Өмнөд Солонгосыг сөргөлдөөнийг сэргээхийг оролдож байна гэж буруутгажээ
Өмнөд Солонгос улс хоёр улсын хооронд бий болсон эвлэрэл дулаарлыг үгүй хийж, сөргөлдөөнийг сэргээх оролдлого хийж байна хэмээн Умард Солонгос үзэж байна. Энэ тухай Умард Солонгосын "Нодон синмун” сонин мэдээлжээ.
Өмнөд Солонгос болон АНУ-ын хийгээд удаагүй байгаа цэргийн яриа хэлэлцээ, Өмнөд Солонгосын эрх баригчдын цэргийн шинэчлэл явуулах төлөвлөгөө нь сөргөлдөөнийг үүсгэх зорилгоор явуулж буй хуйвалдаан юм гэж тус сонин мэдээлжээ.
"Энэ бүхэн нь хурцадмал байдлыг намжааж, энх тайван байдалд хүрэхийн тулд чин сэтгэлийн хүчин чармайлт гаргаж буй нутаг нэгтнээ өдөөн хатгаж байгаатай адил. Түүнчлэн энэ нь Панмүнжомын тунхаглалын үзэл санаатай нийцэхгүй байна. Өмнөд Солонгосын цэргийнхний өдөөж буй сөргөлдөөнийг Умард Солонгос тэвчихгүй бөгөөд энэ нь яриа хэлэлцээ, энх тайван тогтоох, хоёр Солонгосын харилцааг сайжруулах бодлогод нийцэхгүй байгаа юм” гэж "Нодон синмун” сонин тэмдэглэжээ.
Өнгөрсөн сард Сөүл хотод Өмнөд Солонгос-Америкийн 14 дэх удаагийн хамтарсан яриа хэлэлцээ болсон юм. Энэ үеэр Умард Солонгос улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэх хүртэл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг хэвээр нь авч үлдэх шаардлагатай байгаа тухай асуудлаар талууд санал нэгдсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.