Эрээн-УБ-ын чиглэлд 200 км/цагийн хурдтай галт тэрэг явна
Монгол Улс анх удаа Эрээний боомтоос цааш автомашинаар туршилтын тээвэр хийхээр болсон талаар Зам тээврийн яамнаас мэдэгдлээ. БНХАУ-тай хамтран хийх туршилтын тээвэрт Монголын талаас тав, Хятадын талаас таван автомашинаар Улаанбаатар-Тянжин чиглэлд тээвэрлэлт хийхээр төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор урд хөршөөс холбогдох албаныхан Монголд хүрэлцэн ирээд байгаа юм байна. Ийнхүү хоёр орны дамжин өнгөрөх тээврийн асуудларх хамтын ажиллагаанд ахиц гарч эхэлнэ гэж салбар яамнаас нь тодотголоо.
Үүнээс гадна БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, худалдаа, хамтын ажиллагааны асуудлаар Эрээн хотод гурван тал чуулах юм байна. Үүгээр авто замын боомтын шуурхай нэвтрүүлэхийг эрчимжүүлэх, боомтын бараа эргэлт, хяналт шалгалтыг хөнгөвчлөх зэрэг худалдаа, тээвэртэй холбоотой асуудлыг хөндөхөөр болжээ.
Төмөр замын салбарт харин тарифын өөрчлөлт мөрдөгдөж эхлээд буй энэ үед Эрээн-Улаанбаатар чиглэлд хурдны галт тэрэг явуулахаар төлөвлөснөө Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар мэдэгдлээ.
Энэ сар гарснаар чулуун нүүрс болон экспортын нүүрс, автомашин, унадаг дугуй, мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл, ХАА-н механизм, тэдгээрийн эд анги, Жонш, жоншны концетрат зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх тариф тус бүр 10 хувь нэмэгдэх талаар шийдвэрийг Ерөнхий хорооны хурлаар гаргаад байгаа юм. Ингэснээр Орон нутгийн нүүрсний тээврийн тариф хүчингүй болж байна.
Цаашид УБТЗ нийгэмлэг нь тээврийн чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулах болж, Монгол Улсыг дамжин өнгөрөх хурдны галт тэрэгний боломжит маршрутыг судалж байгаа юм байна. Энэ хүрээнд Эрээн-Улаанбаатар хотын хооронд 200 км/цаг-ийн хурдтай хурдны галт тэрэг явуулахаар төлөвлөжээ. Харин агаарын тээвэрлэгч "МИАТ” компани зах зээлийн эрэлт дээр тулгуурлан есдүгээр сард Берлин, Франкфурт хот руу нэмэлт нислэг үйлдэхээр болсон байна. Энэ удаад холын нислэгийг Москва хотоор дамжихгүйгээр, шууд эцсийн чиглэлд үйлдэнэ гэдгээр онцлог гэдгийг салбарын яамнаас тайлбарлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна.