М.Оюунчимэг: Туул голыг тусад нь хуультай болгоно
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.
-УИХ-аар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхээр болсон. Хуулийн төсөлд ус бохирдуулсан төлбөрийг 50 хувь бууруулна гэж тусгасан байсан. Усны нөөц хангалтгүй, хамгаалалт муу байхад бохирдуулсны төлбөрийг ингэж бууруулах нь зөв үү?
-Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ус бохирдуулснаас болж ямар хор уршиг гарч байгааг бүх нийтээрээ харж байгаа шүү дээ. Байгаль экологид сөргөөр нөлөөлөн цөлжилт, хөрс, агаарын бохирдол зэрэг иргэдийн эрүүл мэндэд хор уршигтай бүхэн усны асуудалтай холбоотой. Тиймээс ус бохирдуулсны төлбөрийг бууруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодож байна. Мөн бохирдсон усыг буцааж цэвэршүүлэх аргыг нь нэвтрүүлэхгүй бол болохгүй байна.
Харин байгаль экологи, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй болсон үед ус бохирдуулсны төлбөрийг нэмж болно. Гэтэл одоо ус бохирдуулсны төлбөрийг 50 хувь бууруулна гэж байна. Үүнийг олон гишүүд эсэргүүцэж байгаа. Зургаан хүний саналын зөрүүгээр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон. Цаашдаа ажлын хэсгүүд байгуулж, сайн судалж ажиллах байх л даа. Би хувьдаа усны хамгаалалтын асуудлаа шийдсэний дараа төлбөр бууруулах асуудлыг ярих нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Усны хамгаалалтыг сайжруулахын тулд яах ёстой вэ. Тухайлбал, Туул голын асуудлыг олон жил ярилаа. Одоог хүртэл асуудал нь шийдэгдэхгүй байна. Энэ талаар Өргөдлийн байнгын хороонд иргэдээс их гомдол ирж байгаа гэсэн. Туул голын хамгаалалтыг сайжруулах ямар ажил хийж байна вэ?
-Уг нь Туул гол төрийн тусгай хамгаалалтад байдаг юм. Гэтэл хуулиа сайн хэрэгжүүлэхгүй байгаагаас шалтгаалж ийм асуудлууд үүсээд байгаа юм. Усны тухай хууль, Тусгай хамгаалалтын бүсийн тухай хууль зэргийг сайн хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Тиймээс бид Туул голын тухай тусгай хууль юм уу, УИХ-ын тогтоол гаргая гэж ярьж байгаа.
А.Сүхбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж байна лээ. Манай байнгын хороонд Туул гол орчимд зөвшөөрөлгүй барилга барьж, бургас тайрч байгаатай холбоотойгоор иргэдээс 3,000 өргөдөл ирсэн. Үүний дотор хайрга, дайрга олборлож, ундарга усыг бохирдуулж байгааг төрийн зүгээс цэгцлэхийг хүссэн өргөдөл олон ирсэн. Иргэдийн төлөөллөөс гадна төрийн бус байгууллагууд ч бидэнд нэлээд хандсан.
Тиймээс Байнгын хороогоор гурван удаа хэлэлцүүлэг хийж, асуудлыг нь тухайлан хэлэлцэж, ажлын хэсэг гарган ажилласан. Туул голын асуудал олон жил яригдсаар ирсэн ч өнөөг хүртэл нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Тэгэхээр УИХ-ын төвшинд асуудлыг хэлэлцэж, том агуулгаар нь харж байж л үр дүнд хүрнэ гэж бодож байна.
-Зөвхөн нэг голын асуудлыг зохицуулах хуультай болох юм уу. Бусад улс орны жишиг ямар байдаг вэ?
-Бүх улсад Туул гол шиг ийм голынхоо асуудлыг зохицуулсан тусдаа хуультай байдаг. Харин манай улсад байдаггүй. Тиймээс бид ийм хуультай болохоор ажиллаж байгаа.
-Энэ хаврын чуулганаар хуулийн төслөө өргөн барих уу?
-Тэгэхээр л ажиллаж байна даа.
