“Шинэ тэнгэр газар” шашны гаж урсгалд Монголчууд тархиа угаалгасаар байх уу?
Дэлхийн түүхэнд шашны элдэв гаж урсгал, буруу номлолоор олныг төөрөгдүүлсэн тохиолдол бишгүй. Өнгөрсөн зууны сүүл хагаст ч тэр, шинэ зуун гарсан ч хүчтэй хэвээр байгаа, ихээхэн сэжигтэй нь Мүүний шашин болоод Шинэ тэнгэр газар.
Манай улсад өргөн цар хүрээгээ тэлсэн төдийгүй дэлхий дээр хоёр сая орчим дагагчтай МҮҮНИЙНХЭН 2008 онд Улаанбаатар хотод Дэлхийн энхийн их наадам зохион байгуулсны дараа энэ шашны урсгал болон үндэслэгч Сан Мён Мүүн гэгчийн талаар бид хангалттай ихийг дуулсан. Товчхондоо, Мүүн бол шашин биш. Өөрийгөө Есүс Христийн үгийг дамжуулагч, дутууг нь гүйцээгч гэж өргөмжилсөн тэр 1940-өөд онд үндэслэсэн шашнаа 1954 онд Эв нэгдлийн сүм (албан ёсны нэр нь Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо) гээчийг байгуулж, баталгаажуулж аваад, далбаанд нь гэр бүлийн бизнес эрхлэх болсон. Аврагч Мессиягийн дүрдээ ёстой л орох гэдэг болж, удалгүй өсвөр насныхны тархийг угаан гэр бүлээс нь тусгаарлаж, өөрийгөө "Жинхэнэ эцэг”, эхнэрээ "Жинхэнэ эх” хэмээгээд төрсөн эцэг, эхийг нь чөтгөр шулам гэж итгүүлэн эмэгтэйчүүдийг "ариусгах” гэж тэдэнтэй бэлгийн харьцаанд орох, сүмийнхээ гишүүн залуусыг ердөө гэрэл зургаар нь танилцуулж гэрлүүлэх зэрэг гаж буруу олон дүрэм тогтоосныг олон нийт андахгүй болов уу. Яг л ийм зарчмаар "Шинэ тэнгэр газар” хэмээх шашны гаж урсгал, христийн номлолыг буруу дамжуулагч бүлгэм манай улсад хуурай өвсөнд ноцсон гал шиг эрчийг авч буй нь өнөөдөр хар тамхинаас ч илүү Хүн амын аюулгүй байдалд заналхийлээд байна.
Гаж урсгалын нэг хэлбэр болсон эл чимээгүй тахал Монголд 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл цар хүрээгээ улам бүр тэлж буй. Үнэгүй зүйлд дуртай гэнэн итгэмтгий монголчуудын занг ашиглан англи, Солонгос хэл үнэгүй заана гэх нэрийдлээр хүмүүсийг хуурч, энэхүү шашиндаа элсүүлдэг талаар сүүлийн үед иргэд гомдол мэдүүлэх болжээ.
Хамгийн ноцтой нь ийм урсгал нь хүний тархийг угааж сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг тул итгэсэн хүнд сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэцийн эмчилгээ шаардлагатай байдаг. Гэтэл хайртай дотнын хүн нь дээрх байдалд орчихсон байгааг харахдаа сэтгэл нь түгшиж, хаана хандахаа мэдэхгүй аз жаргал нь айдас түгшүүрээр солигдсон олон гэр бүлийн цаашдын ирээдүй "бүрхэг” байгаа нь нууц биш.
Нэгэн залуу цахим хуудсаараа дамжуулан өөрт тохиолдсон явдлаасаа олон нийтэд сэрэмжлүүлэг болгон хуваалцсаныг хүргэе
Шинэ тэнгэр газрын гишүүн болсон эхнэртэй залуу цахим хуудсаараа дамжуулан "Эхнэр маань маш их өөрчлөгдсөн. 80 настай Солонгос өвөө л бурхан болох гээд дагалдагч нараа хайгаад байгаа гэнэ. Анх Библи үнэгүй зааж өгнө гээд л явсан. Гэтэл одоо манай гэрт жинхэнэ дайн болж байна. Биднийг бүгдийг нь "сатан” гэнэ. Сард 60 хүн авчрах ёстой. Хурдан олон хүнийг аврах ёстой. Бүгд үхэхгүй болно. Нэг талаар үнэхээр сэтгэл түгшиж байна” хэмээжээ. Яг үүнтэй ижил зовлон бас нэгэн айлыг дайрчээ. Ээж нь ийм шашны урсгалын гишүүн болсон охин хэвлэлийнхэнд ярихдаа "Манай ээж анх элсэхдээ олон улс судлалын сургууль гэж явсан. Тухайн үед юм сураг гэж бодсон. Сүүлд нэг л биш санагдсан болохоор бид гаргах гэж ятгаж, хэлсэн боловч сүмээсээ гарах боломжгүй болсон. Үг л цухуйлгавал "Хэрвээ би та нарт хэрэггүй бол намайг зүгээр орхичих. Би яваад өгсөн ч болно” гэх зэргээр ярьж бид нар л "Та энэ шашнаа дагаад явбал яв” гээд хэлчих юм бол бүгдийг нь орхиод гэрээсээ явахад бэлэн болчихсон” гэсэн юм.
Шинэ тэнгэр газар гэж юу вэ. Энэ шашин мөн үү?
