С.ТУЛГА: Эрэгтэй баг эрхээ авах л юм бол олимпоос медаль авна гэдгийг амлачихъя

0

С.ТУЛГА: Эрэгтэй баг эрхээ авах л юм бол олимпоос медаль авна гэдгийг амлачихъя

  • Монголын багийн ажиллагааг зүйрлэвэл яривал I Phone X11 шиг том систем ажиллаж байна
  • Зөвхөн "Улаанбаатар" баг гэхэд 2019 онд 300 цагийн нислэг хийсэн байна. Бараг 14 хоногийг онгоцонд өнгөрүүлсэн гэсэн үг. Харин нийт найман багийн тэмцээнд оролцсон тоо, нислэгийн хугацааг тооцвол овоо их юм гарах байх
  • Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ биднийг олон жил дэмжиж тусалж ирлээ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн сагсан бөмбөгт бараг найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэгсэн хэрнээ сагсан бөмбөгийг улс төрийн зорилгоор нэг ч удаа ашиглаж үзээгүй
  • Япончууд тоглогчийг сард 5­8 мянган ам.доллараар цалинжуулах санал ирүүлсэн. Дасгалжуулагч бол үүнээс илүү үнэлэгдэж байгаа. Гэхдээ одоо бидэнд мөнгөнөөс илүү Монгол Улсын нэр хүнд чухал байна. Олимпын наадмаас багийн төрлөөр медаль авмаар байна
  • Монголд багийн спорт хөгжинө, бид багийн спортоор олимпод өрсөлдөнө гэж яриад мэдрэл муутай бацаанаараа дуудуулаад явдаг байлаа. Ер нь бидэнд итгэж байсан хүн цөөхөн дөө

С.Тулга хэмээх энэ залууг TLG 13 багийг анх үүсгэн байгуулснаас нь хойш мэдэх юм. Сагсан бөмбөгийн холбоог хоёр хуваалаа гэж элдвээр л хэлүүлсэн байх. Гэхдээ тэрбээр элдэв хэл амнаас шантарсангүй, 3х3 хэмээх шинэ төрлийг Монголд үүсгэн байгуулах гэж чамгүй ихийг хийсэн. Улмаар монголчууд түүхэндээ анх удаа багийн спортоор олимпын наадамд өрсөлдөхөөр болсон нь түүний гавьяа байв. 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж буй түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

 -Шигшээ багийнхны бэлтгэлийн талаар мэдээлэл өгөөч? 

-4-11 дүгээр сарын хооронд явагдсан нэгэн улирал өндөрлөсөн. Машин масло тосоо сольдог шиг бид хэсэг хугацаанд амралт авч, бэртэл гэмтлүүдээ эдгээж байна. Эрэгтэй баг маань ирэх гуравдугаар сард олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцоно. Харин эмэгтэй баг эрхээ авсныг та бүхэн мэдэж байгаа. 1964 онд монголчууд Токиод анх олимп гэдэг зүйлтэй танилцсан бол 2020 онд бас л Японд багийн спортоор эргэн ирж байна. 

-Эмэгтэй багийг хэр хугацаанд бэлдсэн бэ. Тухайн үед энэ багаа олимпын эрх аваад зогсож байна гэж төсөөлж байв уу?

-3х3 төрөл олимпын хөтөлбөрт орно гэж ярихаар хүмүүс итгэдэггүй байсан. Монголд багийн спорт хөгжинө, бид багийн спортоор олимпод өрсөлдөнө гэж яриад мэдрэл муутай бацаанаараа дуудуулаад явдаг байлаа. Ер нь бидэнд итгэж байсан хүн цөөхөн дөө. Эмэгтэй багийн тухайд сүүлийн гурван жил бэлдлээ. Ахиц дэвшил гарч л байна. 

-Олимп эхэлтэл эмэгтэй багаа сайжруулах тал дээр юу хийх вэ? 

