Х.Баттулга: АТГ-ын даргыг солино Х.Энхжаргал: Яаж дүгнэх нь тэр хүний л асуудал
Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтэд оролцож үг хэлэхдээ АТГ-ын даргыг ойрын хугацаанд солино гэсэн. Тэрээр "Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж буй. АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя. Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж олон түмэн та бүхнээс шаардаж байна. АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа. Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна" гэсэн юм.
Ерөнхийлөгчийн энэнхүү үгтэй холбогдуулан АТГ-ын дарга Х.Энхжаргалаас сэтгүүлчид байр суурийг нь сонсчээ.
-Ерөнхийлөгч таныг ажлаа хийхгүй байна гэсэн?
-За яахав ээ, бүгдээрээ л тэгж байгаа ш дээ. Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажлаа явуулж байгаа. Үүнийг хэн яаж дүгнэх нь тухайн хүмүүсийн л асуудал.
-Таны бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн мэдээлэл байна?
-За мэдэхгүй ээ, хар дээр цагаанаар биччихсэн байгаа. Түүнийг хуульч хүмүүс нь юу гэж ойлгох, хууль зохиодог хүмүүс нь юу гэж ойлгох нь өөрсдийнх нь асуудал.
-Та юу гэж ойлгож байгаа вэ?
-Би мэдэхгүй байна. Хуульд юу гэж байна, түүний дагуу л явна.
Сэтгэгдэл байхгүй байна.