“Талибан”-ы халдлагуудыг зэмлэн буруушаажээ
АНУ, Афганистаны Засгийн газрын төлөөлөгчид амиа золиослогч этгээдүүдийн мягмар гарагт үйлдсэн халдлагуудыг зэмлэн буруушаажээ. Тэдгээр халдлагын хариуцлагыг "Талибан” хөдөлгөөн хүлээсэн юм.
Мягмар гарагт болсон хоёр халдлагын улмаас наад зах нь 48 хүн амиа алдсан бөгөөд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани энэ талаар мэдэгдэхдээ, "Талибан” энх тайван, тогтвортой байдлыг цогцлоох сонирхолгүй байгааг илэрхийлж байна гэжээ.
Халдлагуудын нэг нь А.Ганигийн сонгуулийн кампанит ажлыг онилсон байсан бөгөөд тэрбээр гэмтэж бэртээгүй байна. Харин хоёр дахь халдлага Кабул хотод оршдог АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо болжээ. Амиа алдагсдын дийлэнх нь энгийн иргэд байсан гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.
"Талибан” Афганистаны ард түмэн, институтүүдийг илт үл тоомсорлож байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Талибан"-ы төлөөлөгчидтэй өрнүүлж байсан найрамдлын хэлэлцээг цуцалсны дараа уг хөдөлгөөний халдлагууд улам эрчимжжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.