“Эрдэнэс Тавантолгой”-н тээвэрлэгчид төрийг үл тоож байна
Дэлхийн хамгийн урт түгжрэл Монголын талд үүсдэг хэмээн гадны хэвлэлд "алдаршсан” цаг саяхан. Харин энэ байдал дахин давтагдаж, нүүрс тээвэрлэгчид түгжирч эхэлжээ. Гэхдээ өөрсдийн буруугаас болж, зохиомол түгжрэл үүсгэж, Гашуунсухайт хүрэх машины очер 30-40 км үргэлжилж байна.
Зам тээврийн яамнаас хэдхэн сарын өмнө Гашуунсухайт хүрэх замд түгжрэл үүсэхээ больсон гэх мэдээг дуулгаж байв. Харин өнөөдөр энэ чихэнд чимэгтэй мэдээ цаасан дээр үлджээ. Учир нь нүүрс тээвэрлэгч компаниуд том толгойлж, тээвэрлэгчид нь шороон замаар давхилдаж эхэлжээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт ажиллахдаа шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон. Үүний дараа говийн бүсэд нүүрс тээврийг зөвхөн хатуу хучилттай авто замаар гүйцэтгэж байх тухай Зам, тээврийн сайдын тушаал 2015 оны 3-р сард гарсан байдаг. Сайд дарга нарын үүрэг чиглэл хэрэгжиж, нэг хэсэгтээ Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх нүүрс тээвэр зөвхөн хатуу хучилттай авто замаар хийгдэж байв. Харин одоо нүүрс тээвэрлэлт эргээд зах замбараагүй байдалдаа хүрчээ.
Нүүрс тээвэрлэгч зарим компаниуд үндсэн замын хажуугаар хэдэн арван салаа шороон зам үүсгэж, дур зоргоороо аашлах болжээ. Энэ нь говийн байгаль орчныг доройтуулаад зогсохгүй иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Тээвэрлэгчид ойролцоогоор 10 гаруй км газарт дур мэдэн шороон зам үүсгэсэн байна. Дур мэдэн үүсгэсэн олон салаа шороон замаасаа Цагаан хад, Гашуунсухайтын боомтын орчмын үндсэн зам руу нийлэхдээ эмх замбараагүйгээр дайрч, түгжрэл үүсгээд зогсохгүй осол аваар ч гаргаж байна. 30-40 км үргэлжилсэн очероос үүдэж, жолооч нар кабиндаа 3-4 хонох нь хэвийн үзэгдэл болжээ. Үүнтэй холбоотойгоор орчны бохирдол, архидалт, хар тамхи, биеэ үнэлэлт зэрэг сөрөг үзэгдлүүд газар авсан, мөн говийн эмзэг хөрс талхлагдаж, түйрэн гээч зүйл нүүрлээд байгаа талаар нутгийн иргэд гомдоллож байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хууль бусаар олон салаа шороон зам үүсгэн тээвэрлэж байгаа машинууд нь төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсийг зөөдөг Винсвэй, Чалко болон орон нутгийн "жижиг” Тавантолгой компаниудынх аж. Байдал энэ хэрээр даамжирвал асуудал хяналтаас гарах шинжтэй байгааг ч нутгийнхан хэлж байна.
Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 6 500 орчим хүнд даацын машин нүүрс тээвэрт явж буй. Энд албан ёсны зөвшөөрөлгүй тээвэрлэгчид ч багагүй хувийг эзэлдэг байна. Харин тээврийн бүтээмж, боомтын хүчин чадал, зохион байгуулалт, эмх цэгцийг сайжруулбал цөөн машинаар үр дүнтэй, цэгцтэй экспорт хийх бүрэн боломжтой.
Хэдэн сарын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Гашуунсухайтын зам, боомтын нөхцөл байдалтай танилцаад, энэ урт очер, газар дээрх тамаас ялгаагүй болсон нөхцөл байдлыг даруй засч шийдвэрлэх үүргийг өгсөн байдаг. Үүний дагуу автомашинуудыг хоногийн нэгдсэн графикт оруулах зэрэг тодорхой алхмууд хийгдсэн ч өнөөдөр байдал эргээд маш ноцтой түвшинд иржээ.
Ер нь Тавантолгойн бүсээс түүхий нүүрс зөөдөг замбараагаа алдсан ченж компаниуд, Цагаан хадны ачиж буулгах цэг, Гашуунсухайтын боомтын хүчин чадал, зохион байгуулалтын асуудлыг төрөөс яаралтай цэгцлэхгүй бол амьд хүн, мал байтугай чөтгөр ч тогтохын аргагүй аймшигтай дүр зураг Гашуунсухайт орчимд бий болжээ. Төмөр замын дэд бүтэц байхгүй, Гашуунсухайтын боомтын хүчин чадал муу, 24 цагаар ажилладаггүй, шалган нэвтрүүлэх цэгүүд дээр асар их түгжрэл үүсдэг зэрэг асуудлаас үүдсэн бэрхшээлүүд байгаль орчин хон хөнөөл учруулж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна.
Цаашлаад экспортын төмөр замаа барьж, боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэхгүй бол төрийн хууль уланд гишгэгдсээр удаж байна. Монгол Улсын экспортын орлогын том хувийг нүүрсний экспорт бүрдүүлдэг. Гэтэл экспортын гол гарц Гашуунсухайтын замын нөхцөл байдал ийм байгаа үед экспорт яаж хэвийн явагдаж, яаж орлого ашиг ирэх вэ гэдэг асуудал тавигдаж байна.
Б.Болд
Эх сурвалж: Shuud.mn
http://www.shuud.mn/content/read/483745.htm
Сэтгэгдэл байхгүй байна.