Хүүхдийг зодож шийтгэсээр байх уу ...

0

 9 настай Тэргэл хүү, 11 настай Туул охин аавдаа байнга зодуулдаг. Ээж нь хүүхдүүдээ ааваас нь өмөөрвөл ээжтэйгээ хамт зодуулна. Аавын хоёр хүүхдээ зоддог шалтгаан нь хүүхдээ хүмүүжүүлэх, ажилд сургах, амьдрал ойлгуулах. Хүүхдүүд байнга тоншуулсаар байгаад толгойдоо зөндөө олон сорвитой болсон. Ийм байдалтай сургуульдаа явахаас ичиж нэг, хоёр хоногоор хичээлээ тасалсаар сургуулиас завсардаад  нэг жилийн нүүрийг үзэж байгаа ажээ. Хүүхдүүд өдөр ирэх тусам өсөн том болж ухаан орохын хэрээр зодуураас ангижрахыг хүсч аавыгаа цагдаад өгөв. Тэднийг гэрээс нь авч явахад тэдний санаа амарч дахин гэртээ харихыг хүссэнгүй. Гэтэл аав, ээж хоёр нь уйлж дуулан хүүхдүүдээ буцааж авахыг хүсэх юм.

Биеийн хүч ашиглан хүнд, хөнгөн хэлбэрийн өвдөлт эсвэл таагүй байдал мэдрүүлэхийг чармайсан аливаа хэлбэрийн шийтгэлийг бие махбодын шийтгэл гэнэ.

Энэ бол Монгол улсын аль ч сум хорооноос олж  болох нийтлэг түүх. 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утсанд аав ээждээ зодуулж тусламж гуйсан дуудлага 511 иржээ.

Тэргэл, Туул хоёрын түүхийг уншаад та би ч бас арай ингэж зоддоггүй гэж бодож байгаа нь лавтай. Гэтэл эцэг эх бид хүүхдийг зодож шийтгэснээр хүүхдэд ямар муу нөлөө үзүүлдгийг мэддэг билүү. Хүрэх төдий цохих, түлхэх, үглэх, үг хэлээр доромжлох нь хүртэл хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэхүй, зан байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү.

 

ХҮҮХДИЙГ ЯАГААД ЗОДОЖ БОЛОХГҮЙ ВЭ?

  1. Монгол улс 1990 онд НҮБ-ийн Хүүхдийн Эрхийн Конвенцид нэгдэн орсноор хүүхэд бүрийг бүх төрлийн хүчирхийллээс хамгаалах үүргийг төр, эцэг эх хүлээсэн.
  2. 2016 онд шинэчлэгдэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6 хэсэгт "Эцэг эх, багш, асран хамгаалагч нар хүүхдийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан байна
  3. Хүүхдийн зан аашийг улам түрэмгий догшин болгож өөрт тулгарсан асуудлаа хүчээр шийддэг болно
  4. Тухайн үед хүүхдийн гаргасан зан ааш яагаад буруу байсныг ойлгуулаагүйгээс, цаашид идэвхгүй, зөрчилтэй, бүрэг, зожиг зан авирыг хүүхэд гаргадаг болно.
  5. Хүүхдэд айдас, уур хилэн, санаа зовнингуй байдлыг бий болгож аав ээж болон томчуудаас зугтаж, зай барихад хүргэдэг.
  6. Ирээдүйд үүсгэх дотно харилцаа, ялангуяа гэр бүлийн харилцаа нь хүчирхийлэл дээр тогтох магадлал маш өндөр хувьтай байдаг.
  7. Томчууд хүүхдийг шийтгэснээр хүссэнээ хийлгэж чадахгүй.
  8. Шийтгэл хүүхдийг эцэг эх, багш болон бусад эрх мэдэлтэй хүмүүсээс айхад хүргэдэг. Энэ айдсаасаа болоод хүүхдийн сурлага муудах төдийгүй, гэрээсээ дайжих, улмаар сургуулиа хаяж ч болзошгүй.

Энэ бүгдийг дүгнэн хэлэхэд хүүхдийг үг хэлээр доромжлох, зодох хууль бус төдийгүй хүүхдийн ирээдүйн амьдралыг сүйтгэж байдаг учир хүүхдээ аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй сайн хүн болгож өсгөхийг хүсдэг хүний хийх сонголт биш юм.  

ХҮҮХДЭЭ ЗАГНАЖ, ЗОДОХГҮЙГЭЭР ХЭРХЭН ЭЕРЭГЭЭР ХҮМҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

  1. Хүүхдээсээ яагаад ийм үйлдэл хийх болсныг асууж ойлгох. Хүүхэд ядарсан, өлссөн, уйдсан гэх мэт шалтгаан байж болно.
  2. Хүүхэд чинь эсвэл та ууртай байвал завсарлага аван тайвширсан хойно асуудлаа ярилцан шийд
  3. Хүүхдийн гаргасан алдааг тайвнаар тайлбарлан ойлгуул. Ингэхдээ дахин ижил алдаа гаргахгүйн тулд яах ёстойг хамтдаа ярилцах
  4. Гэрийн дүрмийг хамтдаа гаргах, ингэхдээ хамт тоглох, хоол хийх, оройн хоолоо хамтдаа идэх, ярилцах зэрэг гэр бүлээрээ өнгөрөөх цагийг төлөвлөх.

Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх нь хүүхдийг ирээдүйд өөртөө итгэлтэй, сайн хүн болгож төлөвшүүлэх төдийгүй танд ч бас хүүхэдтэйгээ ойр дотно байх боломжийг олгодог. Хүүхэд аав, ээж орчин тойрныхоо хүмүүсийг харж даган суралцдаг тул та хүүхэддээ зөв үлгэр дууриал үзүүлээрэй.

Та хүүхдийн эрх хамгаалал, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар www.huuhedburt.mnболон ”Хүүхэд бүрт” гар утасны аппликэйшнаас аваарай.

Хүүхэд нэг эрдэнэ
Хүмүүжил мянган эрдэнэ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.