Албаны машины амины "зориулалтыг" халж, эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр" болгох ёсзүйн гажуудлаасаа хэзээ салах вэ

0

Төрийн албаны машиныг тэмээнээс том тэмдэгтэй болгох асуудал хэдэн жилийн өмнө яригдаж байсан удаа бий. Төрийн албанд хэрэглэх ёстой машин дарга нарын эхнэр хүүхдийн унаа болж дэлгүүр хэсэх, сургуульд хүргэж өгөх авах зэргээр хонины морь шиг болсон учраас л ийм санал санаачлага гарч байсан хэрэг. Төрийн албаны унаа бол татвар төлөгчдийн мөнгө байтал зүсээ хувиргаад байгаа нь тэр.  Хэдэн дарга нарын эхнэр хүүхдэд үйлчлэх, зуслан зугаалга, нар салхинд гарах унаа машиных нь хэрэгцээг төрийн  унаа, төсвийн мөнгөөр зохицуулах гэж татвар төлөгчид хуруу хумсаа хуйхлан байж хөдөлмөрлөх хэрэгтэй юу.  Энэ асуудлын цаана тангараг өргөсөн төрийн албан хаагчдын ёс зүйн сэдэв хөндөгдөж байгаа юм.

Түүнчлэн төрийн албаны машин албаны бус ажлаар зорчсон тохиолдолд иргэд 97178008 дугаарт хандах боломжтой болсон.

Саяхан Японы нэгэн сайд  албаныхаа машинаар зусландаа очсоны төлөө  уучлалт гуйж, арайтай л албан тушаалаасаа огцорсонгүй.  

2016 оны наймдугаар сард Токио хотын дарга Масүзоэ төрийн албаны машинаар долоо хоног бүр зуслан руугаа явдаг байсан нь хугацаанаасаа өмнө огцрох шалтгааны нэг болж байв.  Бусдын жишиг ийм байна. Төр төмбөгөр, ёс ёмбогор  байхын гахайлтай жишээ гэвэл энэ байх.  Монголчууд ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэж.

Даврагчдад даруулга хэрэгтэй. Үүнийг зохицуулахаар өнгөрсөн оны есдүгээр сард болсон "Төрийн албыг шинэчлэх шаардлага” сэдэвт нэгдсэн хуралдааны үеэр тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар  "Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно” хэмээн сануулж, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж байсан удаатай.   Уг нь энэ бол алга ташин хүлээж авах аргагүй л цагаа олсон шийдвэр байсан юмсан. Харин сайдын тэр үг хэрхэн хэрэгжиж байгаа бол гэдгийг одоогийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эргэж нэг харж, эргэцүүлж нэг дүгнээсэй гэсэндээ сануулж буй нь энэ.

ЗГХЭГ-ын даргын энэ мэдэгдлийн дараахан төрийн албаны машинд "Албан хэрэгцээнд" гэсэн тэмдэглэгээ нааж эхэлсэн бөгөөд харамсалтай нь харин ийм тэмдэглээтэй машин ховорхон харагдаад байгаа юм.  Ийм тэмдэглээ нааж эхэлсэн нь  төрийн албаны  автомашиныг  тэмээнээс том тэмдэгтэй болгож буй нэг хэлбэр л дээ, уг нь.

Түүнчлэн  төрийн албаны машин албаны бус ажлаар зорчсон тохиолдолд иргэд 97178008 дугаарт хандах боломжтой  болсон. Ухаандаа "албан хэрэгцээнд” гэсэн тэмдэглээтэй машинаар  супермаркетаас  хоол хүнс цуглуулаад эсвэл гоо сайхны салон, сургуулийн үүдэнд зогсож байвал тэр албан хаагчийн ар талыг бөөцийлөөд явж байна гэсэн үг. Тэгвэл дээрхи утсанд залгаж мэдээлэх ёстой болж байна.  Төлсөн татвараа нийгмийн сайн сайхны төлөө зориулах, түүнчлэн шударга ёсны төлөө иргэд энэ мэтийг мэдээлж байх нь матаас бус харин зарчим мөнөөс мөн билээ.

Журам дүрмээрээ бол хэрэв тухайн машины жолооч албаны бус хэрэгцээнд ашигласан бол авто баазаар нь дамжуулж хариуцлага тооцох, харин албан тушаалтан албаны бус зориулалтаар ашигласан бол харьяа байгууллагад нь мэдэгдэж, хариуцлага тооцох ёстой аж.  Харин харваас энэ зохицуулалт нэг л учир дутагдалтай санагдаад байгаа юм.  Албаны машинаа амины ажилд  унасан гээд албан  байгууллага, албатууд нь даргадаа хариуцлага тооцно гэвэл  үүн шиг худал юм байхгүй.  

Ядаж байхад манай дарга нарын албандаа машин унах амбиц сонирхол дийлдэшгүй.  Бээжин хотын  100 мянгаас хол давсан оюутантай төрийн өмчийн сургуулийн захирал ажилдаа унадаг дугуйгаар ирж очдог гэдгийг тэнд сурч байгаа монгол оюутнууд тодотгосон.  Харин 30-40 мянган оюутантай  манай  төрийн өмчийн сургуулийн захирал жийп л данхалзуулна.

Ерөөс дарга нар нь албаны машин унаснаар улс хөгждөггүй гэдгийг мэдрэхээрээ нэг болж байна, бид. Гэсэн хэрнээ албаны машины тоо буурах биш өссөөр байгааг ганц нэг тоо баримтаар дурдая.  

Тухайлбал, 2012 оны үед төрийн өмчид 12 мянга гаруй автомашин бүртгэлтэй байсан бол 2016 он гэхэд бараг хоёр дахин буюу 22 мянга болж нэмэгдэж байжээ.  Түүнээс хойш 2 жил өнгөрч байна, энэ тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. 2012-2016 онд дарга нарын албан хэрэгцээнд зориулж 13.7 тэрбум төгрөгөөр Land 200 маркийн машин 119-ийг, 2.9 тэрбум төгрөгөөр Nissan Patrol маркийн жийп 40-ийг, 2.3 тэрбум төгрөгөөр Lexus 570 маркийн 13 ширхэгийг шинээр худалдан авсан баримт байна.

Өөрөөр хэлбэл, ердөө гуравхан жилд 19 тэрбум орчим төгрөгөөр дарга нарыг тансаглуулсан тоо баримт байна. Үүнд дээр шатахуун, тос, сэлбэг, жолоочийн цалин гээд зардал нэмэгдэнэ гээд тооцоорой.  Төрийн мөнгө  ёолдоггүй гэж л энэ байх.

Албаны автомашин тойрсон төрийн мөнгө ийн урссаар байна.  Энэ их зардлыг  танаж хасах, оновчтой  зарцуулах олон боломж байгаа нь маргаангүй.  Тэдгээрийн нэг нь албаны унааны амины "зориулалтыг " халж,  эхнэр хүүхдүүдийнхээ "хонины хээр”  болгодог ёс зүйн гажуудлаасаа салах явдал  юм.

Г.Хантулга

Zaluu.mn


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler

Сэтгэгдэл байхгүй байна.