Т.СҮХБААТАР: ДЭЛХИЙН II ДАЙН МОНГОЛ ЦЭРГЭЭР ЭХЭЛЖ, МОНГОЛ ЦЭРГЭЭР ДУУССАН

0
Т.Сүхбаатар: Дэлхийн II дайн монгол цэргээр эхэлж, монгол цэргээр дууссан
Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдана. Тухайлбал, нийслэлд "Мөнхөд дурсагдах дайчид”, "Үхэшгүй мөнхийн хороохүндэтгэлийн явган жагсаал  09.30 цагт болно. 

Мөн явган жагсаал Офицеруудын ордны өмнөх "Монгол ард эскадрилын хөшөөнөөс Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явах юм байна. 

Халх голын дайн, аугаа их эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж явах боломжтой аж. 

Уг арга хэмжээ нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. 
 
Ер нь Дэлхийн II дайнд Монгол Улсын цэрэг дайчид ямар үүрэгтэй оролцож байв. Түүхэндээ юу гэж бичигдэн тэмдэглэгдэж үлдсэн байдаг талаар Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.


-Энэ сарын 09-нд аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож, ОХУ-д ялалтын парад алхана. Энэ жил Монгол Улс ямар үүрэгтэй оролцох вэ?

-ОХУ-д манай улс ямар хэмжээгээр оролцохыг сайн мэдэхгүй байна. Энэ жил гадаадын улсаас нэг их урихгүй юм шиг байна билээ. Харин ирэх жил буюу 75 жилийн ойгоор Монгол Улс өргөн бүрэлдэхүүнтэй оролцох нь тодорхой.
Энэ өдөр Монголдоо Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь Зайсан толгойд байгаа зөвлөлтийн дайчдын хөшөөнд болон Танктай хөшөөнд цэцэг өргөнө.

-Түүх бичлэгт Дэлхийн II дайн гэж ярьдаг. Энэ дайнд Монгол Улс ямар хувь хэмжээ, үүрэгтэй оролцсон байдаг билээ?

Дэлхийн II дайн1939 онд эхэлсэн аугаа их эх орны дайн. Монгол Улс байлдаж цэрэг илгээгээгүй ч гэсэн манайх сэтгэл санаа болон эд материалын тусламж өгч оролцсон байдаг. Мөн дээрээс нь Москва хотод суралцаж байсан оюутнууд хамгаалалтад гар бие оролцож тухайн үед гарсан галыг унтрааж, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд идэвхтэй оролцсон байдаг юм.

-Дэлхийн II дайн монгол цэргээр эхэлж, монгол цэргээр дуусч байсан гэж түүхэнд бичигдсэн байдаг гэлээ. Тиймээс жил бүр дайны ялалтын парадад уригдаж орох ёстой юм шигээ?

-Дайн гэдэг бол өргөн агуулгатай. Харин дайны нэг хэсэг болох эд материал, сэтгэл санааны тусламж дэмжлэгийг Монгол Улс сайн илгээж, ЗХУ-тай нягт холбоотой байсан. Дайн эхэлсэн үед манай улс хамгийн түрүүнд эв санааны нэгдэлтэй байгаа шүү гэдгээ мэдэгдэж, Германы эсрэг байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг. Тиймээс дайтагч улс болон ялагч улсын тоонд зүй ёсоор багтдаг учраас энэ ялалтын парадад тодорхой хэмжээгээр оролцох гавьяа байгуулсан улс.

-Дайны үеэр манай улс хэдэн удаагийн тусламж, бэлгийн цуваа явуулсан байдаг юм бэ?

-Манайхаас ОХУ-д өгсөн тусламж их. 1941-1945 оны хооронд зургаан удаагийн тусламж илгээсэн. Үүнд 435 сая төгрөгийн хоол хүнс, 300 орчим кг алт, 400 гаруй морь худалдаж, 39 мянган агт морь бэлэглэсэн байдаг. Мөн түүнчлэн дээл, гутал, шнель, дах, малын, зээрийн мах гэх мэт зүйлсийг бэлэглэжээ. Хамгийн гол нь бэлгээс илүү сэтгэл санааны тусламж дэмжлэг их. Байлдаж байгаа гурван хүн тутмын нэг нь монгол хонины нэхий дээлтэй, мөн 4 хүн тутмын 2 нь монгол хонины ноосоор хийсэн шнель өмссөн байжээ.

Дайны хувьд ОХУ-д туслалцаа дэмжлэг үзүүлсэн 5 орон байдаг. Тэрний нэг нь манайх бөгөөд бэлгийнхээ тоогоор манайх АНУ-ын дараа буюу 2-т орж байсан юм билээ. АНУ 50 гаруй мянган тонн ноос өгч байхад манайх 60 гаруй мянган тонн тушаах жишээний. Дээрээс нь 53 танк, 12 нисэх онгоц өөрсдийн хөрөнгөөр бүтээж өгсөн. Тиймээс манай улс эх орны дайны ялалтын баярыг тэмдэглэх эрхтэй улс юмаа. Яагаад гэвэл яалт ч үгүй ялагч улсынх нь тоонд ордог.

-Дэлхийн II дайн  дууссан үеийн талаарх түүхийн сурвалжийг арай дэлгэрэнгүй яривал? 

-Эх орны дайн тавдугаар сарын 09-нд дууссан ч Дэлхийн хоёрдугаар дайн дуусаагүй байсан. Ази улсад Япон гэж том улс орон үлдсэн байсан. Түүнийг дуусгахын тулд Монгол Улс оролцсон. Тэгэхээр Дэлхийн хоёрдугаар дайн монгол цэргээр дууссан. Яагаад гэхээр Ази дахь голомтыг чөлөөлөх дайнд оролцож, есдүгээр сарын 02-нд япончууд бууж өгч гарын үсэг зурсан байдаг.

-Тэгвэл Дэлхийн II дайныг Халхын голын дайнаас эхэлсэн гэж үздэг юм билээ?

-Түүхэнд яагаад ингэж бичсэн байдаг вэ гэхээр Халхын голын дайн 1939 оны тавдугаар сарын 28-наас байлдааны ажиллагаа нь явагдаад эхэлсэн. Тэрнээс өмнө дэлхийн хоёр том гүрэн буюу Герман, Япон хоёр 1936 онд комментарын эсрэг нууц холбоо байгуулсан. Энүүгээрээ дэлхийн хэмжээний дайн хийх төлөвлөгөө гаргасан байдаг. Үүнийгээ Хятад улсаас хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ Хятадын мөргөлдөөн дотоодын дайнд нэг оролцсон болохоос яг халдаагүй. Тэгж явсаар байгаад гүрний дайн гээд 1939 онд Халх голын дайн руу нэвтэрч орсон байгаа юм. Дайн тавдугаар сарын 28-нд эхлээд есдүгээр сард дууссан.

Харин Япон үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй манайд ялагдсан. Тэгсэн хэрнээ Хятадтай байлдсан. Энэ хооронд Германчууд үндсэн зорилгоо биелүүлж Польш руу дайраад дэлхийн хоёрдугаар дайны голомт Азиас Европ руу шилжсэн. Дараа нь эх орны дайн гээд чөлөөлөх дайн болсон. Тэгэхээр дэлхийн хоёрдугаар дайн Монгол цэргээр эхэлж, монгол цэргээр дууссан.

-Халх голын дайн бага нутаг дэвсгэрт болсон ч оролцсон хүн хүч, зэвсэг, техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашиглаж байснаараа ихээхэн онцлогтой гэдэг? 

-Тийм. Халх голын дайнд маш бага орон зайнд их хэмжээний цэрэг зэвсэг ашиглаж тулалдсан гэдгээрээ ихээхэн онцлогтой. Фронтын урт 70 км, гүнээрээ 16 км газарт явагдсан. Ерөөсөө 70 гаруй км газарт дайн өрнөж. Хоёр талаасаа 130 мянган цэрэг, 1000 гаруй нисэх онгоц, танк оролцсон. Нэг метр газарт 216 ширхэг винтовын сум оногдохоор нягт давчуу орон зайд тулалдаан явагдсан байгаа юм. Бас нэг онцлог нь гэвэл хоёр талаасаа хамгийн их онгоц оролцсон буюу нэг өдөрт хоёр талаасаа нийтдээ 400 гаруй онгоц оролцсон. Дэлхийн I дайнд танк бүтээгдснээс хойш анх удаагаа өргөн хэмжээнд хэрэглэсэн байдаг юм.

