Н.Батцэрэг сайд байхдаа Соёмбот уулыг "худалджээ"
"Зайсанг нүхэлж дуусаад одоо Соёмбот уул руу орлоо” гэх мэдээ цахим хуудсаар цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ дагуу Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас ажиллаж, Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг зогсоосон тухай мэдээллээ. Мөн ухаж сэндийчсэн газрыг нөхөн сэргээлгэх арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв.
Н.Батцэрэг сайдаар ажиллаж байхдаа буюу 2016 онд Соёмбот ууланд газар ашиглах эрхийг таван иргэнд олгосон байж. Улмаар иргэдийн нэр дээр байсан газар ашиглах эрх компани руу шилжжээ. Үүнийг цуцалсан талаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар мэдээллээ.
Зайсангийн уугуул иргэд газар авч чадахгүй байгаа тухай гомдол гаргаж, 2015 оны тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор тэдгээр иргэдэд бичил аялал жуулчлалын зориулалтаар газар олгох зөвшөөрөл гарсан байна. Энэ дагуу Соёмбот уулыг таван иргэнд ашиглуулах зөвшөөрөл олгочихсон байж. Тэгвэл зөвшөрлийг нь өчигдөр цуцалж, уулын хэвийн байдалд оруулах үүрэг өгсөн байна.
Хэрвээ энэ асуудлыг олон нийтэд мэдээлж, анхааруулаагүй бол тэдгээр таван компани газраа ухаад барилгаа барихад бэлэн байж. Мэдээж газар ашиглах зөвшөөрөлтэй. Тэр зөвшөөрлийг нь сайд Н.Батцэрэг олгосон. Тэгэхээр ямар ч хяналт шалгалт тэдэнд үйлчлэхгүй гэсэн үг. Гэхдээ л олон нийтэд Соёмботой уулаа нүхлэх таалагдсангүй. Харин тэр олон нийтэд таалагдах хүсэл сайдад байж таарлаа. Ингээд л өмнөх сайдаа буруутгаад өөрийгөө өргөмжлөөд авах нь тэр.
Ямар "хүний үнэргүй” хүн Соёмбот уулыг нүхлэж барилга барих зөвшөөрөл олгодог байна аа. Ил харагдаж байгаа нь энэ болохоос нүднээс далд ямар зөвшөөрөл олгосныг бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс Н.Батцэрэгээс тайлбар хүсч байна. "Та Соёмбот уулыг нүхлэх зөвшөөрөл өгөөд хэдэн төгрөг авсан бэ. Мөн хэчнээн дархан цаазтай газар ашиглах зөвшөөрөл олгосон бэ” гэх мэт асуултад хариулт нэхэж байна.
/undesten.mn/