Н.НАРАНГЭРЭЛ: “ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ 30-50 ХУВЬ БУУРАХ ТООЦОО БИЙ”

0
Н.Нарангэрэл:

НМХГ-ын АЧХХ-ийн ахлах, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэлтэй  Монгол улсын Засгийн газраас нийслэл хотод "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоолын биелэлтийг  хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Улаанбаатар хотод 2019 оны 05 дугаар сарын 15-аас зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхгүй байх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газраас  Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь мэргэжлийн хяналтын байгууллага юм.

Бид эхний ээлжинд олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах, сургалт явуулах ажлыг удаа  дараа зохион байгуулсан. "Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо”, "Бид нэг агаартай”, "Агаарын чанар сайжруулах бүсэд мөрдөх журам”, "Уурын болон усан халаалтын зуухны  аюулгүй ажиллагаа”, "Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” зэрэг сэдвүүдээр 26 удаагийн сургалт зохион байгуулж 468 иргэн, 113 аж ахуйн нэгж, байгууллага, 138 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагчдийг хамрууллаа. Түүхий нүүрсний хэрэглээг хориглох талаар аж ахуй нэгж иргэдэд 927 мэдэгдэл, албан шаардлага хүргүүлсэн. Байгууллагын вэб сайтад "Агаарын хяналт” булан үүсгэж,  хууль эрх зүй, хяналт шалгалтын мэдээ мэдээлэл, гарын авлага, зөвлөмж, сэрэмжүүлгийг байршуулан тогтоолыг сурталчилсан. Энэ сэдвээр хэвлэлийн бага зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд мэдээлэл өгсөн.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоод болон хот руу нэвтэрч болзошгүй бусад замууд дээр зөөврийн хяналтын цэгүүдийг нэмж байрлуулан, Цагдаагийн байгууллагатай хамтарч 24 цагаар нүүрсний хяналт шалгалт хийж эхлэнэ.  Хот дотор агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагчид /тухайлбал уур үйлдвэрлэн үйл ажиллагаа эрхэлж байгаа мах боловсруулах үйлдвэрлэл, хөөсөнцөр, хөнгөн блок, тоосгоны үйлдвэр зэрэг/ улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид, түүхий нүүрс худалдан борлуулах цэгүүдэд хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэдийн оролцоотой хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулна.  Энэ хүмүүс маань бүгд сургалтанд хамрагдсан байгаа.

Засгийн газрын тогтоол зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Засгийн газрын тогтоолоор энэ сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тул зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд тухайн өдрөөс түүхий нүүрс түлэх, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэх зэрэг аливаа бүх үйл ажиллагааг хориглоно. Тогтоол зөрчин үйл ажиллагаа явуулсан бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцож иргэнийг 25-300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөс 3 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсооно.

Сайжруулсан шахмал түлшний чанар, хүртээмж ямар байна вэ?

-Шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, SGS IMME Mongolia ХХК-ийн имтгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний чийглэг /15/- 6.5 дахин бага, үнслэг /30/-1.1 дахин бага, хүхэр /1/ стандарт хэмжээнд, илчлэг /3800/-1.6 дахин их, бат бөх /80/-1.1 дахин их хэмжээтэй гарсан нь "Сайжруулсан хатуу түлш 5679” стандартын шаардлагыг хангаж байна.

Улаанбаатар хотын ахуйн хэрэгцээнд ашиглаж буй 1.2 сая тн түүхий нүүрсний хэрэгцээг 600 мянган тн шахмал түлшээр сольж хангах боломжтой талаар, мөн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс 2,5 дахин их, шаталтын процессын дүнд үүсч байгаа тоосонцорын хэмжээ 27 дахин бага, СО буюу угаарын хийн хэмжээ 4 дахин бага байна гэсэн  эрдэмтдийн тооцоо, судалгаа гарсан. Нэг өрхийн халаалтын улиралд хэрэглэх нүүрсний хэмжээ 4-5тн бол шахмал түлш 3 тн хэрэглэнэ гэсэн үг. Энэ нь эдийн засаг, агаарын бохирдлыг 30-50%-иар бууруулна гэж тооцож байгаа.

Таван толгой түлш ХХК өнөөдрийн байдлаар 60 000 тонн сайжруулсан шахмал түлш  нөөцөлсөн байна. Сайжруулсан шахмал түлшийг түүхий нүүрс борлуулах цэгүүдээр дамжуулан худалдаална. 

 

Эх сурвалж: Olloo.mn

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.