Д.Отгонсүрэн: Өөрөөр минь дуусчих амьдрал биш...
Нийслэл хотын төвд, өндөр барилгуудын дунд нам гүмхэн орчинг бүрдүүлсэн, хүмүүсийн анхаарал татдаг боловч тэр бүр зориод очоод байдаггүй нэгэн газар бол Чойжин ламын сүм музей. "Өршөөлийг үзүүлэгч сүм” нэртэй энэхүү сум музейн дэргэдүүр хаяахан өнгөрөхөд гадаадын жуулчид голдуу орж гарч байгаа харагддаг.
Тэгтэл хөл хөдөлгөөн, чимээ шуугиантай ажлын нэгэн өдөр зориод очиход Чойжин ламын сүм музейн хашаан дотор нам гүм, аниргүй орчинд орсон мэт мэдрэмж нь цаанаа л нэг хүндэтгэл төрүүлэм, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлэх ажээ.
Ингээд Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй үнэт бүтээлүүдийг судлан сурталчилж, сэргээн баяжуулж, хадгалан хамгаалж, хойч үеийнхэнд уламжлуулах үүргээ нэр төртэй биелүүлж яваа Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнг энэ удаагийн VIP зочноор урьж, ярилцсанаа хүргэж байна. Таалан болгооно уу.
Хамгаалагдан үлдэх хувь зохиолтой сүм болно хэмээн 1904 онд энэ газрыг сонгосон гэдэг
-Чойжин ламын сүмийн түүхээс эхлэн ярилцлагаа эхлэе
-Манай Чойжин ламын сум музей 1904 онд баригдаж эхлэн 1908 онд ашиглалтад орсон. Чойжин лам Лувсанхайдав гэдэг хүнд шашин номын зан үйлд нь зориулж байгуулсан хоёр дахь сүм нь. Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэннаст VIII Богд Жибзундамба хутагтын төрсөн дүү, Төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдав гэдэг энэ хүнд анх Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар анхны сүмийг нь барьсан гэдэг. 1896-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн хүрээнд тусгайлан босгосон Чойжин ламын сүм учир битүүлгээр 1903 онд шатсан юм билээ.
Тухайн үед манай улс Манжийн эрхшээлд байсан тул Монгол Улсын төрийг хамгаалан чойжин бууж байх зориулалттай сүм барихыг Манжийн зүгээс эсэргүүцдэг байж. Чойжин лам урд хойдохыг харах чадалтай байсан тул Төрийн чойжин бууж байх, улмаар цэвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүм барьж байгуулна хэмээн 1904 онд энэ газрыг сонгосон байна. Өөрийн хөрөнгөөр 55 өрөө тасалгаа бүхий дахин давтагдашгүй уран барилгын цогцолбор бүтээн босгосноор 1908 оноос Хэлмэгдүүлэлтийн он жилүүд буюу 1937 он хүртэл Гандан, Дашчойлон хийд шиг шашин номын үйл ажиллагаа эрхэлж байсан.
Манай түүхэн зургуудаас харахад нилээн олон сүм хийдүүд эргэн тойронд байсан нь устаж үгүй болоод үлдсэн нь л энэ таван байгууламж. 1937 оныг хүртэл манайд 3 жасаа, 50 орчим хурлын ламтайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, сүсэгтэн олон хүрч ирж залбирдаг газар байсан. 1937 онд хаагдаад 1941 онд манай урд талд байх Ямпай буюу Халхавч хаалга маань улсын хамгаалалтад орсон. Ингээд 1942-1962 оныг хүртэл Монголд ирсэн гадаад, дотоодын тусгай зочдод үзүүлдэг хаалттай, нийтэд үйлчилдэггүй музей болон ажиллах болсон. 1962 оноос 2000 оны хооронд тухайн үедээ Шашны түүхийн музейн удирдах газар зэрэг байгууллагуудад харъяалагдаж байсан. Ингээд 2000 оноос Чойжин ламын сүм музей гэж даасан байгууллага болсон.
-Үзэгчдээс гадна сүсэгтэн олон их ирж байна?
-Одоо манай сүм музейд сүсэгтэнүүд ч ирж залбирдаг. Яагаад гэвэл ном хурдаг сүм хийд байсан учраас бурхадуудаа аравнайлаад сүншиглэчихсэн, их инергитэй ч гэж хэлэгддэг. Тухайн үед хөрсний цэвдэгтэй газрыг нь хүртэл сонгож барьсан байна. Саяхан Эрсдлийн нөлөөллийн судалгаа хийлгэхэд судлаачид их гайхаж байсан. Танай эргэн тойрны газарт цэвдэг байхгүй. Яг танай доор л цэвдэг байна. Хотын гол цэг. Цэвдэг гэдэг байгаль экологийнхоо хувьд маш чухал. Байгаль экологи, газар усны тогтоцын харилцан уялдааг хангасан цэвдэг байх нь их сайн гэж мэргэжилтэн судлаачид хэлсэн.