-Судалгаа гарсан байна лээ, олимпод оролцох найман багаас манайх чансаагаар хамгийн доор нь байгаа. Энэ бол бидний давуу тал. Эмэгтэй баг бэлтгэл сургуулилт, хангамж сайн байвал олимпод очоод цахиур хагалах боломжтой. Орчин үеийн сагсан бөмбөг систем дээр тулгуурладаг болсон. Хэрэв та бүхэн анзаарсан бол Монголын 3х3 төрлийн сагсчид өөрийн гэсэн тоглолтын системтэй болж, үүнийхээ ачаар нас насны баг орсон тэмцээн бүрээсээ медаль аваад байгаа. Энэ бол ухаалаг системийн үр дүн. Би үүнийг утсаар зүйрлүүлж ярих дуртай. Дээхнэ үед хүн бүр Nokia барьдаг байлаа. Харин одоо бүгд ухаалаг утас хэрэглэж байна. Тэгвэл Монголын багийн ажиллагааг утсаар яривал I Phone X11 шиг том систем ажиллаж байна. Сагсан бөмбөг дэлхийд хөгжөөд 100 гаруй жил болж байна. Гэтэл Монголын сагс дөрвөн уулынхаа голд, муухайгаар яривал жалгандаа л байсан шүү дээ. Харин эмэгтэй баг маань гуравхан жилийн өмнө дэлхийтэй танилцсан гэхэд маш хурдан гараад ирлээ. Хамгийн гол суулгасан системээ үр дүнтэй ажиллуулах нь л чухал байна. 

-Энэ системийг суулгах гэж хэдий хэр хугацаа зарцуулсан бол? 

-3х3 төрөл өөрөө залуу спорт. Одоо манай тоглолтын арга барилыг гаднынхан "монгол сагсан бөмбөг” гэж нэрлэдэг болсон. Бид гаднынханд хүлээн зөвшөөрөгдсөн арга барилтай болсон байна. Тэмцээнээс тэмцээнд системээ улам сайжруулж байгаа. Хамгийн том зам гаргаж байгаа нь "Улаанбаатар Хангарьд” багийн залуус. Дэлхийд бараг 300-гаад баг байхад энэ баг 13-т бичигдэж байгаа. Өндөр зэрэглэлд туршаад амжилтад хүрсэн энэ системийг өсвөр, залуучуудын багтаа суурилуулчихаж байгаа юм. I Phone X11 яаж ажилладаг, бүх багт тэгж ажиллана гэсэн үг. Мэдээж ажиллуулж байгаа хүнээсээ шалтгаалаад амжилт янз бүр байна. Манай эрэгтэй багийн тухайд амжилт дандаа өгсөх замаар явсаар ирсэн. Азийн багуудаас анх удаа Дэлхийн гранпригийн аварга боллоо. Одоо олимп, дэлхийн медаль л дутуу байна.

-Манай багт хандах гаднынхны хандлага ямар байдаг вэ. Эхэндээ үл тоомсорлодог байснаа хожоод эхлэнгүүт хандлага өөрчлөгдсөн байх, тийм үү? 

-Эхэндээ бол яг тэгдэг байсан. Азиуд гээд нүд үзүүрлэх маягтай. Харин бүгдийг нь хожоод эхлэнгүүт өөр болж байгаа юм. Одоо бид Америк, Сербийн багуудтай л цуг явдаг болсон. Тэдэнтэй нэг зиндаанд үнэлэгдэж байна гэсэн үг. Сүүлдээ япон, солонгос, хятадууд манай арга барилыг дуурайж эхэлж байна. АНУ өнгөрсөн жил анх удаа дэлхийн аварга болсон. Гэтэл бид тэр багийг дэлхийн аварга болсноос нь хойш хоёр удаа хожлоо. Монгол сагсан бөмбөгийн систем гэж үүнийг хэлээд байгаа юм. Сүүлийн үед манай А.Ананд, Д.Дэлгэрням нарыг японд, филиппинчүүд ирж тоглооч гэж ярьж байна. Мөн намайг ч гэсэн Япон, Солонгосоос урьсан. Тэгэхээр монголчууд ядуу ч гэсэн дэлхийд үнэлэгдэж эхэлж байна. 

-Бусад орноос тавьсан саналын мөнгөн дүнг сонирхож болох уу? 

-Япончууд тоглогчийг сард 5-8 мянган ам.доллараар цалинжуулах санал ирүүлсэн. Дасгалжуулагч бол үүнээс илүү үнэлэгдэж байгаа. Үүнээс их хэмжээний мөнгөн дүнтэй хоёр жилийн хугацаатай санал ирсэн гээд бодохоор 200-300 мянган ам.доллар яригдана. Гэхдээ одоо бидэнд мөнгөнөөс илүү Монгол Улсын нэр хүнд чухал байна. Олимпын наадмаас багийн төрлөөр медаль авмаар байна. Монголчууд олимпоос медаль авсан тамирчиндаа насан туршийн тэтгэлэг олгодог. Энэ бол тамирчин хүнд маш том дэмжлэг шүү дээ. Үүнд хүрэхийн тулд бидэнд хийх юм их байна, эхлүүлснээ дуусгах хэрэгтэй. 

-Эрэгтэй баг эрхээ авч чадах болов уу гэж хүн бүр санаа зовж байна. Эрхийн шалгуураа амжилттай давах магадлал хэдэн хувьтай бол?

-Уг нь эрэгтэй, эмэгтэй хоёулаа эрхээ авчихсан байлаа. Гэвч япончууд эрэгтэй багаа цагаан хуудсаар оруулахаар болж, бид эрхгүй үлдсэн. Одоо бол маш хүнд зам хүлээж байна. Гуравдугаар сард дэлхийн шилдэг 20 багийн тэмцээнээс эхний гуравт орсон нь эрхээ авна. Энэ дунд АНУ, Словен, Латви, Литва гээд томчууд бүгд ирнэ. Эндээс эрхээ авч чадахгүй бол дараа нь шилдэг зургаан орны дунд зохиогдох тэмцээнээс ганц л баг эрх авна. Гэхдээ одоо айж шийрвэгнээд байх шаардлага алга. Эрэгтэй баг маань эрхээ авах л юм бол монголчууд "Токио 2020” олимпоос багийн спортоор медаль авна гэдгийг амлачихья. 

-Их зоригтой амлалт байна шүү… 

-Хүн баримжаатай ярих хэрэгтэй. Одоо эрхээ авсан дөрвөн баг дунд бидний хождоггүй улс гэвэл Серб л байна. Бусдыг нь бол хожиж чадна. Тэгэхээр бидэнд боломж байгаа юм. Одоо манай залуус олимп гэсэн ганц л зүйлд зорьж, үүнийхээ төлөө бүхнээ зориулж явна. Манай 3х3 төрлийн залуус маань их зөв гэр бүл шүү дээ. Маш их даруухан, хөдөлмөрч. Амжилт гаргалаа гээд онгирч сагсуураад байдаггүй. Гэтэл сүүлийн үед зарим залуус сагс хальт тоглож сурчихаараа жолоодлогоо алдаж байна. Хүнээс гарамгүй зан авир гаргах тохиолдол ч бий. Харин бид ийм зүйлээс хол байж, биднийг харж явдаг мянга мянган хүүхдүүдэд зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг. 

-Сүүлийн гурван жилд 3х3 төрлийн сагсчид чамгүй олон тэмцээнд орчихлоо. Жилд хэдэн тэмцээнд орж байна вэ, тооцоо хийж үзсэн үү? 

-Манайд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй, U 238 U 18-ын эрэгтэй, эмэгтэй, "Архангай”, "Улаанбаатар” гээд нийт найман баг бий. Зөвхөн "Улаанбаатар” баг гэхэд 2019 онд 300 цагийн нислэг хийсэн байна. Бараг 14 хоногийг онгоцонд өнгөрүүлсэн гэсэн үг. Харин нийт найман багийн тэмцээнд оролцсон тоо, нислэгийн хугацааг тооцвол овоо их юм гарах байх. "Улаанбаатар” баг зөвхөн 2019 онд 14 тэмцээнд оржээ. Өнгөрсөн гурван жилийг тооцвол энэ баг 40 гаруй тэмцээнд орсон байна. Сүүлдээ нас насны баг бүрт дасгалжуулагчтай болсноор би бүх тэмцээнд явах шаардлагагүй болж, арай илүү завтай болоод байна. 

-Яагаад энэ тоог асуугаад байна вэ гэхээр гаргаж буй зардлыг сонирхмоор байна л даа. Сагсан бөмбөг багийн спорт учраас олон гишүүнтэй. Тэр ч утгаараа зардал их гарна. Гэтэл найман багийг гурван жилийн турш ийм олон тэмцээнд оруулна гэхээр зарцуулах мөнгөний тоо бүр тоймоо алдах байх. Хөрөнгө мөнгөө яаж болгож байна вэ?

