Х.Энхжаргал дарга аа, ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өгчих
-Ялангуяа, энэ газрын даргын албыг авснаасаа хойш онцын зүйл хийж бүтээгээгүй Х.Энхжаргал дарга аа, танд олон нийтийн эрх ашгийг хамгаалж, төрийн албан дахь авлига, булхайг илрүүлэх том боломж байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ-
Өмнөх дугаартаа бид Нийгмийн даатгалын сангаас арилжааны долоон банкинд нийт 420 тэрбум төгрөгийг байршуулан ч хүүг нь сан руу таталгүй, зувчуулсан тухай нийтэлсэн. Тэгвэл энэ сангийн мөнгийг эрх мэдэлтнүүд дан ганц дотоодын банкинд ч биш гадаадад аваачиж өсгөөд, зөрүүг нь өөртөө авдаг тухай мэдээлэл гарлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнгөрсөн онд Нийгмийн даатгалын сангийн мөнгө БНСУ-ын дөрвөн банкинд байршиж байгаа тухай мэдээллийг чуулганы хуралдааны үеэр гаргаж тавьж байсан. Бараг хоёр жилийн өмнө, АН олонхи байх үед тэрбээр энэ асуудлыг сөхөж байсан ч дарагдаад өнгөрсөн. Харин одоо энэ сэдэв дахин ил гарч, хэргийг шалгах болов.
Уг нь энэ ажил хальт харахад, ихээхэн чухал ач холбогдолтой, иргэд рүү чиглэсэн мэт. Гэвч ухан судлахад анхаарал татах асуудал олноор гарч ирэх ажээ. Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газрын хооронд "Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийг 2006 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо үзэглэжээ. Улмаар 2006 оны зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газар, 2006 оны арванхоёрдугаар сард БНСУ-ын Засгийн газар батламжлан, 2007 оны гуравдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.
Манай хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан энэхүү хэлэлцээрээр БНСУ-д улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдээ өөрийн орны тэтгэврийн даатгалд хамруулж, тэдний ирээдүйн амьдралын нийгмийн баталгааг хангах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг Солонгосын Үндэсний Тэтгэврийн даатгалд давхардуулан төлүүлэхгүй, тус улсын хуулийн дагуу заавал хамрагдах тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөх эрх зүйн үндэс бүрдсэн юм.
Хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн БНСУ-д Нийгмийн даатгалын төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулсан. Түүнчлэн 2013 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол улсын Засгийн газрын 2012 оны 94 дүгээр тогтоол, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/74 дүгээр тушаалын дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харъяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдан, монгол иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл хүргэх хоёр албатайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тэгвэл харьд ажиллаж буй монголчуудынхаа амьдралд дэм үзүүлэх энэ ажлыг манай эрхэм дарга нар мөн л өөр зорилгоор ашиглаад эхэлсэн бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр, БНСУ дахь Нийгмийн даатгалын санд цугларсан мөнгийг яг дотоодынх шиг зарчмаар тус улсын арилжааны банкуудад барйшуулдаг аж. Улмаар тодорхой хугацаанд мөнгийг эргүүлэн санд хийдэг ч цугларсан хүүгийн мөнгийг цааш халаасалдаг бололтой. Хэдийгээр энэ нь батлагдаагүй мэдээлэл ч холбогдох албаныхан өнөөг хүртэл таг дуугүй байхыг харвал яах аргагүй "но” байгаа мэт.
Хамгийн гол нь, өнгөрсөн парламентийн үед Нийгмийн даатгалын санг хамааран удирдах яамыг толгойлж байсан С.Эрдэнэ сангийн үлдэгдлийн талаар зөрүүтэй мэдээллүүд өгч байжээ. Тодруулбал, 2014 онд тэрбээр "Нийгмийн даатгалын сангаас "Капитал” банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 18,9 хувьтай тэнцэж байгаа. Нийт арилжааны долоон банкинд 420 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламж байршуулсан. Тухайн банкны нийт активын 20 хувиас илүүгүй байх зарчмыг баримталж банкуудтай гэрээ байгуулсан” гэж байсан. Тэгвэл мань эр 2016 оны аравдугаар сард буюу МАН-ын олонх болсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Үндсэндээ нийт чөлөөт үлдэгдлийн мөнгөн дүн бол 900 гаруй тэрбум төгрөг байдаг. Үүн дээр арилжааны банкинд хадгалуулсан 960 гаруй тэрбум төгрөг бий. Энэ мөнгө олон банкинд байдаг. Банкны өөрийн үлдэгдэл, чадавхи, Монголбанкнаас өгч байгаа үнэлгээ зэргийг үндэслээд хадгалуулдаг. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Капитал, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ХААН банк, Чингис хаан банк гэх мэт долоон банкинд хадгалуулдаг” гэжээ.
Харин одоо энэ асуудал таг чиг болсон. Хууль хяналтын байгууллагууд ч хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа. Тэгвэл бүх нийтийг хохироосон хэргийг АТГ дахин шалгах онц шаардлагатай. Бүр нарийн яривал, олноос тааруу үнэлгээ аваад байгаа АТГ-д ийм бэлээхэн баримт, сэлт байхад хэргийг дахин задлавал яасан юм бэ. Ялангуяа, энэ газрын даргын албыг авснаасаа хойш онцын зүйл хийж бүтээгээгүй Х.Энхжаргал дарга аа, танд олон нийтийн эрх ашгийг хамгаалж, төрийн албан дахь авлига, булхайг илрүүлэх том боломж байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Erennews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.