Хэлснээ хэрэгжүүлээрэй ерөнхий сайд аа, тэгэхгүй бол бас л мартана
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын хэдэн сайд, албаны зарим хүнтэй ням гарагт Гашуунсухайт боомт болон "Оюутолгой", "Эрдэнэс-Тавантолгой", "Энержи ресурс" зэрэг компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Гашуунсухайт боомтод хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харьяатын чиглэлийн 130 гаруй хүн долоо хоногийн зургаад нь өдөрт 12 цагаар төрийн үйлчилгээг үзүүлдэг. Гэвч тэдэнд үйлчлэх нэг ч эмч, хэв журам сахиулах нэг ч цагдаа байдаггүйн дээр ундны усаа 22 км-ийн цаанаас зөөж, цахилгаанаа хилийн цаанаас авч, халаалтгүй сэндвичин байшинд амьдардаг гээд орчин нөхцөл үнэхээр байхгүй. Тэгсэн атлаа ачаалал нь 100 тоннын даац бүхий 1000 орчим машиныг хилээр нэвтрүүлдэг бөгөөд үүнд нь өдрийн 12 цаг заримдаа хүрэлцдэггүй байна. Нэг машин ойролцоогоор гурван өдөр дугаарлаж байж хил гарах ба нүүрс, баяжмал ачсан машины цуваа заримдаа 30 км-тэй тэнцэх урт дараалал үүсгэдэг. Тийм учраас бүтээгдэхүүнээ энэ боомтоор гаргадаг "Оюутолгой", "Эрдэнэс-Тавантолгой", "Энержи ресурс" зэрэг компаниуд Гашуунсухайтын боомтыг долоо хоногийн долоон өдөрт 24 цагаар ажилладаг болгох талаар санал тавьдаг тухай мэдээллийг сонсчээ.
Харин үүнийхээ дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Энэ боомтоор нүүрс болон баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна. Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчны болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна. Тэгж байж, дараа нь боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх талаар ярих хэрэгтэй” гэжээ. Түүгээр ч зогсохгүй дагалдан явсан сайд болон газрын дарга нартаа тодорхой үүрэг өгсөн гэнэ.
Яахаараа хилийн боомтод хүн ажиллаж, амьдарч, тэнд амьдрал буцалж, ажил өрнөж байгааг мартдаг байна аа гэх бодол хэнбугайд ч төрөх нь гарцаагүй. Тэр бол аль нэг аймгийн, сумын баг биш, хотын захын хорооллын харанхуй гудамж биш шүү дээ. Тэр бол Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Улаат дунд хошуунд орших Ганц мод боомттой хиллэдэг Гашуунсухайт боомт. Монгол Улсын гаалийн хороо.
Тийм байтал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна” гэж байгаа нь тун ч харамсалтай гэхээс аргагүй. Үе үеийн Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нар, УИХ-ын гишүүд өмнийн говийг зорьж, Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтоор зочилж, ажил байдалтай нь танилцлаа гэх мэдээлэл олон байсан. Харамсалтай нь тэд үдлээд өнгөрөхдөө өөрсдийгөө түүгээр очсон л гэж мэдэгддэг болохоос өөр арга хэмжээ авдаггүй байсан нь илэрхий болж байна. Энэ удаа ч гэсэн эрхэм Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөн нь биеллээ олж, тэнд ажиллаж амьдарч байгаа иргэддээ анхаарал хандуулаасай.
Өмнөговьчуудыг уг нь гүйцэтгэх засаглалынхан болон төрийн жолоо атгалцаж буй эрхмүүд жил бүр л эргэж очдог. Тухайлбал, 2014 онд Н.Алтанхуяг, 2015 онд Ч.Сайханбилэг гээд тухай бүртээ Ерөнхий сайд байсан нөхөд бүтэн багаараа шахам очдог л байсан.
Гял, цал болсон малчны хот, ашиг орлого ихтэй аж ахуйн нэгж, бүтээн байгуулалт өрнүүлсэн компаниуд гээд л тэд өмнөговьчуудтай олон удаа уулзсан. Гэвч энэ удаагийнх шиг иргэдээ мартсан тухай хэн ч ам нээгээгүй, бас үүрэгдээгүй.
Эх орны хилийн хороонд хэдэн нөхөр эзэнгүй орхигдсон мэт хэлж байгаа нь "Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэх уриа үгтэй гаалийн албаныханд бол их л хатуухан сануулга болов уу гэлтэй. Нөгөө талаар Монгол Улсын хилийн боомтод ажиллаж буй өөр өөрийн статус бүхий байгууллагын 130 гаруй хүнээ мартсан нь төрийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг давхар харуулав бололтой. Юутай ч төрийн гурван өндөрлөг орон нутагт ажиллах үеэр "ширээний бүтээлгээ сольсон” байгууллага, өрхөд зочилдог байдлыг энэ удаагийн "томилолт” өөрчилж, бодит байдалтай нүүр тулгасан болов уу.
Эх сурвалж: