“Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” сургалт-семинар болж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвөөс аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтнүүдэд зориулсан "Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл”сургалт-семинарыг энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна. Тус семинарын зорилго нь аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтнүүдэд үнэлгээний онол, арга зүйн мэдлэг олгож, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.
Бүтэн гурван өдрийн турш үргэлжилж буй уг сургалт-семинарын эхний өдөр мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь, дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлага, багшийг хэрхэн тасралтгүй хөгжүүлэх вэ, боловсролын үнэлгээний чиг хандлага, сургуулийн өмнөх боловсролын бодлого, хэрэгжилт гээд бодлогын түвшний олон сэдвийн хүрээнд их сургууль, хүрээлэн, академийн эрдэмтэн багш нар илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тухайлбал, Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг насан туршийн боловсролын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьсан бол Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч У.Туяа багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг танилцууллаа.
Харин сургалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр эхний өдрийн үйл ажиллагааг дүгнэхийн сацуу 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар мэдээлэл солилцлоо. Маргааш болох сургалтаар Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтогтох "Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтэц” сэдвээр илтгэл тавих бөгөөд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтнүүд "Ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтэд анхаарах асуудал” гэсэн нэг сэдвийн хүрээнд олон талт гарц, шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Сургалт-семинар энэ сарын 23-ныг хүртэл "Туушин” зочид буудлын хурлын танхимд үргэлжилнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.