О.Бум-Ялагч: У.Хүрэлсүхийн Засгийн газар зүгээр цаг хожих гэсэн тоглолт хийж байна
Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагчтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Та өнөөгийн Монгол улсын эдийн засгийг юу гэж дүгнэж байна?
Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн байдал амь тариа хийнэ гэж ярьдагтай адилхан байдалтай байна. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр дарсан байдалтай байна. Тийм эдийн засгийг эдийн засаг гэж хэлэхгүй. Үүнийг энгийнээр тайлбарлаж хэлбэл эдийн засгаас гарч байгаа ашгаараа өрөө дарах бололцоогүй болж, өрийн дарамтанд орчихсон ийм л үхмэл эдийн засагтай байна. Одоогоор хонгилын цаанаас ямар нэгэн гэрэл гэгээ харагдана гэсэн ойлголт алга. Тэгэхээр ийм нөхцөл байдалд эрс өөрчлөлт хийж, эдийн засгийн бодлогыг өөрчлөхөөс аргагүй нөхцөл байдал үүсч байна. Мэдээж өрөөр өр дардаг эдийн засаг гэж хаана ч байхгүй л дээ.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна гэж үзэж байна вэ?
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бид шоуны Засгийн газар гэж үзэж байгаа. Ерөнхийдөө энэ ЗГ удаан засаг барихгүй байх. Одоо бараг сонгогдоод жил орчим болох гэж байна. Ирэх намраас энэ Засгийн газрын мөнгө нь дуусаж, мотор нь зогсох болов уу гэсэн таамаглалтай байна. Хятад болон бусад улс оронд очиж ярьсан юмнууд нь бүгд худлаа болж таарч байна. ОУВС-ын мэргэжилтнүүд олон улсад төлөх өрийн 30 хувь нь танай улсын өр байна гэж хэлсэн байгаа.
Тэгвэл хууль журмаараа 30 хувиас илүү гарвал олон улсад хориотой байдаг. Тэр үүднээсээ гадаад улс орон болоод ОУВС-аас манай улсад мөнгө өгөх асуудал ингээд дуусах тийшээгээ хандаж байх шиг байна. Хятад улс ч гэсэн боломжгүйг нь мэдсээр байж Монголын улс төрийн шоунд оролцон янз бүрийн баримт бичигт гарын үсэг зурж, монголчуудаар тоглоход бэлэн байгаагаа сая харууллаа. Тэр утгаараа бид У.Хүрэлсүхийн Засгийн газрыг зүгээр цаг хожих гэсэн тоглолт хийж байна гэж үзэж байгаа.
Сүүлийн үед улс төрийн зарим намууд болон сөрөг хүчний зүгээс өнөөгийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр суурьтай байх шиг байна.Танайх ямар байр суурьтай байгаа вэ?
Ер нь бид нар анхаасаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг амь бөхтэй Засгийн газар биш гэж үзэж байсан. Одоо ч гэсэн тэр хэвэндээ байгаа. Энэ засгийн газар анх гарч ирэхдээ эхлэл нь их булингартай байсан. Ч.Сайханбилэг анх гарч ирэхдээ яг л ийм байдлаар гарч ирсэн байсан. Тэгвэл МАН-ынхан яг үүнийг нь давтаж байна. Үүнийг бид улс төр гэж үзэхгүй байгаа. Улс төр гэдэг бол өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, хэлсэн үгэндээ хүрдэг байх ёстой.
Бас өөрийнхөө талыг хуурдаггүй байх ёстой. Ийм л улс төрд ард түмэн итгэнэ үү гэхээс биш хуурамч, хоёр нүүртэй улс төрчдөд итгэхгүй. Улс төрчдөд итгэх ард түмний итгэл өнөөдөр алдагдаад байна. Тэгэхээр ийм Засгийн газар байж таарахгүй. Засгийн газрыг удирдаж буй хүмүүс нь шударга, зарчимтай, худлаа ярьдаггүй улсууд байх ёстой. Худлаа ярьж байнаа гэдэг чинь хулгай хийхийн нэг эхлэл шүү дээ.