Төвийн халаалт төвлөрсөн шугамгүй учраас өвөл музей дотор гадаанаас хүйтэн байдаг
-Энэ жил Чойжин ламын сүм музейн маань 110 жилийн ой тохиох юм байна?
-Тиймээ. Гэхдээ манайх яг тэр 110 жилийн өмнөх байдлаараа төвийн дулаанд холбогдоогүй, халаалт байхгүй. Манай оффис ч халаалт байхгүй. Гаднаа нойлтой. Гүний худагтай. Тэндээсээ ундны усныхаа хэрэгцээг хангаж ирсэн. Энэ хэрмэн хашаан дотроо 110 жилийнхээ түүхийг тээгээд иржээ. Нийт 6000 гаруй үзмэртэй. Үүн дундаа Монгол Улсын хосгүй үнэт, үнэт үзмэрүүдээс бүрдсэн Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мутрын болоод сургууль хийцийн бүтээлүүд хадгалагдаж байдаг. Нийт 20 ажилтантай. Жилдээ гадаад, дотоодын нийлсэн 30 мянга гаруй үзэгчид музейгээ үзүүлчихдэг.
Ерөнхийдөө бид төвийн халаалт төвлөрсөн шугамгүй учраас зуны улиралдаа түлхүү үйл ажиллагаагаа эрхэлдэг. Манай музейд өвөл хүйт хургачихдаг, дээр нь халаалтгүй. Гэхдээ байгаа нөхцөлдөө тааруулан Монгол Улсынхаа түүх соёлын өвийг үзэгчиддээ хэрхэн сурталчилах вэ гэдэг энэ ажил бидний хувьд бусад музейгээс илүү толгой ажлуулах, илүү менежмент хийх шаардлагатай болгосон. Нөхцөл байдал ингэж таарсан учраас бид сүүлийн жилүүдэд тогтсон үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирлээ.
Манайх халаалтгүй, хүйтэн юм чинь гээд суувал ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Би энд ажиллахаас өмнө Уран зургийн галерейд ажиллаж байсан. Тэнд үзэсгэлэнгүүд гараад л бас өөрийн гэсэн сан хөмрөгтэй. Тэр сан хөмрөгүүдээсээ гаргаад үзүүлээд байдаг. 10-20 орчим хувьд нь үзүүллэгтэй байгаа. Үлдсэнийг нь сан хөмрөгөөсөө гаргана. Үзэгчид нь ч солигдоод байна. Өнөөдөр уран зураг, 10 хоногийн дараа баримал, дараа нь график эсвэл уран бүтээлчийн үзэсгэлэн гэх зэргээр солигддог.
Гэтэл манайх өөрт байгаа бүх сан хөмрөгөө нийтэд гаргаад дэлгээд үзүүлчихсэн. Сан хөмрөгийн өрөө гэж байхгүй. Музейн стандарт дүрэм журмаар музей сан хөмрөгийн өрөө, үзэсгэлэнгийн танхим, арт шоп, кофе шоп гэсэн нарийн нандин юм байх ёстой. Гэтэл бид сүм хийд байсан газрыг музей болгочихсон. Тэр битгий хэл дотор нь ажиллаж байгаа хүмүүсээ яах вэ гэдэг талаар ч ярихгүй байна.
Бид сул талаа давуу тал болгосон
-Өөрсдөө бараг үзмэр болохоо шахаж байна уу?
-Тийм манайхан маш хүнд нөхцөлд ажилладаг. Ирж үзсэн хүмүүс мэднэ. Гадаанаас хүйтэн нөхцөл гэдэг маш хүнд. Хэдэн цагаар ирсэн үзэгчдэд яриа тайлбар хийж зогсоно. Ерөнхийдөө бид зуны цагтаа илүү үзэгчиддээ үйлчлэхийг хичээдэг. Түрүүн хэлсэн манай сайн хөмрөг солигдохгүй учраас үзэгчид дахин ирэх магадлал буурдаг.
Нэг ирээд үзчихсэн үзэгч дахиад ирэхэд нөгөө үзмэр хэвээрээ л байна гэсэн үг.
Тэгэхээр нөгөө хүн эдний үзмэр өөрчлөгдөхгүй юм чинь гэж хандах магадлал өндөр учраас яаж үзэгчийг олон удаа ирүүлэх вэ гэдэг дээр толгой ажлуулах хэрэгтэй болсон. Тиймээс зуны дэлгэр цагт бид нөхцөл хүнд гээд суугаагүй.
Бид гаднаа цэцэрлэгт сайхан том талбайтай. Энэ талбайгаа бас ашиглаж болох юм байна гэж ярилцсан. Аливаа юм сайн муу хоёр талтай. Тэгээд бид сул талаа давуу тал болгож болох юм байна гэж хараад ерөнхийдөө цэцэрлэгт талбайгаа ашиглая. Ирж байгаа үзэгч цэцэрлэгт талбайгаар зорчоод ороод ирэхэд зэрлэгтээ баригдчихсан, шарлачихсан байвал ямар байхав.
