ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮД АЧААЛАЛТАЙ БАЙГАА Ч ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙН ХИЙЖ БАЙНА

0
-Дүүргийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж гардуулж өглөө-
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулан өглөө.
Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%-иар бага байна. Вирүс судлалын тандалтаар томуугийн A(H1N1), A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна. Мөн томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирүс давхар эргэлтэд байна.
Энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД - 223, ХУД – 214, БЗД-281, ЧД 75 хүүхдийн орон дээр -198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ЧЭМТ 105 хувь, ХУНЭ 108.8 хувь, Налайх ЭМТ 64 хувь, СБНЭ 55.2 хувь, СХНЭ 50.3 хувь, Багануур ЭМТ 47.6 хувь, БГЭМТ 24 хувиар тус тус нэмэгдсэн.  Насанд хүрэгсдийн 157 орыг, зөөврийн 266 орыг нөөц орон зайд тавьж, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийн ажиллаж байна.
Хүн ам ихтэй дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт Өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 
Иргэд өөрсдөө зохиомол ачаалал үүсгээд байна

Ерөнхий эмч Б.Галсанцэдэн "Манайх 165 ортой. Өнөөдрийн байдлаар 285 хүүхэд хэвтэж байна. Хэвтэх ёстой орноосоо 100 гаруйгаар хэтэрсэн учраас ачаалал ихтэй. Цаашдаа 315 хүртэлх авч чадах хэмжээний ор бэлтгэсэн.
Ялангуяа он гарсаар сүүлийн гурван өдрийн байдлаар өдөрт 60-80 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчин их байсан ч он гараад өөр давалгаа тархалт нэмэгдсэн. Хүүхдүүд маш өндөр халуурч, хордлогын шинжтэй орж ирээд хатгаагаар өвчилж хүндрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулж эмч, сувилагч, асрагч нарынхаа тоог нэмэгдүүлсэн. Мөн нэмэгдлээр амбулторийнхоо нэг хэсгийг 30 ортой тасаг болгон нээсэн. Улирлынхаа эмийн нөөцийг татсан учир эм, тариа хангалттай.
Бид нар кордиорт хүүхэд хэвтүүллээ гэхээс илүүтэй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө нойр хоолгүй ажиллаж байна. Хамгийн гол нь хүндрүүлэхгүй байх ёстой.
Гэхдээ иргэд өөрсдөө зохиомол ачаалал үүсгэдэг. Хүүхдээ эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчийн бичигтэй ирэх ёстой байтал шууд ирж үзүүлэх гэж дайрдаг. Тэгээд эмч, сувилагч нарыг элдвээр харааж доромжлох энүүхэнд.
Манай эмнэлэг 30 гаруй жилийн туршлагатай. Дадлагажсан хүүхдийн эмч олонтой, сэхээний эмч сайн. Шаардлага гарвал гурван эмч зэрэг ажиллуулах чадалтай.
Манай эмнэлгийн зүгээс ганц асуудал сайдад тавимаар байна. Сувилагчийн асуудал хүндрэлтэй байгаа. Ажиллах ёстой сувилагчдаас 10 сувилагч дутуу ажиллаж байна" гэв.
Энэ асуудлыг нь шийдэж өгнө гэдгийг НЭМГ-аас хэлэв.  Хүний нөөцийн нэмэгдлийг зохион байгуулах үүрэг өгөв
Сайд Д.Сарангэрэл "Бид нар танай эмнэлэг дээр анх удаа ирж байгаа юм биш. Томуу, томуу төст өвчин ч анх удаа болж хүндэрч байгаа юм биш. Энэ жилийн хувьд утаа их байна. Ханиадыг хүндрүүлэх хүчин зүйл болж байна. Томуу, томуу төст өвчний вирус эргэлтэд орсон. Амьсгалын дээд, доод замын гэх мэт хэд хэдэн вирус байгаа учир хүндрэх магадлал өндөр. Сая шинэ жилийн баяраар томчууд нь хүүхдүүдээ авч гадуур дотуур их явсан нь халдвар ихэсгэх нэг шалтгаан болов. 
Сургуулийн насны хүүхдүүд ханиад томуу авчрах нь бага ч 0-6 сартай хүүхдүүд их өвчилж улмаар хүндэрч байна.
Тэгэхээр өнөөдөр газар дээр нь ирээд танилцахад ерөнхий эмч болоод сувилагч асрагч нар нөөц боломжоо ашиглаж сайн ажиллаж байгаа юм байна. Бид иргэдэдээ үйлчлэх ёстой салбар. Газар дээр нь танилцаад үүрэг даалгавар өгөөд явах нь гол биш. Хэдүүлээ нөхцөл байдлаа бодитоор нь газар дээр танилцаж, шийдвэрлэж шийдүүлье.
Гэхдээ гурван эмчийг үзүүлэх гээд ирж байгаа хүүхдүүдэд зэрэг үйлчилдэг болгомоор байна. Эмч нараа тасаг руу явуулдагийг зохион байгуулалтаар өөрчлөх шаардлагатай байна. Мөн НЭМГ-аас ажиллах хэрэгтэй байна.  Гурван зэрэг эмч хүлээн авах дээр ажиллуулвал хүлээлт, ачаалал гайгүй болох дүр зураг харагдаж байна.
