Б.Ариунцэцэг: Яг түүн шиг шоунд оролцсондоо нэг бодлын харамсаж байна
"Яг түүн шиг” 2 шоуны найм дахь дугаарын ялагчаар Б.Ариунцэцэг тодорсон билээ. Тэрбээр Хар Сарнайн С.Амармандахыг дуурайж "Бүтээнэ Сөнөөнө” дууг нь дуулсан юм. Мэдээжийн хэрэг эмэгтэй хүн эрэгтэй хүнийг дуурайж бүжиглэж, дуулна гэдэг чамгүй хөдөлмөр шаардана. Зарим нэг үзэгчид Б.Ариунцэцгийг ялагч болсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Улмаар Ариукатай ширүүхэн маргасан хүн ч байна.
Тэгвэл Ариука шоуны тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Нэг зүйлийг хэлмээр санагдаад болохгүй юм. Яг түүн шиг хэмээх гайхалтай шоунд оролцож байгаадаа нэг бодлын харамсаж, нөгөө талаараа хичээж зүтгэж байна. Учир нь үзэгчдийг уйдаахгүйн тулд Боловсрол телевизийн хамт олон болон найман оролцогч бид чадлаараа хичээж байгаа билээ. Энэ сайхан шоуг зохиож байгаад баярлах ёстой байтал, оролцогч нарыг хооронд нь муухай сэтгэгдлээр өрсөлдүүлж, бие биенийх нь сэтгэлд сэв суулгахаар муухай хандлага ажиглагдаж байна. Би уул нь ингэж гомдоллоод байдаг хүн биш. Ээж болсонтой холбоотой байх” гэх мэтээр өөрийн бодлоо хэлжээ.
Шоу гарсны дараагаар сошиал ертөнцөөр эерэг болоод сөрөг сэтгэгдлүүд урсдаг. Тиймээс үзэгчид соёлтой байж, аливаа зүйлд ёс зүйтэй хандах нь чухал юм. Энэ нь өсвөр үеийнхэнд ч сайн үлгэр дууриалал болно.
Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn