Төв аймагт "Гүйе түүе" сошл челленж өрнөж байна
Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачилан "Манлайлагч залуус” сарын аяны хүрээнд "ГҮЙЕ ТҮҮЕ” нэртэй сошл челленжийг Төв аймгийн залуучуудын холбоо, "Төв аймгийн залуус ТББ”, МСНЭ-ийн Төв аймаг дахь салбаруудтай хамтран зохион явуулж байна.
Тус челленж нь хөдөлмөрийн насны залуучуудыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн талбайд цугларсан хогийг цэвэрлэх байдлаар амьдарч буй орчныхоо өнгө үзэмжийг сэргээх зорилгоор зохион байгуулагдаж байна.
Челленжийн "Хоггүй хотын төлөө залуус гүйж байна” урианд эхний 5 өдрийн байдлаар Төв аймгийн Биеийн тамир спортын газар, Мэргэжлийн хяналтын газар, Төв аймаг дахь Төрийн банк, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Төв аймгийн Жаргалант, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар зэрэг нийт 3 сумын 9 байгууллагын 182 албан хаагч хамрагдаж 1,2 тонн орчим хог хаягдлыг цэвэрлээд байна.
Энэхүү арга хэмжээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилж аянд нэгдсэн албан байгууллага, аж ахуйн нэгж бүрийг алдаршуулах үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
Сэтгэгдэл байхгүй байна.