МАН өнгөрсөн сонгуулийн үеэр амласан мөрийн хөтөлбөрөө хэр сайн биелүүлж байна гэж та үзэж байна вэ?
Харамсалтай нь тус нам мөрийн хөтөлбөрөө ерөөсөө биелүүлэхгүй байна. Уул нь хүн төвтэй мөрийн хөтөлбөр бол сайхан хөтөлбөр байдаг. Тийм хөтөлбөр нь социализмийн үзэл санааг шингээсэн хүн рүүгээ чиглэсэн, ард иргэдээ нийгэмшүүлсэн тийм мөрийн хөтөлбөр байдаг. Гэхдээ энд нэг давуу тал нь юу вэ гэхээр эдний намынхан социализмаа арай мартаагүй байна. Онолчид нь байна, бичиг цаасны улс нь ч байна. Гэтэл нөгөө хэрэгжүүлэх ёстой, сэлэм эргүүлдэг улсууд нь одоо бүгдээрээ луйварчид болчихлоо. Тэгэхээр луйварчид толгойлсон төр засаг ямар ч сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй л дээ. Тэд хамгийн түрүүнд юу бодох вэ гэхээр хувийнхаа эрх ашиг болон хувийнхаа ашиг сонирхлыг л бодно.
АТГ-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хоёулаа огцруулах ёстой гэж үзэж байгаа. Энэ талаар таны бодлыг сонсвол?
Х.Энхжаргал өөрөө ч гэсэн "Би энэ ажлыг чинь хийх дургүй байна, та нар дураараа бол” гээд огцроё гэдгээ саяхан хэлчихлээ. Тэгэхээр ийм байр суурьтай хүн авлигатай яаж тэмцэх вэ дээ. Авлигал гэдэг чинь жинхэнэ мөрдөн байцаагч хүний хорхойг нь хүргэсэн гижгэдсэн ийм гоё зүйл. Тэгэхээр би энэ хүнийг мөрдөн байцаагч хүн биш юм байна гэж ойлгосон. Зүгээр нэг цалин авч авгайдаа загнуулаад, амьдралын дарамтанд орчихсон хүн шиг хачин юм ярьж байна лээ. Мэдээж тийм хүн ийм нарийн ажлыг хийж чадахгүй. Тийм болохоор энэ хүнийг солих нь зөв юм байна гэж манай нам ойлгож байгаа. Оронд нь гарч ирэх хүн нь бас л нөгөө солих гээд байгаа хүмүүсийн зааврын дагуу л явах этгээд байх нь ойлгомжтой. Тэр нь бас хэдэн жилийн дараа тэгж тэгж байгаад "өөрсдөө мэд” гээд явж байх байлгүй.
Тэгэхээр АТГ-ын даргыг сонгодог тогтолцооны сонголт нь өөрөө буруу байна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм албыг хаших гэж байгаа хүн бол ёстой нөгөө "сэлэм гялс, толгой бөндөгс” гэсэн шударга баатарлаг хүн байх ёстой. Тэр үүднээсээ тийм хүнийг сонгодог тогтолцоог бид бий болгох ёстой. Манай нам бол Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог шиг тийм байдлаар энэ албан тушаалд тухайн хүнийг томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Түүнээс биш нэг улс төрийн намаас сонгогдсон Ерөнхийлөгч энэ асуудалд оролцоод явж байна гэдэг чинь цаад улс төрийн намынх нь л ашиг сонирхол явагдаж байна гэсэн үг. Тэр Ерөнхийлөгчийн чинь цаана цаад улс төрийн намыг нь санхүүжүүлж байгаа луйварчид нь ч гэсэн бас байгаа. Тэр утгаараа тэр луйварчдыг яаж хамгаалах вэ гэдэг асуудал өнөөдөр улс төрийн намуудын үндсэн гол асуудал болчихоод байна.
Саяхан Ерөнхий сайд Дундговь аймагт нефтийн үйлдвэрийн шав тавьчихаад явлаа. Үүнийг та бүхэн хэрхэн харж байна? Энэ биелэх боломжтой юу?
Тэртээ тэргүй ямар ч ус байхгүй юман дээр ингээд шав тавиад хаа байсан Энэтхэгээс хүнийг хошгируулаад ороод ирэх юм. Ёс зүй нь үнэн доройтчихсон хүмүүс маш олон байна. Тэгээд Сонгины саарал усыг татна гэж яриад 7 тэрбум ам доллар хэрэгтэй ч гэх шиг, эсвэл концессоор барина ч гэх шиг эцэст нь нөгөө Энэтхэг нь сүүлдээ учрыг нь олохгүй яваад өгөх шиг болно лээ. Дээрээс нь нөгөө Япончууд нь Энэтхэгүүдээ дарамтлаад эхэлж байх шиг байна. Япончууд анх Дарханд нефть боловсруулах үйлдвэр барина гээд өөрсдийнхөө мөнгөөр ТЭЗҮ энэ тэрээ аль хэдийнэ хийгээд явчихсан юм ш дээ. Газар нь бол бэлэн байгаа. Яагаад барьдаггүй юм мэдэхгүй. Япончууд чинь нөгөө Энэтхэгүүдэд хэлж байгаа. Хөөе нөхөр наана чинь ус байхгүй ээ, бид нар наадахийг чинь гурван ус энэ тэр гээд 30 жилийн өмнө та нараас өмнө наад монголыг чинь бүгдийг нь аль хэдийнэ судалчихсан гэж. Наана чинь ямар ч үйлдвэр барих боломжгүй гэж хэлж байгаа. Хэрвээ боломжтой байсан бол бид нар барина. Юу гэж та нар барих вэ дээ гэж хэлнэ. Тэр Энэтхэгчүүд нь ч гэсэн маниустайгаа таарсан улсууд байдаг юм байгаа биз.
Удахгүй тэд нар болих байлгүй дээ. Ямар ч л байсан бид нарт байгаа мэдээллээр бол Д.Сумьяабазар сайд бол ямар ч байсан 2020 он хүртэл энүүгээрээ явна шүү гэж битгийн замаасаа буцаарай гэж ярьсан гэнэ лээ. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 2020 оноос хойш тэдэнд хамаагүй болж байна гэсэн үг. Тэр утгаараа эд нар 2020 он хүртэл ингэж хошгируулах нь. Тэгээд тэд нар нефьтийн үйлдвэр барина гээд баахан мөнгө зараад нөгөө Женкогийн 200 сая долларын шороо босгочихоод 40 сая төгрөгөөр торгуулаад алга болдог шиг л юм болох гэж байна. Ер нь өнөөдөр Монголд том бүтээн босголт хийнэ гэдэг чинь их том луйвар явагдаад тэрнээс нь хохиролгүй жоохон торгууль төлөөд өнгөрдөг тийм жишигтэй болчихлоо. Яг ийм технологоор энэ улсууд чинь явж байна. Мега төслүүд гэдэг чинь эцсийн эцэст Монголын ард түмэнд өр болоод хоцордог юм байна гэдгийг хар ухаанаар Монголчууд өөрсдөө ойлгох ёстой. Мега төсөл яриад л эхэлэх юм бол "за бид нарын өр нэмэгдэх нь дээ” л гэж бодох ёстой. Яана даа гэж л бодох ёстой. Мега төсөл яриахгүй бол овоо ш тээ ажлаа хийж байна л гэж ойлгох хэрэгтэй.
Оюутолгойн усны асуудлыг яаж шийдэх ёстой гэж та үздэг вэ? Говийн аймгууд чинь маш бага усны нөөцтэй биз дээ?
Бид нар 2006 оноос хойш энэ талаар ярьж хэлж, тэмцэж ирлээ. 2008 онд байгал орчны нарийвчилсан үнэлгээгээр Оюутолгойн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа улсууд усны асуудлаа шийдээгүй байна гэдэг нь тогтоогдсон байдаг. Бид нар тэр хуралд сууж байхдаа наад төсөл чинь явах ёсгүй, усны асуудал нь шийдэгдээгүй байхад төсөл эхлэх ёсгүй гэдгийг хэлж анхааруулж байсан. Харамсалтай нь гадаад дотоодын луйварчдын санаачилгаар энэ төслийг эхлүүлчихсэн. Үндсэн санаа нь бол тэрбум ам долларын хахууль дээр л эд нар явчихлаа. Тэр тэрбум ам долларын хахуулийг Айвонхоу майнз компани тухайн үед хувьцаа эзэмшигч нартаа тавьсан тайландаа нэг тэрбум ам долларыг Монголын хууль эрх зүйн орчны төсөлд нийцүүлхэд зарцуулна гэж томьёолсон байдаг. Бид нарт байгаа мэдээллээр бол УИХ-ын гишүүн болгонд 10 сая ам долларын номерийн данс нээсэн гэсэн сураг байгаа. Тэр мөнгийг нь 43 хүн авсан гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл 760 саяаас 430 саяыг нь тухайн үеийн УИХ-ын гишүүд авчээ гэсэн нууц баримт байна. Энэ бол авлига, хээл хахууль ямар хэмжээнд хүрсэн бэ гэдгийг тод харуулж байгаа бодит жишээ юм. С.Баярын нөгөө 7 хаус, Баярцогтын 43 сая ам доллар энэ тэр гээд ярьж байна.
Ийм юмнууд юунаас бий болсон гэх мэт асуудлууд нь нэг тэрбум ам долларын хахуулийн мөнгийг Оюутолгойн ордыг ажиллуулахын тулд явуулчихсанаас үүссэн байж болзошгүй. Мэдээж ус гэдэг юм нь анхнаасаа тогтоогдоогүй байсан нь ойлгомжтой. Тэгэхэд гүний худгийн газар одоогийн байдлаар таван жилийн дотор 6000 жил бий болсон усыг хэрэглэчихээд байна. Өөрөөр хэлбэл тэнд нэг жилд нэг миллметрийн гүний ус бий болдог байхад 6050 жилийн хэмжээний усыг хэрэглэчихээд байна гэсэн үг. Нэг үгээр хэлэхэд төвшин нь 60 метр 5 см-аар доошоо буучихаад байна. Тэгэхээр нэг мм гээд бодохоор 6050 жилийн усаа одоо ашигласан байна гэсэн үг. Одоо энэ төсөл дахиад жоохон явбал 7-8 жилийн дараа тэнд огт ус байхгүй болно. Тэгэхээр яах юм байгаа юм бүү мэд. Яваандаа энэ маягаараа явбал Оюутолгойн төслийг Хятадуудад зарах асуудал руугаа орох байх. Хятадууд чинь юмнаас айдаггүй, хамгийн гол нь Монголын стратегийн ордуудыг авчихая л гэж боддог хүмүүс. Тэдэнд тэр ашиг энэ тэр сонин биш шүү дээ. Угаасаа Монголд Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого явагдаж байгаа юм чинь. Тийм учраас энэ Оюутолгой гэдэг компани шавхайгаа нөхөөд л гарах байх.
