“Өөрийгөө шатаана” гэж зарласан Д.Батдэлгэр дарамтлагч уу
Амиа хорлохыг завдагч гал команд хурдан ирсэнгүй гэж гомдол хүртэл гаргадаг аж
Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Д.Отгон таван айлын голомтыг
самарчихсан гэхэд болно. Томоор хөдөлдөг бизнесмэн болох гээд ах
дүү, хамаатан садныхаа таван байрыг банк бус санхүүгийн байгууллагад
барьцаалаад алдчихсан.
Эгчдээ итгэн байрныхаа гэрчилгээг өгсөн ах дүү, хамаатан садан нь нэг л
өдөр гудамжинд гарсан байдаг. Ингээд Д.Отгон шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газрынхантай тэмцэх ажилтай болсон. Таван байрыг хямдхан
зарлаа, таньдаг хүндээ өгсөн. Одоогийн ханшаар 500 сая төгрөгийн үнэ
хүрэх орон сууцнууд гэх мэтээр заргалдсан.
Бараг арван жил шахам заргалдаж, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан ч
горьдлого тээсээр яваа юм билээ. Энэ эмэгтэй ах дүү, хамаатан
садандаа доромжлуулж, зодуулж хүртэл байсан.
Таван айлын амьдрал сүйд хийснээс нь болоод нөхөр нь хаяж хүүхдүүд нь
зугтаагаад явчихсан юм билээ. Д.Отгон хөлсний байранд амьдарч өглөө
гараад шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагаар эргэлдэнэ. Түүний
өмгөөлөгч нэг их сүрхий гаргалгаа гаргаж горьдлогын гал өрдөнө.
Нэг ч өмгөөлөгч "Та ах дүү хамаатан садныхаа таван байрыг банкны
барьцаанд тавьсан нь үнэн. Банк бус санхүүгийн байгууллагад зээлээ
төлөөгүйн улмаас байрууд чинь хураагдсан. Тэгээд дуудлага худалдаагаар
зарагдсан нь үнэн. Танд одоо ямар ч боломж байхгүй” гэж хэлж
байсангүй. Тийм боломж гарц байна гэснээс болоод яваад байсан. Хэвлэлд
хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нөлөөл гэх мэтээр зөвлөсөн
байдаг.
Шүүх, цагдаа, хэвлэл мэдээллээр тавхайгаа эргэтэл яваад эцэс сүүлд
нь "Өлсгөлөн зарлана, өөрийгөө шатаана” гэж айлгаж эхэлсэн. Хэнийг тэр
вэ. Ойр тойрны хүмүүсээ гэхээс илүү төр засаг, хууль хяналтын
байгууллагыг дарамталж байгаа юм. Өмгөөлөгч нарын гаргасан янз бүрийн
гаргалгаа, сэдлүүд найдвар төрүүлэхийн хэрээр хууль хүчний байгууллагыг
зүхэгч болгон хувиргана. Банк бус санхүүгийн байгууллагынхан шүүх,
цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг худалдаад авчихсан мэтээр
бодож эхэлдэг гэнэ.
Д.Отгоныг хөөргөх, найдвар төрүүлэх хөдөлгөөн, холбооны нөхөд ч бий.
Тэд эхлээд хохирогч байсан бол сүүлдээ тэмцэгч болчихсон. Тэмцэгчид
хохирогч, хохирол зэргээс үүдэн тэмцэгчийн гараагаа эхэлсэн байдаг.
"Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Н.Даваа л гэхэд гэв гэнэт эх орон газар
шороондоо хайртай болоод жагсагч болж хувирсан. Түүнийг ийм дүрд
хувирахад есөн тэрбум 247 сая төгрөгийн хохирол ихээхэн түлхэц болсон
байх шүү. Мөн "Бөмбөгөр” худалдааны төвийн хэрэг маргаан аль хэдийнэ
дууссан атал хохирогч нь байсан нөхөд тэмцэгч хэмээх шинэ хаягтай
болчихсон тууж яваа үзэгдэх юм.
Сүүлийн жилүүд Халдвар судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд
хоёр байраа залилуулсан гэх Д.Батдэлгэр гэдэг эмэгтэйг сонсох болов. Энэ
эмэгтэй Сүхбаатарын талбайд суулт зарлаж байсан. Дараа нь Дээд шүүхийн
үүдэнд судсаа ханаж байсан юм. "Яг үнэндээ Баяраа өөрөө ширээн дээрээс
уначихсан юм билээ” гэдэг шиг Д.Батдэлгэрийн буруу гэж бий.
Хадгаламж зээлийн хоршоонд хоёр байраа барьцаанд тавиад алдах дөхөхдөө
Д.Нямхүүгийн хамаатан Ц.Алимаа гэдэгт хандсан. Тэр эмэгтэй хэзээ мөдгүй
алдах гэж байсан байрыг нь чөлөөлж нэг удаа тус болсон. Ингээд байранд
нь байлган долоон жил боломж олгосон байдаг. Дээд шүүхийн цахим сайтад
бичигдсэн шүүхийн шийдвэрээс харахад энэ хугацаанд Д.Батдэлгэр байраа
чөлөөлөөд авчих хэмжээний мөнгө олоогүй юм билээ.
