БҮС НУТГИЙН ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МОД ТАРИЛАА
Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө.Чуулганы зочид төлөөлөгчид өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Уг үйл ажиллагаанд Казакстан, Тажикстан, Узбекистан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын зочид төлөөлөгчид болон Ази номхон далайн бүсийн ойн сүлжээний гүйцэтгэх захирлын орлогч Лю Де, БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нар гар бие оролцлоо. БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл мод тарих үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Энэхүү чуулганаар бид дэлхий ертөнцөд тулгамдаж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал зэрэг олон асуудалын талаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо. Бидний ирээдүйдээ итгэл найдвар бэлэглэх хамгийн том үйлс бол ой модоо арчилж ургуулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, цөлжилттэй тэмцэх юм. Та бүгдийн тарьсан модыг бид бүхэн арчилж ургуулж, эргээд ирэхэд тань их том болгосон байна гэж амлаж байна” гэлээ. Мөн БНХАУ-ын Ойн захиргааны яамны дэд сайд Пенг Юу Донг "Бидний энэ удаагийн Ази номхон далайн чуулга уулзалт мод тарих үйл ажиллагаагаар дуусч байгаад сэтгэл хангалуун байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 10 га газрыг ирэх жил БНХАУ-ын зүгээс тохижуулж өгье. Цаашдаа олон төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Тус чуулга уулзалтыг БОНХАЖЯ, Тогтвортой ойн менежмент ба нөхөн сэргээлтийн Ази номхон далайн сүлжээ, Монголын байгаль орчны консерциум хамтран зохион байгуулсан юм.