Та бид нартай тэртээ тэргүй тэр ууртай хужаа гэдэг хүмүүс л нүүр тулна гэсэн үг. Та нар тэр Дорнод Монголд нефть олборлож байгааг нь харж байгаа биз дээ. Зүгээр л ална шүү, хядна шүү л гэж байна шд. Тэр улс чинь өөрөө асар том улс байдаг. Бид нар ч гэсэн тэр төвдүүд шиг дуугай суугаад байдаг хүмүүс биш. Нөгөө нэг айхтар аюул чинь эхлэнэ. Өвөрмонголчууд бид нарыг өмөөрч босно. Тэгэхээр хамаагүй ингэж төсөл хэрэгжүүлж байж тэрүүгээр явж байсан гайг дуудах вий гэдгээ Монголчууд сайн бодох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд Оюутолгойн төсөл усгүй юм чинь огт явагдах боломжгүй. Үүнийг засах нэг арга нь саарал усыг урагш нь татна гэж яриад байгаа. Гэхдээ тэр усны нөөц нь ямар байгаа нь бас тодорхойгүй. Яаж татах юм. Бас цахилгаан станцуудаа барих ёстой. Монгол улс чинь өөрөө цахилгаан станцаа барих чадалгүй улс. М.Энхсайхан гэдэг нөхөр цахилгаан станц барьчих л юм яриад байсан. Эцэст нь элчин сайдаар томилогдоод яваад өгсөн.
Ийм нэг хачин тогтолцоо бий Монголд болчихоод байна. 2015 онд манай намын хийсэн онол практикын бага хурлаар энэ асуудлыг авч хэлэлцээд Монгол улсад хувьсгалт өөрчлөлт хийхээс өөр аргагүй болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хувьсгалт өөрчлөлтийг хоёр аргаар хийдэг. Нэг нь энх тайвны аргаар буюу тайван замаар, хоёр дах нь мэдээж жагсаал цуглаан. Тэр Армени, Солонгос, Хонгконг-т болж байгаа ард иргэдийн тэмцэл хөдөлгөөнөөр өөрчлөгдөх байдлаар хийж болно. Нөгөөдөх нь мэдээж зэвсэгт хөдөлгөөн буюу Украины Майдан шиг ийм ийм вариантууд гарах байх. Гэхдээ яаж ч бодсон үүнийг өөрчлөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл дээр байгаа улсууд чинь улс орны эдийн засаг болон ард түмний амьдралыг сайхан болгох ямар ч гарцгүй болгочихоод байна. Арга нь буруу байна, ухаан нь хүрэхгүй байна, толгой нь хүрэхгүй байна, боловсрол нь хүрэхгүй байна, итгэл үнэмшил нь байхгүй байна. Тэгэхээр тэрнийг нь шинэ улсууд гарч ирж байж хийхээс өөр арга байхгүй.
Монгол улс ер нь Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв үү, парламентын засаглалтай байх нь зөв үү ? Та юу гэж үздэг вэ?
Ард түмний санал асуулгаар 70 хувь нь Ерөнхийлөгчийн засаглалтай байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна лээ. Гэтэл сая ШХАБ-ын уулзалтаар манай Ерөнхийлөгч тийшээ орчихоё гэж хэллээ. Тэгвэл дараачийн нэг Ерөнхийлөгч жишээ нь Н.Багабанди шиг хүн Ерөнхийлөгч болчихоод Хятадын нэг муж больё гэвэл яах вэ. Тийм биз. Монголд луйварчин, Одесс маягийн луйварчин этгээдүүд их байна. Хүн харахад сайхан титэм үг яриад суугаад байдаг, цаанаа алтан бүс бүсэлчихээд гүйгээд байдаг тийм хүнд гарууд Монголд их байна.
Тэгэхээр ийм улсууд чинь хэрвээ Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болвол энэ улсаар чинь тоглоход бэлэн байгаа биз дээ. Шанхайд очоод гарын үсэг зурчихаад буцаж ирэхгүй суугаад байвал одоо яах вэ. Тийм болохоор Ерөнхийлөгчийн засаглал гэдэг бол учир дутагдалтай юм байна гэдгийг сая Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монголын ард түмэнд харуулчих шиг боллоо. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэвэл аюултай зүйл болох юм байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
Тэгвэл шинэ Ерөнхийлөгч маань хэр сайн ажиллаж байна даа?
