Хууль сахиулахын их сургуульд юу тохиолдоод байна вэ?
Хууль сахиулахын их сургууль (ХСИС) бол харуул хамгаалалт өндөртэй, онцгой гэж хэл болох газар. Цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, онцгой байдлынхны залгамж халааг бэлтгэдэг энэ сургуульд он солигдохын өмнөхөн нэг сонсогч цаг бусаар нас барав.
Тус сургуулийн "1+1” хөтөлбөрийн сонсогч Ө гэх 22 настай залуу нас барсан байсныг олсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад 2018 оны арванхоёрдугаар сарын 25-ны 15.00 цагийн үед иржээ. Тэрээр ХСИС-ийн цэргийн гал тогооны зоорийн давхарт боомилж нас барсан байсан гэнэ.
Байнгын хяналттай байдаг сургуулийн нутаг дэвсгэрт, бүр цэргийнх нь харуул хамгаалалттай байранд ирээдүйн хууль сахиулагч нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй юм. Сургуулийн дарамт шахалт, курсийн ялгаа байсан, эсэх, ар гэрийн нөхцөл байдлаас болсон, үгүйг нарийвчлан шалгаж байгаа юм билээ. Талийгаачийн хувьд чөлөөт бөхөөр барилддаг, улс, бүсийн тэмцээнд өндөр амжилт үзүүлж байсан гэдгийг сонсогчид хэлж байгаа юм.
ХСИС-ийн байнгын харуул хамгаалалттай байрлалд хүн нас барсан тохиолдол ганц энэ биш. Дээрх хэргээс 10 гаруй хоногийн өмнө ХСИС-ийн уурын зуухны слесарийн амралтын өрөөнд нэг ахлах офицер нас барсан аж. Ажлын байранд архи ууснаас болж бие нь муудан цаг бусаар хорвоог орхисон хэмээн тус сургуулийн сонсогч нар ярьж буй.
Эдгээрээс өмнө ХСИС- ийн сонсогч Б сургуулийнхаа хажуугийн есөн давхар байрны дээрээс үсэрч амиа хорлосон хэрэг гарсан байна. Ганцхан сарын дотор, удаа дараа ийм явдал болж байхад дээрх сургуулийнхан нуун дарагдуулж өнгөрөөж буй нь харамсалтай.
Сэтгэгдэл байхгүй байна.