Хунгийн хараал
Залуу хүү Эрхэм Энхтуяа гэж нүд алдам хөөрхөн охинтой дэр нэгтгээд удаагүй байв. Нутгийн атаач хүмүүс,
- Цандэлэгийн хүү тийм царай муутай доожоогүй байж Жаргалсайханы гэр нэвт гэрэлтэй, гэгээн цагаан царайтай Энхтуяатай суучих юм даа. Хөшилдсөн хөрслөг бор залуус хөдөөгүүр дүүрэн байхад тархи нь гашилсан хүүхэд юм аа. Жаргалсайханы мянгат малчны сэтэрт нь хоргодсон юм байх даа. Чаавас гэж... Тэдний мянгат малчин тэндээ л байдаг юм байгаа биз гэхчилэн хэл, амаа билүүдэх улс орон байлаа.
Удалгүй Жаргалсайханы бэр Энхтуяа Соёл, урлагийн их сургуулийн бүжгийн ангид элсэн орж, намар нь нөхөр Эрхэмийгээ олны нүдэн дээр үнсээд,
- Хайр нь санана шүү. Өдөр болгон ярьж байгаарай. Хонио сайн таргалуулж, бүх үнээгээ буханд сайн гаргаарай. Хайр нь зун ирээд овойж оцойтол цагаан идээ хураана гэжээ. Бас л атаач, жөтөөч нар амаа билүүдэн,
- Хөөрхий, Эрхэм өвдгөө тэврээд унтах цаг чинь ирж байгаа нь энэ. Энхтуяа сар болоод л Эрхэмийг мартана. Хотын олон баячууд, жентельмэн залуусыг Энхтуяа мэтийн нүдний ялгаа арилаагүй, ядаж Улаан-Үд, Эрээн орж үзээгүй амьтан хөл алдана гэцгээв. Гэвч өвлийн амралтаар Энхтуяа ирчихсэн Жаргалсайханы хамаг ажлыг нугалж буцахад нь,
- Өнгө орж, өөдлөж яваа айл ч өөр юм. Нөгөө бэр нь ирчихсэн. Өвлийн идэшний шийр тагалцагаар стужень (цэлцэгнүүр) хийгээд мах, шөлний хэрэггүй гээд түүнийгээ аваад явсан гэнэ. Үгүй дээ л гэхэд ганц ямааны гулууз авдаг байгаа гэж бас л цагаан хэл үерийн ус шиг хэсэг давалгаалав. Хавар нь Энхтуяа хайр руугаа залгажээ.
Би Хунт нуур бүжгийн нутгийн олны хэсэгт тоглох боллоо. Надад хунгийн хэрэг болоод байна. Миний хайр олж өгч чадах уу гэжээ.
Харзтайн нууранд хоёр хун ирснийг харсан байлаа. Хун алах их нүгэлтэй юм гэдгийг Эрхэм хар бага насандаа өвгөдөөс сонссон байв. Гэвч хайртынхаа төлөө Эрхэм юу ч хийхээс буцахгүй байв. Эцэг, эх хоёроосоо тас нуув. Нэг шөнө хэдэн сумтай калибраа Харзтайн нуурын зэгсэнд нууж амжив. Хоёр өдрийн дараа үүрээр хунгаа отож зэгсэн биеэ далдлав. Хоёр хун сайран дээр өд сөдөө засан гоёмсоглон үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Эрхэм бас ч тийм тэнэг эр биш байв. Охин хунгийг нь үлдээе. Хойтон үр төлтэй болж үржинэ гэж таамаглав. Том хунг нь буудлаа. Уран хүзүү нь ганцхан цогнойлсноо сайран дээр гулдайн унах нь үнэхээр хайран байв. Нэгэнт хийсэн нүгэлтэй үйлийг яалтай билээ. Эм хун нь цурхиран дуугарч, хэсэг эргэлдсэний дараа тэнгэрээс чулуу мэт шунгинан эр хунгийнхаа хажуугийн хатуу сайрыг чулуу мэт мөргөн уналаа. Эрхэм үнэнч хайрыг үнэнхүү үхлийн нүдээр үзээд үнэхээр балмагдлаа. Хунгаас өөр амьтан бол нэг сумаар хоёр туулай гэж хэлэх байв. Сарын дараа Энхтуяа болон гоцлол бүжигчид "Хунт нуур” бүжгэн жүжигчид тэргүүн байр эзлэсэн тухай телевизийн бүх сувгуудаар цацагдаж, Энхтуяагийн баяр баясгалан гийсэн царай дэлгэц дүүрэн мэдээтэй гарав. Сумынхан нь Эрхэмд баяр хүргэж, онгироо хөөрүү зарим нь Эрхэм нь түрүүлчихсэн юм шиг үнсч үлгэн, найз нь архи барьж гүйцгээв.
Эрхэм Хараа голоос ус авахаар ирлээ. Дөчин бидоноор хутгаад татах гэтэл дийлсэнгүй. Харин савтай усандаа татагдан ус руу уналаа. Бидон дүүрэн устай Эрхэмийг Хараа гол ханзарч буй мөсөн доогуураа хаман одлоо. Нус, нулимс, будагтайгаа холилдсон Энхтуяа мэргэн хүнээс,
- Хунгийн хараал гэсэн хоёрхон үгийг сонсчээ.