Хар тамхины хэрэгт таван төрийн албан хаагч холбогджээ

3

Цагдаагийн албан хаагчидтай холбоотой мэдээлэл сүүлийн үед их гарч байна. Тухайлбал, цагдаагийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдож, мөн Марш тактикийн тэмцээнд оролцож байсан нэг албан хаагч, удирдаж байсан хурандаа нар амиа алдсан хэмээн сайтууд мэдээлээд байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Сүүлийн үед цагдаагийн албан хаагчидтай холбоотой мэдээлэл их гарах боллоо. Тухайлбал, хамгийн сүүлд цагдаагийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдсоныг иргэд ихээхэн шүүмжилж байна?

-Цагдаагийн албан хаагч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон асуудал бий. Тодруулбал, хар тамхины төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газар судалгаа хийсэн. Судалгааны дагуу ажиллагаа хийхэд энэ оны тавдугаар сарын 29-ны өдөр ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дөрвөн иргэн саатуулагдсан. Эдгээр иргэдийг шалгахад хар тамхи, мансууруулах бодис илэрсэн тул саатуулан шалгаж байна. Тиймээс тухайн иргэдээс эд мөрийн баримт болох мөс буюу метавитамины төрлийн бодис болон бусад эд зүйлийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

-Саатуулагдсан иргэдийн тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Саатуулагдсан иргэдийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан. Тэдний дотор 1988 онд төрсөн Улаанбаатар хотын харьяат, ХУД-ийн Замын цагдаагийн албанд цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан Б байсан. Тиймээс Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Б нь өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд цагдаагийн албанд ажилд орсон.

-Ер нь цагдаагийн байгууллага хар тамхитай тэмцэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага нэлээдгүй ажил хийсэн. УИХ-ын чуулганы хуралдаанаар "Мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хөтөлбөр” хүртэл батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон гэмт этгээдүүдийг илрүүлэх, дайчлан баривчлах чиглэлээр ажиллагаа хийгдэж байна. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон таван төрийн албан хаагчийг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.

-Марш тактикийн тэмцээнд оролцож байсан албан хаагчид амиа алдсан талаарх мэдээлэл өгөхгүй юу?

-Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит "Марш тактик-2017” цогцолбор тэмцээнд Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий есөн байгууллагын 19 баг буюу нийт 500 орчим баг тамирчид өрсөлдсөн. Харин цагдаагийн байгууллагаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй салаа оролцсон байдаг. Харамсалтай нь тэмцээнд оролцсон нэг албан хаагч амь насаа алдсан хэрэг гарсан. Үүний дагуу холбогдох ажиллагаа хийгдээд явагдаж байна. Тухайн тэмцээнд хамт оролцсон албан хаагчид бүгд цочролын байдалтай байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байна.

-Албан хаагчдыг удирдаж явсан хурандаа бас амиа алдсан гэх мэдээлэл байгаа?

-Энэ бол ташаа мэдээлэл. Хурандаагийн биеийн байдал сайжирч эмнэлэгт байгаа. Цагдаагийн байгууллага томоохон уралдаан тэмцээнд оролцохдоо удирдах албан тушаалтан буюу тухайн ажиллагааг удирдах хүнийг томилдог: Энэ дагуу Марш тактикт оролцох тамирчдыг удирдуулахаар хурандаа Н.Баярмагнайг томилсон. Гэвч баг тамирчдаа удирдахаас өмнө хурандаагийн даралт ихэсч, эмнэлэгт хүргэгдсэн. Тиймээс удирдах зөвлөл хуралдаж, томилгоог өөрчилсөн байдаг.

-Тэгэхээр Марш тактикийн тэмцээнтэй холбоогүй гэсэн үг үү?

-Тийм. Н.Баярмагнай хурандаагийн хувьд энэ тэмцээнд удирдаж, дасгалжуулсан асуудал байхгүй. Биеийн байдал харьцангүй гайгүй. Эмчилгээ хийлгэж байна.

-Амиа алдсан албан хаагчийг хүчээр оролцуулсан гээд байгаа. Энэ үнэн үү?

-Энэ тэмцээнд оролцуулахын тулд мэргэжлийн эмнэлгийн баг ажилладаг байгаа. Хүчээр оролцуулсан зүйл байхгүй. Харин биелүүлж байгаа даалгаврын хувьд хүнд зүйлүүд байдаг. Тухайн тамирчин эхний гурван шатыг амжилттай биелүүж ирээд дөрөвдүгээр шатанд нь шөрмөс нь татсан гээд эмнэлгийн анхан шатны тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар хоёр хоногийн дараа буюу 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс талийгаачийн ар гэр, найз нөхөд, хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлж байна.

-Голд живэх гэж байгаа иргэнийг аварсан албан хаагчаа тоодоггүй гэх шүүмжлэл бас нэлээдгүй байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Ахмад н.Гансүх 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр ХУД-т эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Туул голд амиа насаа алдах гэж байсан иргэний амь насыг аварсан. Түүний энэхүү үйлдлийг удирдлагууд нь үнэлээд зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 2017 оны зургадугаар сарын 8-ны өдөр ахмад Гансүх болон жолоочийг нь "Цагдаагийн гавьяа” тэмдэгээр шагнах хүсэлтээ ЦЕГ-т хүргүүлсэн. Хүсэлтийг журмын дагуу шийднэ.

-Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Цагдаагийнхан бэлэн байдалд ажиллах уу?

-Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар албаны бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Б.Чимэг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

http://www.pohottuwa.com/confusion/purple-khaki-green-dark-blue-blackpurple khaki green dark blue black
nike sportswear archive veste femme pas cher coupe vent rush red tough red http://www.tidarnews.com/primarily/nike-sportswear-archive-veste-femme-pas-cher-
coupe-vent-rush-red-tough-red

:

http://www.bbcasianews.com/native/authentic-versace-jeans-bag-luxury-on-carousel
lauthentic versace jeans bag luxury on carousell
fendi fendi 2jours large tote bag reebonz http://www.gidtechnologies.com/door/fendi-fendi-2jours-large-tote-bag-reebonz

:

МУУ ШҮҮ