Шүүхийн бүх шийдвэр Ц.Алимаагийн талд гарсан. Удаа дараагийн шүүхийн
шийдвэр, магадлалыг эсэргүүцсэн Д.Батдэлгэр гурван шатны шүүх,
Шүүхийн ерөнхий зөвлөлд хүртэл хандаад ялагдсан. Өөрөөр хэлбэл, түүний
буруу болохыг шүүх засаглал тогтоож өгсөн юм билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл "Хуулийн дагуу шийдүүл”
гэсэн хариу өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллага зөв
шийдсэн гэдгийг хэлээд байгаа хэрэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газрынхан Д.Батдэлгэрт "Та 45 сая төгрөг төлөөд байртайгаа үлд” гэсэн
байдаг. Энэ боломжийг бас ашиглаж чадаагүй. Тэгээд шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газрын ажилтнууд байрыг нь чөлөөлөхөд Д.Батдэлгэр хаалга
цонхоо эвдээд гарсан аж.
2006 оноос хойш 10 шахам жил болоход Д.Батдэлгэр хохирлоо төлөх
дорвитой оролдлого хийгээгүй. Тийм атлаа өвлийн тэсгим хүйтэнд
Сүхбаатарын талбайд суулт зарлан хэвлэлийнхэнд "Гар хуруу хөлдөж
эхэллээ. Хогийн цэг дээр амьдарч байна” гэх мэдээллийг өгсөөр байсан
юм билээ. Халдвар судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүгийн хувьд
Ц.Алимаатай хамаатан садан, Д.Батдэлгэрийг Хадгаламж зээлийн
хоршоонд байраа алдах гээд гүйж явахад арга зам зааж өгсөн гэдгээрээ
буруудсан.
Тэгээд ч Д.Батдэлгэрийн хоёр байрыг шүүхийн шийдвэрээр Д.Нямхүү биш
Ц.Алимаа авсан юм билээ. Тийм атал "Мөнгө хүүлэгч” Д.Нямхүү, зальдагч
хэмээн цоллож бичүүлсээр байгаа юм. Д.Нямхүүгийн хувьд томоохон албан
тушаалтай учир барих барьцтай, нэр төртэй нэгэн.
Тийм учраас байр чөлөөлөгч, "мөнгө хүүлэгч” олны танил биш Ц.Алимаа
руу довтлохгүй байгаа юм. Д.Батдэлгэрийн яриаг сонссон хэн ч гэсэн "Тэр
яадаг луйварчин бэ. Энэ шүүх цагдаа нар чинь луйварчинд үйлчилдэг байх
нь” гэж бодно. Тэгээд шүүхийн шийдвэрийг нь хараад "Яалт ч үгүй юм даа”
гэх болно.
1990 оны дундуур Монголын нэгдсэн хөдөлгөөний гишүүн Алгаа гэдэг нөхөр
"Нийгмийн муу цусыг ханахын тулд Сүхбаатарын талбайд өөрийгөө зулын
гол болгон шатаана” хэмээн зарласан юмдаг. Мань эр шатахынхаа өмнө
хэвлэл мэдээлэл, УИХ-ын гишүүд, цагдаагийн байгууллагад хандчихсан
учраас тэр нь барьчихаж билээ. Тэрээр хожим нь "Юу боллоо гэж өөрийгөө
шатаах бэ. Жаахан сүрийг үзүүлэх гэсэн чинь цагдаа нар барьчихсан” гэсэн
дуулддаг.
Хүн амины хэргээр ял эдэлж гараад зурхайч болсон Э.Алтандөш яах аргагүй
Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан. Гэв гэнэт тэмцэгч болсон мань
эр "Төр засгийн увайгүй үйлдэл, газар шорооныхоо төлөө амиа золино” гэж
мэдэгдсэн.
Яг үнэндээ бол суварга бүтээнэ гэж банкнаас зээл авчихсан юм билээ.
Зээл нь нэхэгдээд ирэнгүүт хэвлэлээр зарлаж байгаад өөрийгөө шатаасан.
Тэгэхдээ хувцсан дотуураа шатдаггүй гялгар цаастай байсан учраас
гайгүй түлэгдсэн хэмээн эмч нар ярьсан юм.
Хамгийн инээдтэй нь авгайтай муудалцан өөрийгөө шатаахаар завдсан
нөхөр гал командынхан хурдан ирж унтраагаагүй гэсэн гомдол гаргасан
байдаг юм билээ. "Зулын гол” болохоор шийдсэн нөхөд эхлээд хэвлэлийн
бага хурал хийж, цагдаа нараас өөрийгөө шатаах зөвшөөрөл хүсдэг.
Эрүүгийн хуульд өөртөө болон өрөөлд гэм хор учруулахыг
зөвшөөрдөггүйг бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөх алдарт долоодугаар сарын
1-ний хэрэгт буруутгагдсан цагдаа нарыг өмөөрч өөрсдийгөө шатаана
гэсэн иргэд гал команд руу утасдсанаас гадна машиндаа 40 литр ус авч
явсан тухай ч дуулдаж байлаа.
Энэ мэтчилэн "Зулын гол болно” хэмээн сүржигнэгч нарын нууцууд зөндөө
бий. Тэд шударга ёс, газар шорооныхоо төлөө бус үнэнд гүйцэгдсэн,
зорилгоо нуусан, дүр эсгэсэн нөхөд аргаа барахдаа л ийм алхам хийдэг
юм билээ.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.