Буяны мөнгө хулгайлж болно гэж үү
Нийслэл хотдоо үйл ажиллагаа явуулдаг гандан, хийдүүд шашны байгууллага дундаас хамгийн томд нь тооцогдох төв Гандантэгчинлэн хийдийг өдөрт хэдэн 10 мянган хүн зорин очиж засал, номоо уншуулаад явдаг билээ.
Буяны газар гэдэг утгаараа ч юм уу ямар нэгэн муу зүйлийг тэндээс сонсох нь ховор. Гэтэл нэг хэсэг Гандантэгчинлэн хийдийн өргөтгөлийн барилгын талаар түүнд санхүүжилт олгох төсвийн мөнгөний талаар шуугиан тарьж бузар, буянаараа дуудагдаж явсаар нэг юм чимээгүй болсон. Мөн гандантэгчинлэн хийд дотроос жижиг бурхан, өргөлийн мөнгө хулгайд алдсан хэмээн сонсогдоод өнгөрсөн.
Сүсэг бишрэлтгүй хүн ч гэлээ овоо, тахилагтай уулын идээ, будаа, бурхан тахилынхаа өргөл барьцыг шалтгаангүйгээр авч болохгүй гэдгийг мэдмээр юм даа. Хэрвээ сүм хийдийн өргөлийн хайрцаг, уул овооны тахилгын мөнгө хулгайлбал үйлийн үр эдэлж, өвчин зовлонд баригдаж, үхэл хагацалтай ч хүртэл золгож болох тухай бурхны сургаалд энгийн тодорхой өгүүлсэн байдаг аж. Тэгвэл Гандантэгчинлэн хийдийн өргөлийн хайрцагнаас мөнгө хулгайлах гэсэн хэрэг өчигдөр гарсан талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, иргэний өгсөн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн мэдээллийг шалгахад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 21 настай Б бусадтай бүлэглэн хаах цагаар нь дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61 мянган төгрөг хулгайлсан нь тогтоогджээ.
А.Ханд