Энэ шашны урсгалын толгойлогч нь И Ман Хи. Тэрбээр 1980-аад онд анх энэ бүлгэмээ байгуулсан бөгөөд 144 мянган итгэгчтэй болбол сүнслэг ертөнцтэй нэгдэн махан бие үхэхгүй гэсэн нөхцөл тавьсан ертөнцийн төгсгөлийг баримталдаг. Улмаар хүмүүст аврал гэсэн үзлийн тухай ярьж, энэ тоонд орох хэрэгтэй, орсон бол гарч болохгүй гэх сургаалыг номлодог ба үүнийгээ хүчээр шахан тулгаж, төөрөгдүүлдэг гэдгийг Библийн сургалтын төвийн хичээлийн багш Б.Өлзийжаргал хэлж байв.
И Ман Хи нь 1950-аад оны сүүлчээр Мүүнийн шашины лектор гаралтай Муг Ёндигийн "2 дахь мягмар гариг” цуглаан ба Бэйг Манбуны "Сардей” цуглаанд 12 элчээр итгэлийн амьдралаа үргэлжлүүлж байжээ. Улмаар 1980-аад оны эхээр Шинэ тэнгэр газар бүлгэмээ байгуулсан бөгөөд Өмнөд Солонгост шуугиан тарьж, гишүүдийн ихэнх нь амь насаа алдсан, залуус нь сургуулиа хаяж, иргэд нь ажлаа орхих зэрэг олон сөрөг нөлөө илэрч байсан түүхтэй.
Христийн шашны гаж урсгал нь Ким Бэгмүйнээр дамжуулан байгуулагдаж цаашид Мүн Сонмён, Пак Тайсэн зэрэг даган дуурайгчдаар үргэлжилж өнөөгийн шинэ тэнгэр газар, мүүний шашны JMC зэрэг урсгал гарч ирсэн байдаг. Тэд "Эцэг бурхан Есүсийг бид урьд нь харж чадаагүй боловч одоо бид багшаараа дамжуулан ийнхүү харж байна” хэмээн хүмүүст итгүүлэхийг хүсдэг. Энэ нь Мүүнтэй ижил шашин биш. Эдгээр шашны гаж урсгалууд нь 1950-иад оны эхэн үед Солонгосын нийгмийн дотоод үймээн самууныг далимдуулан Христийн номлолыг гуйвуулж эмзэг бүлгийн иргэдийг өөртөө татан элсүүлж байсан аж.
Шинэ тэнгэр газар шашны үйл ажиллагааг хоригложээ
НИТХ-ын дэргэдэх шашны асуудал эрхэлсэн газраас Шинэ тэнгэр газар шашны үйл ажиллагаа явуулдаг "Цагаан сувд” гэх нэртэй сүмийн үйл ажиллагааг өнгөрсөн жилд хаажээ. Энэ талаар НИТХ-ын захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил " "Цагаан сувд” гэх энэ байгууллага 2016 онд зөвшөөрлөө авсан. Бидний зүгээс 2017 онд үйл ажиллагааг нь зогсоосон. Тус газар манай байгууллагын талаар гомдол мэдүүлж шүүхэд хандсан, талууд маргаантай байгаа” хэмээжээ. Харин тус сүмийнхэн "Манайх сүмийн чиглэлээр л үйл ажиллагаагаа явуулдаг.Хууль ёсны зөвшөөрөлтэй, албан ёсны байгууллага” гэх тайлбарыг өгч байгаа аж. Гэтэл . Шинэ тэнгэр газар шашны үйл ажиллагаа нь Монгол Улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчжээ. Тодруулбал,
Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3.7.5-д "Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно”
Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3.7.7-д "Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймрүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.
Цагдаагийн байгууллагаас шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх боловч ийм шашны гаж урсгалд явж байгаа хүний ар гэрийнхэн харьяа дүүрэг болон Эрүүгийн цагдаагийн албанд гомдол мэдүүлэх эрхтэй гэдгийг хэлж байв. Хэрэв гэр бүлийнх нь гишүүн ямар нэгэн сүмд явдаг бол ар гэрийнхэн нь байнгын хяналтдаа авч, сонор соргог байх шаардлагатай бөгөөд гэмт хэргийн шинжтэй зан үйл, үг илэрвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэх, гэр бүлийнхээ хүнийг хаана хэнтэй уулзаж юу хийж явааг нь мэдэж байхыг холбогдох албаны хүмүүс зөвлөв
Монголд 1000 орчим сүм байгаагийн ихэнх нь Христийнх
Хүн бүр шашин шүтэх эрхтэй. Үүнийгээ бид Монгол улсын үндсэн хуулиндаа заачихсан. Гэвч бүртгэлгүй, чиглэл харъяалал нь мэдэгдэхгүй гаж урсгалууд сүүлийн үед олноор нэмэгдэж, үзэл бодол нь төлөвшөөгүй, амьдралын хэцүү бэрхийг туулах тэнхээгүй олон залуусыг эгнээндээ элсүүлж, хохироосоор байна. Олон улсад шашны байгууллагын үйл ажиллагаанд хатуу байр суурьтай хандаж, хууль боловсруулсан байдаг улс орон цөөнгүй. Харин манай улс төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг 1991 онд баталснаас хойш нэг ч удаа нэмэлт өөрчлөлт хийлгүй ирсэн. Тухайн үед 130 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг байсан тухай дүн мэдээ үлджээ. Харин өнөөдөр зөвшөөрөлтэй 800 орчим, зөвшөөрөлгүй 200 гаруй төр, шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа гэх тоон баримт бий. Эдгээрийн дийлэнх хувийг христийн шашных эзэлдэг байна.
http://updown.mn/56898.html
Сэтгэгдэл байхгүй байна.