Д.Трамп "Талибан"-тай хийх найрамдлын хэлэлцээг цуцалжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани болон "Талибан" хөдөлгөөний гол удирдагчидтай өнөөдөр хийхээр товлож байсан нууц хэлэлцээгээ цуцалсан байна.
Д.Трамп бямба гарагийн орой твиттер хуудсандаа жиргэхдээ, Кабул хотод болсон дэлбэрэлтийн улмаас 12 хүн амиа алдсаны дунд Америкийн цэрэг байсантай холбоотойгоор ням гарагийн хэлэлцээг цуцалжээ. Уг халдлагын хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээсэн ажээ.
Мөн тэрбээр "Талибан" өндөр ач холбогдолтой найрамдлын хэлэлцээний үеэр гал зогсоож чадахгүй байна хэмээгээд, уг хөдөлгөөнтэй байгуулах найрамдлын гэрээг цуцалж байна гэж мэдэгджээ. АНУ, "Талибан"-ы төлөөлөгчдийн найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээ олон сарын турш үргэлжилж байгаа боловч уг хөдөлгөөнийхөн гал зогсоох уриалгаас түдгэлзсээр ирсэн байна.
Афганистанаас АНУ-ын 14 мянган цэргийг гаргах төлөвтэй байсан уг гэрээ АНУ-ын түүхэн дэх хамгийн урт дайныг дуусгах байсан юм. 2001 оноос хойш Афганистанд 150 мянган хүн амиа алдсанаас 40 мянган энгийн иргэн амь үрэгджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.