Тив дэлхийг холбох “Талын зам” төсөл сэтгүүлчдийн анхаарлыг татаж байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилготой Монгол Хятадын ХМХ-ийн дээд хэмжээний форум зургаа дахь удаагаа 2015 оны аравдугаар сарын 15-21-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймагт болов. Тус форумд Хятадын талаас ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын Хэлтсийн орлогч дарга, Төв зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Цүй Юй Ин, Хятадын коммунист намын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан тэргүүтэй албаны хүмүүс, ССТV, Шиньхуа зэрэг хятадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцов. Энэхүү форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй нийт 14 сэтгүүлч оролцсон юм. ОХУ-д болсон Монгол Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр Эдийн засгийн коридор байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурж, Эдийн засгийн харилцааг илүү сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохирсон. Тус саналыг хоёр орны сэтгүүлчид дэмжиж байгаа бөгөөд зургадугаар форумыг "Бүх салбарт хамтран ажиллаж, хамтын хөгжлийг эрчимжүүлье” уриатайгаар зохион байгуулсан билээ.
Форумын үеэр хоёр орны сэтгүүлчид "Талын зам” төслийг онцгойлон хэлэлцэж, эдийн засгийн хүндрэлтэй, хаагдмал нөхцөл байдал үүссэн энэ үед харилцан ашигтай хамтран ажиллах ёстой гэдгийг онцолж байсан юм. Уншигчиддаа мэдээлэл өгөх үүднээс "Талын зам” төслийн тухай жаахан дэлгэрэнгүй бичих шаардлагатай болов. "Талын зам” гэдэг нэр томьёог Монголчууд гаргаж ирээд байгаа. Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг холбосон автозам, төмөрзам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүч, өндөр хурдны интернетийн шугамыг нийтэд нь "Талын зам” хэмээн нэрийдэж буй. ОХУ-ын байгалийн хийн ордуудаас Оросын нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэхийн тулд 4000 км хийн хоолой барьж байгуулах шаардлагатай. Харин Монголынн нутгаар дамжуулан тээвэрлэхэд ердөө 1500 км хийн хоолой байгуулж, тэр чинээгээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэсэн тооцоо байна. Нийтдээ 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий энэ томоохон гэрээнд Монгол Улс дамжуулагчаар оролцвол ашиг орлогын олон үүд хаалга нээгдэнэ. Цаашилбал, нүүрсний хамгийн их нөөцтэй манай улс хар алтнаасаа газ, эрчим хүч үйлдвэрлэн энэ шугамыг ашиглан экспортлох ч боломжтой юм. Харин хоёр дахь том төсөл авто зам. Нийтдээ 12 сая ам долларын өртөгтэй Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны автозам төслийг Монголчууд хэрэгжүүлэхээр бэлтгэлдээ бүрэн ороод байгаа.
|