Х.Баттулга хэлсэн амандаа хүрэхгүй байна. Монголчууд чинь эр хүн хэлсэндээ чоно хариасандаа гэж ярьдаг. Тэрнийгээ биелүүлэхгүй байна. Х.Баттулга өрийн асуудлыг зохицуулж өгнө гэж хэлсэн үү? Хэлсэн. Авлигатай тэмцэнэ гэж хэлсэн. Тэмцсэн үү? Тэмцээгүй. Гэх мэтчилэн тэрний хэлсэн олон амлалтууд нь биелэхгүй байна. Гэхдээ тэр хүний ард "тэргүүн хатагтай” гэж хоч авсан нэг хүн байна. Урдуур нь ороод л юм яриад байдаг. Тэгэхээр чинь одоо бүр нөгөө Ерөнхийлөгчийг чинь доромжлоод хаячихлаа.
Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоод байхад хажуугаар нь авгай нь орж ирж юм яриад байх юм бол сонгохгүй байсан нь дээр биз дээ. Тийм учраас ийм дампуу улс төрчид чинь төрийн бодлогыг, Үндсэн хуулийг дампууруулж хаяад байна. Х.Баттулга улс төрч гэхээсээ жүдогоороо явсан бол илүү амжилтанд хүрэх байжээ гэж бодож байна. Монгол хүн өнөөдөр бусдын алдаанаас ерөөсөө суралцаж чадахгүй байна. Тэр утгаараа тэр хүн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадсангүй гэж ойлгож байгаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхдээ ядуурлыг хамтад нь шийдэх боломжтой гэж танай намынхан ярьдаг. Энэ талаараа товчхон ярихгүй юу?
Энэ бол манай намын ярьж байгаа нэг чухал сэдэв. Манай нам өөрөө прагматик нам. Улс төрийн аливаа нам бол засаг авахаараа юу өөрчлөх вэ гэж ярьдаг. Тэгвэл Х.Баттулга өрийг чинь төлчихнө гэж хэлсэн бол энэ үгээ ерөөсөө биелүүлсэнгүй. Манай нам засаг авах юм бол агаарын бохирдлыг ядууралтай хамт шийднэ гэж мэдэгдсэн. Монгол улсын 2006 онд Н.Энхбаярт алтан хөшөө босгоно гэж Баабрын ярьдаг хууль байна ш тээ. Газрын тухай хууль. Тэгэхээр тэр хуулиар та би хүн болгон 0,07 га газар авах эрхтэй. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл 35-ыг үржих нь 20 кв метр гэсэн үг. Тэгвэл энэний тал дээр нь нарны хавтан зоох юм бол 30 квт-ийн нарны хавтан зоох бололцоотой. 30 квт нарны хавтан бол өнөөдрийн сэргээгдэх эрчим хүчний хуулиар танд сард нэг хүн болгонд багаар бодоход сая төгрөгний орлоготой болох боломжтой болно гэсэн үг.
