Хөвсгөл далайд завь нь хөмөрсөн иргэдийг аварчээ
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд осолдсон дөрвөн хүний амь насыг авран хамгаалжээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны "Жанхайн Эх нутаг” амралтын газраас Хатгалын төв орохоор Хөвсгөл нуурын усаар завьтай зорчиж явсан иргэн Ө, П, Б болон Г нарын зав хөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 27-нд аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгонд үүрэг гүйцэтгэж байсан усчин-аврагч, ахлах ахлагч Ч.Сүрэнхүү, усчин-аврагч ахлах ахлагч Б.Ганбаатар нар нуурын усанд осолдсон 4 иргэнийг аварчээ.
Харин энэ сарын 25-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн "Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд осолдсон 42 настай иргэн М-ийн цогцсыг 27-ны өдөр олж, гаргажээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Элсэн карьерийн 3-4 метрийн гүнтэй тогтоол усанд живсэн иргэн М-ийн цогцсыг олж, ар гэрт хүргэжээ.