Өнгөрсөн жил хүүхдийн эмчийн нөөц бүрдүүлсэн. Түүнчлэн чөлөөндөө суучихсан эмч нарыг ажиллуул. Өрхийн эмч нараас дайчилж ажиллуул. Илүү цагийн мөнгийг нь яам шийднэ. Ийм зохион байгуулалтыг хий гэсэн үүргийг өгч байна. Хүний нөөцийн нэмэгдлийг зохион байгуулаарай" гэлээ.
Нэг хүүхдэд ногдож байгаа талбай ачаалалтай байна. Дүүргийн эмнэлгийн ачааллыг бууруулахын тулд хувийн эмнэлгүүдэд шилжүүлэх боломж байгаа эсэх талаар асуухад Б.Галсанцэдэн эмч "Манай энэ хавьд "Натул" гээд том эмнэлэг бий. Гэхдээ хүүхдийн эмч, сэхээний эмч байхгүй. Шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй. Тийшээ хүүхэд аваачаад хүндэрвэл яах вэ. Хүүхдийн амь нас аюулд орвол яах уу" гэв.
Сайд Д.Сарангэрэл ЭМЯ-ны нөөц хөрөнгөнөөс дүүргийн эмнэлгүүдэд тариур, дуслын шахуурга өгсөнд эмч нар баярлан гардаж авсан юм. Энэ шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан шахагч багаж бөгөөд эмч сувилагч нарын ажлыг хөнгөвчилдөг давуу талтай.
Дашрамд дуулгахад СХД-т Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 200 ортой эмнэлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн жил 80 сая төгрөгийн тоног төхөөрөмж шийдэж өгсөн бол өнөө жил ийнхүү 16 сая төгрөгийн тоног төхөөрөмж дүүргийн эмнэлгүүдэд гардуулан өглөө. Дараагийн эмнэлэг нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгээр оров. Ачаалал мөн их.
Эмнэлгийн дарга Д.Бааст "Арванхоёрдугаар сарын 31-нээс эхлээд ачаалал ихэссэн. Ер нь нэг хоёрдугаар сар томуу томуу төст өвчин хүндэрдэг тул эцэг эхчүүд анхаарал халамжаа сайн тавих ёстой. Эрүүл мэндийн сайд ирж томуугийн үед хэрэглэгдэх тоног төхөөрөмж бэлэглэсэнд баяртай байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч О.Туул "Манайх зохицуулалт сайн явагдаж байсан. Гэвч нэгдүгээр сарын 02-ноос хойш хүүхдийн өвчлөл нэмэгдсэн. Энэ нь А хүрээний вирус эргэлтэд орсон. Мөн олон өдөр амарсан бөгөөд эцэг эхчүүд утаанаас холдож байна гэж хүүхдүүдээ авч хотоос гаргаад ханиад хатгаа тусгалаа гэж таамаглаж байгаа. Амьсгалын дутмагшил бөглөрөл өгч хүндрүүлдэг. Хүүхдийг ханиад томуунаас сэргийлэхийн тулд арчилгаа их шаардлагатай. Хоол хүнсээр сайн хангах гэх мэт гар доорх аргыг сайн хэрэглэх ёстой. Мөн хүүхэд нь өвчилөхөд дур мэдэн эмчилж хүндрүүлэх тохиолдол их байна. Тиймээс ард иргэд маань хүүхдээ эрүүл саруул торниулах, ханиад хатгаа тусгахгүй байх нь эцэг эхчүүдээс их шалтгаална гэдгийг дахин онцолж хэлье" гэлээ.
ЧД-ийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Ч.Чинзориг "Манайх шинэ тасаг нээн ачаалалтай ажиллаж байна. Ийм үед салбарын сайд ирж газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж үзэж шаардлагатай гэсэн тоног төхөөрөмж бэлэглэсэнд талархаж байна.
Манай эмнэлэг 75 ортой, эрчимт эмчилгээний тасаг таван ортой. Өнөөдрийн байдлаар 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Том хүнийхээ тасгийн хүүхдийн тасаг болгон зохицуулалт хийсэн. Ачааллыг зохицуулж амбулторийг уртасгасан цагаар ажиллуулж байна. Мөн нэмэлтээр гурван эмч ажиллуулж байгаа.
Мөн эцэг эхчүүдэд зөвлөхөд олон хөлийн газраар хүүхүүддээ дагуулж явмааргүй байна. Гарыг нь сайн угаа, дулаан хувцасла. Аль болох гадны хүмүүсийг гэртээ авчирмааргүй байна. Хүүхдээ хүнд үзүүлмээргүй, халуун дулаан хоолыг нь тааруулах, хүүхэд өвчилсөн тохиолдолд мэргэжлийн эмчид ханд. Гадуур авч явахдаа маскийг тогтмол зүүлгэ. Түүнээс дур мэдэн өөрсдөө эмчлээд улам хүндрүүлээд байна. Өвчилж байгаа хүүхдүүдийг харахад 0-11 насны цэвэр асаргааны хүүхдүүд байгаа" гэв.
Ийнхүү Сайд Д.Сарангэрэл, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, хүлээгдэл чирэгдэлгүй ажиллах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах дээр нэмэлтээр эмч ажиллуулах, хүний нөөцийг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хугацаатай үүрэг, даалгавар өглөө.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.