-Өргөдлийн байнгын хороогоор Туул голын асуудлыг хэлэлцэж, чиглэл өгсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах зөвшөөрлийг нь цуцалсан. Одоо Туул гол орчимд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж ойлгож болох уу?
-Байнгын хорооноос өгсөн үүргийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам Туул голын эрэг орчимд үйл ажиллагаа явуулж байгаа 28 аж ахуйн нэгж, иргэний газар ашиглах зөвшөөрлийг нь цуцлах албан тоотуудаа хүргүүлсэн. Энэ албан тоот хоёр сарын хугацаанд хэрэгжинэ.
Энэ хугацаанд Туул голын эрэг дагуу зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барьж байгаа бүх барилгын ажлыг зогсооно. Зөвшөөрөлтэй ч гэсэн тэр нь Усны тухай болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Тиймээс тэдний зөвшөөрлийг цуцлахаас өөр аргагүй.
-Та усны талаарх хуулиуд байгаа ч хэрэгжилт хангалтгүйгээс үүдэн олон асуудал гарч байгаа талаар хэлсэн. Өмнөх хуулиудаа муу хэрэгжүүлж байж, шинэ хууль, тогтоол гаргах нь зөв үү?
-Ус хамгаалах тухай хуулиуд хангалттай байгаа ч эдгээрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь үнэн. Тиймээс хариуцлагын асуудлыг нэгдүгээрт тавья гээд байгаа юм. Аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс болон хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтнуудтай нь хариуцлага тооцох ёстой. Ингэж байж л хууль хэрэгжих боломжтой болно. Тиймээс бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтарч, аль аль талдаа хяналт тавьж, асуудлыг хөндөнө.
Богд уулын захиргаанд ч энэ талаар хэлж байгаа. Бид Байнгын хорооны хурлын дараа Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд, дүүргийн албадуудад чиглэл өгч, өөрсдийн чиг үүргийг биелүүлэх албан бичиг хүргүүлсэн. Бидэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд хуульд заасны дагуу хамтран ажиллахаа илэрхийлсэн байгаа.
-Маргааш (өнөөдөр) Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Өргөдлийн байнгын хорооны гишүүд Туул голын орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй очиж, уулзана гэсэн үү. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай Өргөдлийн байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэрүүд эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байна. Бидний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажлаа сайн хийж байна. Өнгөрсөн баасан гаригт манай Байнгын хорооныхон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтарч ажилласан. Энэ долоо хоногтоо Байгаль орчин, аялал жуулчлалын яамаас зохион байгуулж, манай Байнгын хороо болон Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран Туул гол орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй уулзана.
Тэднийг БОАЖ-ын сайдын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж байна уу, үгүй юү гэдгийг харна. Мөн Туул голын хориотой бүсэд үйл ажиллагаа явуулж, сайдын тушаалыг хэрэгжүүлэхгүй байгаа компаниудад хариуцлага тооцно. Үүнээс гадна тэднийг саадгүй үйл ажиллагаа явуулах боломжоор хангасан албан тушаалтнууд байгаа эсэх, эсвэл үнэхээр хууль хэрэгжих нөхцөл нь хомс байна уу гэдгийг судлах юм. Тиймээс холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар бэлтгэж байна.
-Холбогдох байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг нь цуцалсан ч шүүхийн байгууллагаас эсрэг дүгнэлт гардаг талаар ярьж байсан. Хэрвээ цаашид ч ийм байдал үргэлжилсээр байвал яах вэ?
-Хамгийн гол нь энэ асуудал байгаа юм. Сайд зөвшөөрлийг нь цуцалдаг. Дараа нь нөгөө байгууллага нь шүүхэд хандаж, заргаа авдаг. Тэгээд үйл ажиллагаагаа дахин явуулдаг. Тэгэхээр төрийн чиг үүргийн байгууллага нь ямар ч хүч чадалгүй болчхож байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар бид ярилцсан. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч, хууль дүрэм зөрчиж гаргасан шийдвэр байвал үнэн мөнийг олохын төлөө явна.