Тоног төхөөрөмж нь ойролцоогоор 65- 135 сая төгрөгний үнэтэй байна. Хэрвээ та бүхэн сая төгрөг аваад цаана нь үлдэж байгаа мөнгийг нь тоног төхөөрөмжний лизингд нь өгөөд байвал 8-9 жилийн хооронд бүх төлбөрөө төлчих боломжтой. Тоног төхөөрөмж маань 20-25 жилийн баталгаатай. Ямар ч засвар хийхгүй ажиллана. Тэгэхээр энэ нийгэмд ялангуяа агаарыг хамгийн ихээр бохирдуулаад байгаа гэр хороололын ядуучуудын газар дээр нь нарны хавтан зоогоод тэд нарт ажлын байр бий болгоод, хийсэн бүтээгдэхүүнийг нь улс худалдаж аваад, өрх болгон үйлдвэрлэгч гэж ийм төслийг хэрэгжүүлье гэсэн саналыг Бид Э.Бат-Үүлийг хотын дарга байхаас эхлээд тавьсан. Харамсалтай нь төр барьж байгаа намууд чинь ийм юманд ерөөөсөө анхаарал хандуулахгүй та бидний зовлонг ерөөсөө ойлгохгүй байна. Зам тавина гэж яриад байна. Замыг хэн тавьдаг юм. Баян хүн л тавьдаг юм ш тээ. Тэгэхээр манай нийгэм бол баян хүнийг улам баян болгох гэсэн дон шүглэчихсэн нийгэм болчихсон байна. Харин бид болохоор ядуу улсууд руу чиглэсэн бодлогыг Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх бололцоотой гэж хэлээд байна. Энэ саналыг бид байнга дэвшүүлж тавьдаг.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн бид нарт албан бичиг явуулсан байна лээ. Тэрэн дээр харамсалтай нь үүнийг хэрэгжүүлэх бололцоогүй ”Учир нь нэгдүгээрт өртөг нь өндөр байна, хоёрдугаарт сэргээгдэх эрчим хүчний хуулийг чинь бид нар өөрчлөх гэж байгаа” гэсэн хоёр шалтгааныг хэлсэн. Тэгвэл өнөөдөр Монгол улсад агаарын бохирдлоос болж жилд хэдэн хүүхэд нас барж байна, хэчнээн хүн амь насаа алдаж байна, лав л 1800 хүний зүрх нь хаагдаж үхэж байна, олон зуун хүн гудамжинд архи ууж нас барж байна, ургийн гэмтэлтэй өчнөөн хүүхэд төрж байна шүү дээ. Үүнийг яагаад бодолцдоггүй юм. Ингэж тэд аливаа юмыг өртөг зардлаар нь яриад байна гэдэг чинь энэ төр хүний амь насыг мөнгөтэй холбож яриад байна гэсэн үг. Үүний тод жишээ бол сая уралдаанч хүүхдүүдийн даатгалын мөнгийг хэдээр тооцов. 5 сая байсныг 20 сая болгосон гээд бахархалтай яриад байна. Энэ нь өнөөдөр Монгол улсад хүний амийг 20-хон сая төгрөгөөр тооцож байна гэсэн үг.
Тэр үүднээсээ энэ чинь их утгагүй тэнэг явдал болж байна. Тийм болохоор хүний амийг 20 сая төгрөгөөр тооцдог ийм нийгмийг бид өөрчлөх ёстой. Ингэхийн тулд хувьсгалт өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй. Хүний алтан амь шиг чухал зүйл энэ нийгэмд байх ёсгүй. Ямар ч улс төрч мөнгө төгрөг ярих ёсгүй. Тоног төхөөрөмж нь үнэтэй байсан ч гэсэн чи үүнийг авах ёстой, тэр нэг хэдэн цаас хэвлэхээс өөр сүртэй юм ер нь юу байгаа юм. Их л бол инфляци үүснэ биз. Хүний амь аварч байна ш тээ. Инфляцийг өсгөөд хүний амь аварч болно. Инфляцийг дарж болдог юм. Тиймээс Монголын Ногоон нам ард түмнээ хүнээ бодсон нийгэмд уриалан дуудаж байгаа. Тэр утгаараа манай нам удахгүй болох нөхөн сонгууль болон улс төрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болно. Ард түмэн ч гэсэн хувьсгалт өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн саналд нэгдэж байгаа нь санал асуулгаар тодорхой болсон. Монгол улсын одоо байгаа засаглалийн хувьд гэвэл амьдрал ерөөсөө сайжирахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсон. Ийм л байна.
Ж.Батдорж
BOLOD.mn
Сэтгэгдэл байхгүй байна.