АНУ болон талибуудын хэлэлцээний ээлжит үе шат дуусжээ
АНУ болон Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн "Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийн хооронд хийж буй хэлэлцээний найм дахь үе шат даваа гарагт дууссан байна. Энэ тухай "Reuters” агентлаг талибуудын төлөөлөгч болох Забихуллу Мужахидын мэдээллээс иш татан уламжилжээ.
"Хэлэлцээ удаан хугацаанд үргэлжилж, үр дүнтэй дууслаа. Талууд дараагийн алхамуудын талаар удирдагчидтайгаа зөвлөлдөх шийдвэр гаргасан” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Хоёр талын зөвлөлдөх уулзалтын найм дахь үе шат Катарын нийслэл Доха хотод энэ сарын 3-нд эхэлжээ. Энэ удаагийн хэлэлцээгээр хоёр талын хооронд байгуулах гэрээг хэрэгжүүлэх механизм болон техникийн нөхцөлтэй холбоотой асуудлыг хөнджээ.
Афганистаны дайныг төгсгөл болгох гэрээг АНУ-тай байгуулна гэж найдаж байна хэмээн "Талибан” хөдөлгөөний Доха дахь төлөөлөгчийн газрын дарга Мухаммад Сохиал Шахин наймдугаар сарын 1-нд мэдэгдсэн байна. Катарын нийслэл хотод болох уулзалт нь талибууд болон Америкийн төлөөлөгчдийн хооронд хийж буй хэлэлцээний "шийдвэрлэх үе шат юм” гэж тэрбээр мэдэгдэж байв.
Харин Афганистаны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад мэдэгдэхдээ, АНУ болон талибуудын хооронд байгуулах гэрээ нь юуны өмнө Америкийн цэргүүдийг тус улсаас гаргахад бус Афганистанд энх тайван тогтооход чиглэсэн байх ёстой гэсэн байна.