Матрын булан: Ц.Цогзолмаа сайдын нөхөр төслийнхөнд 365 сая төгрөгөөр хөл дүүжлэх унаа авч өгчээ
Баримт-1 Ч.Саранжав бол төрийн эрх мэдэлтэй албан тушаалтан мөн
Төрийн мөнгөнд үрэлгэн хандаж буй Ч.Саранжавбол Эрчим хүчний хөгжлийн төвийн даргын албан тушаалтай. Төрийн эрх мэдэлтэй, албан тушаалтан гэсэн ангилалд багтана. Засгийн газрын үрэлгэн "Хурган хуц”-нуудын нэг гээд хэлэхэд буруудахгүй л болов уу. Ч.Саранжав нь 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр "Мөнххада” ХХК-тай Авто машин худалдах, худалдан авах гэрээг байгуулж хоёр ширхэг ланд 200 маркийн машиныг 365 сая төгрөгөөр худалдаж авсан байх юм. Гэрээг нь баримтаар үзүүлж байна.
Баримт-2 Ч.Саранжав: Хөл дүүжлэх унааг 365 сая төгрөгөөр авсан
Ч.Саранжав 365 сая төгрөгөөр машин худалдаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч "Өдрийн сонин”-ы 2018 оны гуравдугаар сарын 10-ний өдрийн дугаарын 5-р нүүрэнд тодруулга өгсөн байна. Тэрбээр ярихдаа "Манай яамнаас "Baganuur power” төсөл хэрэгжүүлж байгаа. Энд БНХАУ-ын хөрөнгөөр дамжуулах шугам сүлжээ барих төсөл бас явж байна. Шинээр байгуулагдсан энэ хоёр төслийн нэгжид хөл дүүжлэх унаа тэрэг байхгүй. Тиймээс манай төв дээр тендер зарлаж төсөл тусбүртнэг, нэг машин авч өгсөн” гэжээ. Тэр төслийн нэгжид хөл дүүжлэх хэмжээний унааг 365 сая төгрөгөөр авч өгсөн гэж хэлэв. "Хөл дүүжлэх” унаа гэдэг бол төрөөс төрсөн тэрбумтнуудын амнаас гардаг л үг. Цааш ярихдаа "Төсөл хэрэгжээд дуусахаар манай байгууллагад эдгээр машин шилжиж ирнэ” гэв. Үүгээр юу хэлэх гэсэн цаад санааг нь ойлгосонгүй.
Баримт-3 Тэр машинуудын үнийн дүнг яагаад зөрүүтэй хэлэв
Гэрээнд зааснаар VX, Benzin, Highмаркийн машиныг 215 саяар,GXR, V6, AT маркийн машиныг 150 саяар үнэлснийг эцсийн үнэ хэмээн тусгажээ. Гэтэл Ч.Саранжав "Өдрийн сонин”-д "Нэг нь 156, нөгөө нь 190 гаруй сая төгрөгийн үнэтэй цоо шинэ "Ланд круйзер" маркийн машин” гэж ярьсан байдаг. Гэтэл 156 сая дээр 190 нэмээд бодохоор 346 сая төгрөг болоод байгаа юм л даа. Харин нийлбэр 365 сая гэдэг нь таараад байгаа юм. Яагаад тэр машин тус бүрийн үнийн дүнг ийнхүү зөрүүтэй хэлэв.
Баримт-4 Ч.Саранжав БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр
365 сая төгрөгөөр машин худалдаж аваад төслийнхөнд "Май, хөлөө дүүжил” гээд шидэх чансаатай эрх түүнд хэн олгов. Тэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн гэр бүлийн хүн. Нэг үгээр хэлбэл "Ард түмний мөнгийг үрэлгэн зарцуулж болохгүй. Сайд та машинаа зараад төсөвт мөнгийг буцааж хий” гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг загнаад байсан У.Хүрэлсүх сайдын Засгийн газрын нэг гишүүнийх нь нөхөр аж. Харамсалтай нь Цогзолмаа сайдын нэр холбогдож, нөхрийн нь нэр дээр худалдаа хийгдсэн хоёр машины асуудлаас харвал Засгийн газар үрэлгэн зардлаа танаж, татвар төлөгчдийн мөнгийг гамнаж, хэмнэж байгаа шинж огт алга байна. Хамгийн гол нь эдгээр машин Цогзолмаа сайдынх мөн, биш нь хамаагүй. Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Саранжавын хийсэн 365 саяын худалдаа нь Засгийн газар татварт төлөгчдийн хөрөнгөөр хуримтлагдсан төсвийн хөрөнгийг гарынхаа салаагаар урсгаж байгааг харуулж байна хэмээн нийгэм бухимдан шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар олон нийтийн шууд шүүмжлэлээс эмээж, иймэрхүү тойруу байдлаар сайд нартаа машин авч өгч байгаа ч юм билүү гэсэн олны хардлага бий болжээ.
Э.Баатар