онд Удирдлагын академийг эдийн засагч, судлаач мэргэжлээр тус тус дүүргэсэн байна. 1982-1989 онд багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажлыг хийж байгаад 1989 оноос Монголд эхэлсэн ардчилсан хөдөлгөөнийг орон нутагт эхлүүлж, 1990-1991 онд Завхан аймгийн МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга, 1990-1992 онд Завхан аймгийн Захиргааны гишүүн ( тэр үеийн үндсэн хуулиар аймгийн 9 удирдлагын нэг), Аймгийн Хянан байцаах албаны даргаар ажиллажээ.
1992-1996 онд Завхан аймгийн МҮАН-ын дарга , 1996-2000 онд УИХ-ын гишүүн. 2000 -2002 онд ХЭАХУНийгэмлэгийн дэд дарга, 2000-2004 онд "Инсол" Чөлөөт эдийн засагчдын Үндэсний төвийн тэргүүн, 2002-2004 онд Налайх дүүргийн АН-ын дарга, 2004-2006 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2006-2007 онд Засгийн газарт Шадар сайдын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажилласан.
2007- 2009 он хүртэл Монгол Улсын Сангийн дэд сайд, 2009-2012 онд МҮАН-ын Дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн даргаар ажиллаж байна.
2014 оноос Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ахлагч, 2015 оноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах комиссын гишүүн ( 9 гишүүнтэй)-ээр ажиллаж байна. УИХ дахь Монгол-Франц, Монгол-Финляндын найрамдлын бүлгийн даргын сонгуульт ажилтай туршлагатай улстөрчдийн нэг юм.