Сонголт бол тавилан юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд тулж, хариуцлагатай сонголтын өмнө монголчууд ирлээ. Хэрэв та өнөөдөр хэн болсондоо, яаж амьдарч байгаадаа сэтгэл хангалуун бус яваа бол амьдралаа эрс өөрчлөх цаг болсныг харуулж байгаа хэрэг. Сонголт бол тавилан юм. Тиймээс улс орны төлөөх сонголт хамгийн чухал билээ. Боловсрол, мэдлэг, чадвар энэ бүхэн цогцолж байж хувь хүнийг бүтээдэг. Тэгвэл бүхэл бүтэн улсыг удирдан чиглүүлж буй эрхмүүдийг юугаар нь эрэмбэлэн үздэг вэ. Мэдээж боловсролынх нь хэмжүүрээр юм. Харин энэ удаад дэлхийн улс орнуудыг ямар боловсролтой эрхмүүд удирдан чиглүүлж, хөгжлийг нь хөтөлдөг болохыг хүргэе.
Юуны өмнө хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-ын удирдагч болон дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-ын Ерөнхийлөгчийн намтар түүхийг сөхье.
-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тагнуулч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Санкт-Петербургийн их сургуулийн Хууль зүйн факультетийг хуульч мэргэжлээр төгсчээ. Мөн Үндэсний ашигт малтмалын их сургуулийг төгсч, эдийн засгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр англи, герман хэлийг эх хэл шигээ эзэмшсэн нэгэн аж.
-БНХАУ-ын дарга Си Зиньпин Бээжингийн Циншуа их сургуулийн химийн инженерийн ангийг төгссөн. Улс төрийн карьераа эхлүүлсний дараа Циншуа их сургуулийн дэргэдэх Нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн их сургуульд суралцан марксист философи судлалаар хууль зүйн докторын зэрэг хамгаалсан байна.
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Иоркийн цэргийн академийг амжилттай дүүргэснийхээ дараа үргэлжлүүлэн сурч "Фордхам” их сургуулийг бизнесийн чиглэлээр сурч төгсчээ. Цаашлаад олон улсад нэр хүндтэй Пенсильваны их сургуульд Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр суралцан эдийн засагчаар төгсчээ. Энэ бүхэн тухайн улсын Ерөнхийлөгчийн боловсрол мэдлэг, эзэмшсэн мэргэжил юу юунаас чухал гэдгийг илтгэж байна.
Тэгвэл эсрэгээрээ дээд байтугай дунд боловсрол эзэмшээгүй ерөнхийлөгчдийн талаарх мэдээллийг товч хүргэе.
Жакоб Зума
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума Африкийн боловсрол эзэмшээгүй ерөнхийлөгчдийн тэргүүн эгнээнд жагсдаг. Тэрбээр бага наснаасаа улс төрд идэвхийлэн оролцож, шантралгүй зүтгэснээр энэ өндөрлөгт хүрсэн гэдэг. Гэвч боловсролгүй нь түүний сул тал. Үүнийг гаргаж буй шийдвэр, хийж байгаа алхмаас нь харж болох тухай шүүмжлэл дэлхий нийтийн анхаарлыг татсан гол сэдэв нь байсан юм.
Саль Кийр Маяадит
Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Кийр Маяадит улс оронд нь өрнөсөн дайн самууны улмаас сургуульд сурч чадаагүй байна. Тэрбээр боловсрол мэдлэггүй ч бослого хөдөлгөөнд идэвхтэй оролцдог нэгэн байснаар эцэстээ тус улсын Ерөнхийлөгч болсон байна.
Пол Кагаме
Руандагийн Ерөнхийлөгчөөр 2000 оноос ажиллаж байгаа Пол Кагаме дүрвэгсдийн лагерьт ахан шатны боловсрол эзэмшжээ. Хожим нь дээд сургуульд элсэн орсон боловч ялгаварлан гадуурхалтын улмаас сургуулиа орхижээ.
Абделазиз Ботифлека
Алжирийн Ерөнхийлөгч Абделазиз Ботифлека нь гурван ч ахлах сургууль төгссөн боловч дээд боловсрол эзэмшиж чадаагүй юм. Гэхдээ түүнийг хичээлдээ идэвхтэй, сайн сурдаг байсныг ахлах сургуулийнх нь удирдлага, багш нар нотолдог байна.
Исмаил Омар
Исмаил Омар Жибути улсын Ерөнхийлөгч. Тэрбээр үндэснийхээ Ислам сургуульд суралцан ахлах сургуулиа дүүргэсний дараа Засгийн газрын нууц цагдаагаар ажиллаж, Ерөнхийлөгч болох эхлэлээ тавьсан байна. Засгийн газрын нууц цагдаагаар ажиллаж байсан учраас түүний талаарх мэдээлэл хомс байдаг аж.
Изаяас Афверки
Изаяас Афверки нь Эквадор улсын анхны ерөнхийлөгч юм. Тэрбээр хунтайж маконнаны ахлах сургуулийг 1965 онд төгсч ЛокСалессигийн их сургуулийн инженерийн коллежид элссэн боловч нэг жилийн дараа сургуулиа хаяж, Эквадорын эрх чөлөөний тэмцэлд нэгдэн оржээ.
Мохамед Орулд Абдел Азик
Мауритани улсын Ерөнхийлөгч Мохамед Оулд Абдел Азик. Ахлах сургуулиа төгссөн гэх диплом ч түүнд байхгүй. Хожим нь Мауританы эзэн хааны цэргийн академийг сайн дүнтэй төгссөн гэдэг ч эргэлзэх хүн олон байдаг.
Ерөнхийлөгч нь дээд боловсрол эзэмшиж чадаагүй эдгээр улс орон хөгжлийн түвшин дорой, дайн самууны хөлд нэрвэгдсэн гэдгээр дэлхий андахгүй. Манай улсад ч гэсэн Африкийн энэ орнуудын удирдагчтай төстэй хоёр ч хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга наймдугаар ангийн боловсролтой гэдгээ мэдэгдсэн бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар их, дээд сургуулийн босгыг гурван удаа давсан ч дээд боловсролын диплом ганцыг ч эзэмшиж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн. Магадгүй дэлхийн ядуу буурай орнуудын боловсролгүй ерөнхийлөгчдийн нэрсийн араас Төв Азийн хамгийн хөгжил буурай Монголын Ерөнхийлөгч хэмээн жагсвал монголчууд түүхэндээ хэзээ ч арилашгүй хар толботой үлдэх нь гарцаагүй ээ.
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин
Сэтгэгдэл байхгүй байна.