Бадархундага нууранд өргөсөн мөнгөн эдлэлийг улсын өмч болгоё
Хүний сүсэг бишрэл гэгч сонин юм байх аж. Хаа холын Завханы Отгонтэнгэр хайрхны тэнд орших нууранд мөнгөн аяга эдлэл өргөснөөр амьдрал ахуй нь сайжирч, өнө мөнхөд жаргалтай явна хэмээн итгэж, зорьж очих. Цэвэр тунгалаг устай нуурын ёроол руу мөнгөн эдлэл шидлээ гээд байгаль л бохирдож, лус нь хилэгнэнэ үү гэхээс сайн сайхан амьдрал бэлэглэх нь юу л бол гэж бодох нь цөөхөн.
Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 9-нд энэ нуураас үнэт эдлэл хулгайлж, уг явдлыг эсэргүүцсэн хүнийг буудаж шархдуулсан хэрэг гарчээ. Энэ аймшигт хэргийн үеэр хулгайлсан гэх мөнгөн аягануудын зургийг сошиалд цацаж, хүмүүс энэ нуурын талаар ярих нь нэмэгдсэн байна.
Дээр үед хошуу ноён нутгийн ард иргэдээ даатгаж, цул мөнгөн ембүү өргөдөг байсан уламжлал өдгөө гаарч, хүссэн хүн болгон хуурамч, жинхэнэ нь хамаагүй мөнгөн аяга өргөдөг болжээ. Нутгийнхан тэр бүр өргөл өргөдөггүй, рашаанаас нь хүртдэг энэ нууранд мөнгөн эдлэл,аяга зэргийг өргөх нь жилээс жилд нэмэгдэж байгаагаас болж бохирдох магадлал нэмэгджээ.
Харин өнгөрсөн сард мөнгөн аяга ёроолоос нь түүсэн иргэдээс 200 гаруй мөнгөн аяга хураан авсан байна.
Тэр хэрэг явдлын үеэр хүн буудсан хэрэгт Завхан аймгийн Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Тэгвэл энэ нуурын ёроолд байгаа хулхи, жинхэнэ мөнгөн эдлэл яг хэний өмч вэ? Яг үнэндээ Бадархундага нуураас аяга түүх нь гэмт хэрэг биш. Харин ч онгон байгалиа хэвээр нь хадгалахын тулд ёроолд нь байгаа хулхи, жинхэнэ мөнгөн эдлэлийг түүж гаргаж л байх ёстой. Гэхдээ үүнийг өнгөрсөн сард болсон шиг буун дуу гаргаж биш, орон нутаг, цагдаагийнхан зохион байгуулалттайгаар хийж, гаргаж ирсэн эдлэлийг улсын орлого болговол байгаль дэлхийд төдийгүй, улсад ч ашигтай юм.
Тиймээс энэ асуудалд орон нутаг, төрийн захиргаанаас анхаарч ажиллах хэрэгтэй болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.