Мөн түүнчлэн тухайн үед Батлан хамгаалахын зардлын 60 гаруй хувийг энэ дайнд зарцуулсан байдаг. Тухайн үед улсын төсөв 80 гаруй сая төгрөг байсан бол түүний 60 гаруй хувийг нь зарцуулж байсан гэхээр ямар хэмжээтэй оролцсон нь ойлгомжтой байгаа биз. Анх удаа цэргүүд нисэх онгоцноос пуужин харвасан гэх мэт онцлогууд бий.

-Халхын голын дайнд оролцож байсан дайчдаас өдгөө хэдэн хүн амьд сэрүүн байна?
 
-Гарын таван хуруунд бараг багтахгүй цөөхөн байна даа. Одоо амьд байгаа Шагдарсүрэн гуайн бие тааруу байна. Мөн цэргийн баяраар 97, 98 настай хоёр хөгшин ирсэн. Тэд Халхг олын дайнд оролцож байсан юм билээ. Хамгийн залуу нь 18 настай байхдаа дайнд мордож байсан гэхээр өдгөө 98 настай буурай байхаар байгаа биз дээ.

-Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг өнөө жил зохион байгуулна. Ойн хүрээнд ямар ямар ажил хийх бол?

-ОХУ-аас ойн арга хэмжээг дэмжиж Халхгол сумыг жишиг сум болгон хөгжүүлэхээр хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Мөн кино хийж байгаа. Одоо ОХУ-аас ирсэн киноны уран бүтээлчид Олзвой, Дандар баатарын тухай кино хийх гэж байна.

-Халх голын дайны үеэр хэрэглэгдэж байсан эд зүйлс одоо хаана хадгалагддаг вэ?

-Халх голд хээрийн үзүүлэн гэж байна. Манай монгол цэргийн музейд гар буу, зэвсэг, сэлэм, хувцас, япон цэргийн сэлэм гэх мэт зүйлс үзмэрт тавигдсан бий.

-Халх гол дайнд хэчнээн цэрэг амь насаараа хохирсон байдаг вэ?

-Манайхаас нийт 990 орчим цэргийн хохиролтой гэж үздэг. Үүнээс нас барсан нь 200 гаруй, бусад нь шархадсан, ор сураггүй алга болсон гэж үзэж байгаа юм билээ. Яг байлдаад амиа алдсан нь 280 гаруй цэрэг байдаг.

-Дайнд оролцсон цэрэг дайчдад Баатар цолыг нөхөн олгоод дууссан уу?

-Ер нь бол дууссан. Одоо ганц хоёр хүнд Баатар цол олгох асуудлыг нутгийн зөвлөлөөс нь хөөцөлдөж байгаа юм билээ. Тухайлбал, зургадугаар морьтын эзэн дарга байсан Шаарийбууд Баатар цол олгуулахаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс яваад байгаа юм билээ.

-Одооны хүүхдүүд Халх голын дайн хаана болсон бэ гэхээр мэдэхгүй байна гэж түүхчид шүүмжилж байна. Тэгвэл ирээдүй хойч үедээ энэ дайны талаар хэрхэн яаж мэдүүлж, түүхийг нь өвлүүлж үлдээх вэ?

-Харин одооны орчин үеийн хүүхдүүд огт мэдэхгүй байна. Фэйсбүүк ашиглаад байна гэж загнахдаа биш. Тэрүүгээр нь дамжуулж Халх голын дайны ялалтаа сурталчилж, таниулах хэрэгтэй. Хүүхдүүд Солонгос киног нэр устай, жүжигчдийнх нь нэртэй хамт сайн мэдэж байна. Гэтэл Халх голын дайнд ямар баатрууд оролцсон талаар мэдэхгүй байгаа нь тун харамсалтай. Тиймээс олон нийтийн сүлжээг зөв ашиглаж таниулах сурталчлах хэрэгтэй.



О.Гэрэл
Оллоо.mn 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.