МОХ-ны улстөржилтийг оюутнууд эсэргүүцэж байна
Өнөөдөр төрийн өмчит их дээд сургуулиуд болон хувийн хэвшлийн томоохон сургуулиудын оюутны холбоодууд нэгдэн Монголын Оюутны холбооны алдаатай үйл ажиллагааны талаар мэдээлэлхийлээ. Тус байгууллага нь өнгөрсөн хавар нийт 700 гаруй сая төгрөгийн хохирол оюутнуудад учруулаад байгаа аж. Үүний хажуугаар МОХ-ны Хяналтын Зөвлөлөөс Монголын Оюутны Холбоог санхүү болоод үйл ажиллагааны тайлан тавиагүй, мөн ерөнхийлөгч Д.Батбаяр хууль цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа тул МОХ-ны Ээлжит бус чуулганыг 10-р сарын 18-нд зарлан хуралдуулсан. Энэхүү хурал нь ирц болоод үйл ажиллагааны дэгийн хувьд алдаагүй хүчин төгөлдөр хурал болж өндөрлөсөн. Мөн түүнчлэн дүрмийн хувьд МОХ-ны удирдлагыг оюутны төлөөлөл удирдах нь зүйтэй гэсэн өөрчлөлт орж удирдлагыг оюутнуудын төлөөлөл хүлээн авсан аж. Гэтэл МОХ-ны ерөнхийлөгч асан Д.Батбаяр нь тус хурлыг хүлээн зөвшөөрөлгүй тамгаа өгөхгүй зугтааж оюутнуудаа үл хүндэтгэж байна. Энэ нь МОХ гэгч байгууллага хэрхэн нэг намын тогтолцоо болсон улс төрд гарах "гүүр" болоод байгаагийн тод жишээ байгаа гэнэ. Энэхүү олон жилийн турш улс төржсөн байдлыг эсэргүүцэж төрийн өмчит болон хувийн хэвшлийн томоохон их дээд сургуулиудын оюутны холбоодууд нэгдэн эсэргүүцэж байгаа аж. Монголын Оюутны холбоо бол Төгсөгчдийн холбоо биш. Оюутны байгууллагаа оюутан нь л удирдах ёстой. Оюутан хэмээх нэр барьсан "өвөө" нарын булхайтай улс төржилт, өрсөлдөөний "өлсгөлөн" хэзээ дуусах вэ. Тамгаа аваад зугтаадаг, тэмцсэн эсэргүүцсэнийх өөдөөс хүч хэрэглэж, хөөн гаргадаг хуучны сэтгэлгээг халах цаг нь хэдийнэ болсон талаар мэдээлэл хийлээ.