Энэ наадмын ГОЛ бөхчүүд №4: Даян Аварга цолонд хүрэх хамгийн боломжтой бөх Ч.Санжаадамба
Олон жилийн түрүүлэх мөрөөдлөө өнгөрсөн жил 1024 бөх барилдахад биелүүлж давхар цохилт хийсэн. Одоогоор Үндэсний бөхийн отгон аварга. Аварга цолондоо Даян цол нэмэх хамгийн их боломжтой. Энэ жил 32 настай. Өнгөрсөн жил 1024 бөх барилдахад түрүүлэн Аварга цол авсан учраас Эрэмбэ өндөр байгаа. Улсын аварга Г.Эрхэмбаярын ард, С.Мөнхбат аваргын урд эрэмбэтэй байгаа нь түүнд том боломж олгож байна.
Аймгийн цолтойдоо олон барилдаанд түрүүлж шуугиулж байсан. Улсын наадамд 3 удаа (2007, 2008, 2010) 3 давсан бөгөөд 2011 оны улсын баяр наадамд 7 давж Улсын заан цол хүртсэн бөх. 2012 онд шөвгөрч чадаагүй бол 2013 онд тав даван чимэг нэмсэн түүхтэй.
2014 оны наадамд наймын даваанд Б.Гончигдамбыг даван заан цолоо баталсан. Наймын даваанд түрүүлэх ерөөлтэй Увс аймгийн Ховд сумын Намсрайжавын Батсуурь улсын харцагад өвдөг шороодсон. 2015 онд наймын даваанд Улсын арслан П.Бүрэнтөгсөд амлуулан унасан байдаг. Тухайн үедээ Бүрэнтөгсөд амлуулсан явдал нь бөх сонирхогчдыг гайхшруулж байсан билээ.
2016 онд заал танхимын барилдаанд төдийлөн сайн барилдаагүй юм. Түүнийг Улсын наадамд сайн барилдахын тулд өрсөлдөгчдөө судлуулахгүй хэмээн бэлдсэн ч гэдэг. Улсын наадамд 6 даваанд Ө.Бат-Оршихыг, 7-д Т.Баасанхүүг, 8-д Э.Оюунболдыг, 9-д Г.Эрхэмбаярыг, 10-ын даваанд Р.Пүрэвдагвыг дараалан хаяж түрүүлэн Арслан цолыг алгасан Аварга цолонд хүрсэн. Энэ жил түүнд Даян аварга цолтой болох том боломж гарч ирээд байна. Олон жилийн тунаанаас түүнийг аварга цол нь гаргаж өгсөн. Г.Эрхэмбаяр аваргыг өвдөг шороодох юм бол зүүний магнайд гарна. Ямар бөхийг амлаж, яаж барилдах эсэх нь зөвхөн түүнээс шалтгаалах болоод байна.
Сэтгэгдэл байхгүй байна.