Хүн музейд сайхан юм үзэж, сэтгэлийн таашаал эдлэхээр орж ирж байхад орчин их нөлөөлнө. Барилга байгууламж үзмэр нь байгаа ч тухайн орчин хогондоо дарагдчихсан байвал муухай гээд бид сүүлийн жилүүдэд цэцэрлэгжилтийн нилээн олон төслүүд хэрэгжүүлсэн. Бид БСШУСЯ-нд харъяалагддаг улсын байгууллага. Төсвийн байгууллага гэдэг утгаараа эдийн засгийн хямралтай, төсөв мөнгө хүрэлцээ муу байгаа нөхцөлд нилээн хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ард иргэд, хувийн байгууллагуудаас тусламж дэмжлэг авах шаардлага гарч ирсэн.
-Үзэгчдийн сэтгэлд хүрсэн томоохон ажлуудаасаа дурьдвал?
Мөн бид сүүлийн 4-5 жил "Бүтээлч хүүхдүүд” гэсэн арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Ер нь бид хүүхдүүдэд зориулсан, залуучуудад зориулсан, ахмадуудад зориулсан гэж үзэгчдээ насаар нь хуваарилж бүх л насныханд зориулсан үйл ажиллагаа явуулахыг зорьдог.
Энэ хүрээнд хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор энэ ажлыг хийж ирлээ. Ерөнхийдөө Хүүхдийн баяр болохоор хүүхдүүд Парк дээр тоглож, Сүхбаатарын талбай дээр юм үздэг. Яг хүүхэд өөрсдөө бүтээлчээр зураг зурж, дуулж бүжиглэх боломж хомс байдаг. Тэгвэл сүүлийн үед "Мода” болсон "Бүтээлч” зан үйлийг хөгжүүлэхийг зорьсон. Тэр өдөр хүүхдүүд дуулж, бүжиглэнэ, уран зургийн уралдаанд оролцоно.
Мөн калиграффаар өрсөлдөнө, баримлаар юм хийнэ, хамгийн бүтээлч хүүхдийг шалгаруулж, медаль гардуулна. Тэр өдөр ирсэн бүх хүүхдүүдэд бэлэгтэй буцдаг. Энэ нь бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдийг баярлуулж байгаа нэг хэлбэр.
Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн цаана хүүхдүүд нь хаягддаг
Түүнчлэн жил болгон зорилтот бүлгийн хүүхдүүдийг авчирдаг. Ингэхдээ сонсголын бэрхшээлтэй 100 гаруй хүүхдийг баярлуулсан. Ер нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд гэлтгүй эцэг эх нь ямар нэгэн бэрхшээлтэй байхаар хүүхдүүд нь хаягддаг юм байна. Яагаад гэвэл эцэг эх нь нийгмийн амьдралд тэр бүр оролцохгүй болохоор хүүхдүүд нь бас хаягддаг.
Нийгэмд ихэвчлэн сонсголын болон бусад бэрхшээлтэй хүмүүсээ л гээд байхаас цаана нь байгаа гэр бүл, үр хүүхэд рүү тэр бүр өнгийж хардаггүй юм байна гэдгийг тухайн үед ойлгосон. Бид үнэхээр маш зөв юм хийсэн байна. Энэ хүүхдүүдийг тэр бүр анхаардаггүй юм байна гэдгийг мэдсэн. Тэдгээр хүүхдүүд бас тэмцээн уралдаанд оролцоод бэлэг аваад буцдаг. Дауны синдромтой хүүхдүүдийг Гадаад хэргийн яамтай хамтраад баярлуулсан.
Сүхбаатар дүүргийн ТҮК буюу гудамж талбайг сайхан цэвэрлэдэг хүмүүсийн 100 гаруй хүүхдийг баярлуулсан. Сарнай бүсгүйг хүүхдүүдийнх нь хамт баярлуулсан. Түүнийг урьж ирэхэд "Хүмүүс бидэнд маш их тусалдаг. Дээр нь бид соёлын өвтэйгээ танилцаад, хүүхдүүд түүхийн нэгээхэн хэсгийг үзэж сонирхох боломж олгосонд баярлалаа. Энэ бол бидэнд маш том оюуны хөрөнгө оруулалт боллоо” гэж хэлэхэд маш их баярлаж байсан. Манай хамт олон "Юу байна, түүгээрээ дайл” гэдэг зарчмаар л ажилладаг даа.
Бидэнд байгаа юм нь хүмүүст музейгээ үзүүлэх, түүх соёлоо таниулах, сурталчилах, эх орноороо бахархах сэтгэлийг төрүүлэх нь л бидний гол зорилго шүү дээ. Тийм байдлаар "Бүтээлч хүүхдүүд” үйл ажиллагаа маань жил бүрийн VI сарын 1 нд зохиогдож байна. Энэ ажил маань амжилттай сайхан болоод БСШУСЯ-наас сайшааж, бусад музейн байгууллагууд санаа авч ийм үйл ажиллагаа явуулахыг уриалж байсан.
Сэтгэгдэл байхгүй байна.