Ерөнхийдөө хэсэг хүмүүс ямарваа нэг ажлыг харлуулдаг тал байна. Бидний ажлыг ч мөн харлуулах гэж оролдож байгаа. Зөвшөөрөл өгдөг, сунгадаг, цуцалдаг, дараа нь дахиад сэргээхийн тулд мөнгө авдаг гэдэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөр, нийслэлийн ажлын төлөвлөгөөнд хүртэл Туул голын эргэн тойрныг аялал жуулчлалын бүс болгохоор тусгасан байгаа.
Гэтэл аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авчхаад байшин, барилга барьж байна. Үүнийг л болиулахыг зориод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн дайралтууд ч их ирж байна.
-Өмнө нь Туул голоос түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга олборлохыг хориглосон тогтоол гаргасан. Одоо нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Туул голын орчимд хайрга, дайрга буюу түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг хориглох Өргөдлийн байнгын хорооны тогтоол гаргасан. Энэ тушаал одоо үр дүнгээ өгч байна. Ихэнх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь зогсоосон байгаа. Одоо голын эргэн тойронд хайрга, дайрга олборлохгүй байгаа гэж болно.
УИХ-аас гаргасан болохоор тэр үү, энэ тогтоолыг маш сайн биелүүлсэн. Харин одоо голын орчимд барилгын ажил үргэлжлүүлээд байна. Магадгүй барьсан хашааныхаа цаана нууцаар хайрга, дайрга олборлож байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс бид энэ чиг үүргийн байгууллагуудыг хяналт тавьж, ажиллахыг шаардаж байгаа.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувьд аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан ч байцаагч нарын хүч хүрэхгүй байгаа талаар хэлж байсан. Шинэ тогтоолын төслөөр энэ асуудлуудыг шийдэх, зохицуулалт оруулж өгөх үү?
-Туул голыг тусгай хамгаалалтад авах талаарх тогтоолын төслийг хэлэлцэх хүртэл нэлээд хугацаа байна. Үүнээс өмнө бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран усны агентлагийг буцааж сэргээе, байгаль орчны байцаагчийн орон тоог нэмж, хүчирхэгжүүлье зэрэг санал гаргасан. Төсвийн хөрөнгө, хүний нөөцөө нэмэх талаар Н.Цэрэнбат сайд танилцуулсан. Ялангуяа усны агентлагийг сэргээхийг би их дэмжиж байгаа. Бид үүн дээр хамтарч ажиллана.
-Ярилцлагын сэдвээ өөрчилье. Таны УИХ-д сонгогдсон тойрогт "Сервис центр” буюу гэр хорооллыг хөгжүүлэх дэд бүтцийн төвийг эхэлж барих гэж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл нийслэлийн хөрөнгө оруулалтаар иргэд өөрсдийн хашаандаа дэд бүтцэд холбосон амины орон сууцтай болох юм билээ. Уг төслийг амжилттай үргэлжлүүлэх гол хөшүүрэг нь юу байна вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гэр хорооллын иргэдийн хүлээлт болчхоод байна. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийг жинхэнэ утгаар нь амжилттай хийх бүхий л ажлуудыг эхэлж байна. Үүний тод жишээ нь Чингэлтэй дүүргийн VII хороонд "Сервис центр” буюу 200 гаруй айлын дэд бүтцийн төв байгуулах гэж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд төсөл хэрэгжүүлэгчдээс гадна иргэдийн идэвх оролцоо маш чухал.
-Санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Ерөнхийдөө энэ ажлыг богино хугацаанд цогцоор нь шийдэхэд 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүнээс таван тэрбум төгрөгийг БНХАУ-ын буцалтгүй тусламж, зээлийн хүрээнд шийдүүлж чадсан. Үлдсэнийг нь шийдэхээр Ерөнхий сайд болон Сангийн сайдтай уулзаж байгаа.
Хот, Засгийн газар, УИХ уялдаа холбоотой байлгаж, санхүүжилтийг нь хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь гишүүн миний гол үүрэг байгаа. Бид хамтарч, гэр хороолол ингэж хөгжих боломжтой гэдгийг Чингэлтэй дүүргийн VII хорооны энэ ажил жишиг болж харуулах ёстой юм.