О.ЭНХБАТ: БАТАЛГААТАЙ, НАЙДВАРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

0

Орон нутгийн замд үүсээд байгаа хүндрэл замын нөхцөл байдал, "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Зорчигч тээврийн тасгийн ахлах мэргэжилтэн О.Энхбатаас тодруулан ярилцлаа.

-Өчигдөр шөнөөс эхлэн цас орсон, орон нутгийн замаар цас ихтэй байгаа. Одоогийн байдлаар замын нөхцөл байдал ямар байна вэ?

-Өчигдөр шөнөөс эхлэн ихэнх нутгаар цас орж орон нутгийн зарим замд тээвэрлэлтийн хүндрэл үүсээд байна. Одоогийн байдлаар хойд чиглэлд Баруун хараа, Баруун хараагаас Улаанбаатар чиглэлд замын хүндрэл үүсч цасаар хучигдан, халтиргаа гулгаа үүссэн байна гэх мэдээлэл ирээд бид арга хэмжээ авч ажиллаж байна.

Баруун чиглэлд Өвөрхангай аймгийн Шартын даваа, Бумбатын давааны орчимд халтиргаа гулгаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Үүнд Өвөрхангай аймгийн онцгой комиссоос өнөөдрөөс эхлэн өнөө шөнийг дуустал эргүүлийн баг ажиллуулах, тээвэрчид, зорчигчдод тусламж дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын чиглэлийн автозамууд бас мөн адил халтиргаа гулгаа ихтэй байгаа бөгөөд орон нутгийн АЗЗА ажиллаж авто замын цэвэрлэгээний ажлыг хийж эхлүүлсэн.

Урд чиглэлд Хоолтын даваа их хэмжээний цасаар хучигдан, тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй байна.  Гэхдээ замыг хаах, тээвэрлэлтийг зогсоох шаардлагагүй, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжтой гэсэн мэдээлэл холбогдох байгууллагуудаас ирсэн.

Иймд цаг агаарын нөхцөл хүндрэлтэй, цас их унасан үед иргэд онцын шаардлаггүй бол хувийн тээврийн хэрэгсэл буюу жижиг тэрэгтэй  орон нутгийн замд зорчихгүй байхыг зөвлөмөөр байна.

Ер нь гол зам, даваа хаагдаад байгаа шалтгаан нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцох, мөн тээврийн хэрэгслийн өвлийн бэлтгэлийг хангаагүйгээс болж дугуй хий эргэх, даваа болон өндөрлөг газар руу өгсөж чадахгүй зам таглах зэрэг үзэгдэл гарч байна. Бусдаар бол тээвэрлэлтийг явуулах бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Замын хөдөлгөөнийг түр зогсоосон газар байгаа юу?

-Орон нутгийн замд тээвэрлэлтийг зогсоосон газар байхгүй.

-Иргэд, зорчигч нарт хэлэхэд өвлийн бэлтгэлээ бүрэн хангаагүй байж орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох тохиолдол их гарч байна гэсэн энэ талаар

-Ер нь бол жижиг тээврийн хэрэгсэлтэй, өвлийн бэлтгэл хангаагүй унаатай гараад зам, даваа өгсөж чадахгүй гацах, хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, өвлийн үйлчилгээнд хамруулаагүйгээс болж байна.  Манай Автотээврийн үндэсний төвтэй гэрээт аж ахуйн нэгжүүдийн зорчигч  тээвэрлэлтэнд явдаг тээврийн хэрэгсэл автобуснууд  бол өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж, техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдаж хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд зам дагуу саатсан, зогссон автобус байхгүй байна. Тиймээс иргэд, зорчигчдыг орон нутгийн замд гарахдаа хувийн тээврийн хэрэгслээ биш  баталгаатай, найдвартай, хяналттай  тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлхийг уриалмаар байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.