-Спортын салбарт Монгол Улс хэдэн төгрөг зарцуулсан билээ. Сүүлийн гурван жилд лав 20 гаруй тэрбум төгрөг болсон. Тэгвэл энэ мөнгөнөөс бид нэг ч төгрөг авалгүйгээр өдий зэрэгт хүрлээ. Эхэндээ бол сагсан бөмбөгт сэтгэлтэй найз нөхдөөсөө мөнгө гуйх байдлаар болгодог байлаа. Тухайн үед найз нар маань намайг мөнгө гуйна гээд утсаа авахаа ч больж байсан удаатай. Дараа нь MCS Coca Cola компанийн захирал Л.Мягмаржав гэж хүн гарч ирсэн. Энэ хүн шаардлагатай зардлын 70-80 хувийг нь шийдэж өгдөг юм. Одоо Г.Батцэнгэл захиралтай "Улаанбаатар ММС Энержи” компани "Улаанбаатар” багийн зардлыг 100 хувь дааж байгаа. Мөн Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ биднийг олон жил дэмжиж тусалж ирлээ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн сагсан бөмбөгт бараг найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Хандгайтад аавынхаа нэрэмжит сагсан бөмбөгийн ордон барилаа. Бид шаардлагатай үед тэнд бэлтгэл хийнэ. Аав нь Д.Содномзундуй гэж Монголд сагсан бөмбөгийг үүсгэн байгуулсан мундаг хүн байсан. Тэр ч утгаараа С.Эрдэнэ гишүүн сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө ихийг хийж яваа хүн. Тэгсэн хэрнээ сагсан бөмбөгийг улс төрийн зорилгоор нэг ч удаа ашиглаж үзээгүй. Монголын сагсан бөмбөг хоёр хуваагдаж, хэрүүл тэмцэл өрнөж байхад С.Эрдэнэ гишүүн болон Ц.Цэвэрбал багш биднийг цээжээрээ хамгаалж ирсэн. Бидний өнөөгийн амжилтад эдгээр хүний үүрэг оролцоо их байсан шүү. Үүнээс гадна биднийг тусалж дэмждэг маш олон хүн бий. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье. 

-3х3 болон үндсэн сагсан бөмбөг гэж хоёр төрөл байна. Энэ хоёр төрлийн тамирчдыг тус тусад нь бэлдэх ёстой юу? 

-Хэдийгээр ижилхэн сагсан бөмбөг мэт боловч огт өөр хоёр төрөл л дөө. 3х3 бол сонгодог сагсан бөмбөг. Маш хэцүү, контакт ихтэй, ямар ч амралтгүй 10 минутын турш үзнэ. 5х5 дээр сайн тоглодог хүн 3х3 дээр тийм байж чаддаггүй. Харин 3х3 төрлийнхөн том сагсаа тоглоход амархан байдгийг та нар мэднэ. Сагсан бөмбөгийг зөв системтэйгээр тоглож сурсан хүн хаа ч алзахгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Үүнтэй санал нийлэхгүй хүн байвал 3х3 сагс тоглоод үзээрэй. Хүн ер нь биеэр үзэж байж л мэдэрдэг юм даа. 

-Та түрүүн систем гэж их ярилаа. Одоо олимп эхэлтэл багагүй хугацаа байна. Энэ хугацаанд гаднынхан манай системийг судалж, эсрэг тактик боловсруулчих болгоомжлол бий. Тиймээс системээ илүү сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай юу? 

-Дэлхийд өрсөлдөж буй улс тэнэг биш гэдэг нь тодорхой. Бүр программд оруулж байгаад биднийг судалж байгаа. Гэхдээ бид тоглолтын системээ тэмцээн бүрийн дараа шинэчилдэг. Өнөөдөр нэг янзаар тоглоход маргааш нь тоглолтын арга барил өдөр шөнө шиг өөр болсон байдаг. Нэг ёсондоо бүх систем маань эсрэг тэсрэг талтай. Нэг байрлал дээрээс л өөр өөр болоод явчихна. Яг л шатар нүүж байгаагаас өөрцгүй шүү дээ. Тэд манай системийн эсрэг тактик боловсруулсан бол бид арга барилаа өөрчилж, түүнийг нь эвдэх жишээтэй. 

-Сайхан ярилцсанд баярлалаа. Тавьсан зорилгодоо хүрээрэй гэж ерөөе.

-Баярлалаа. Энэ дашрамд биднийг үргэлж тусалж дэмждэг хүмүүстээ талархаж явдгаа дахин илэрхийлье. Тэр тусмаа сагсчдаа сэтгэлээ дэмжиж байдаг нийт монголчууддаа баярласнаа хэлмээр байна. Хөдөлмөрлөсөн хүнийг бурхан харж үздэг гэж ярьдаг. Тэгвэл бидний хөдөлмөрийн үр шим хэзээ нэгэн цагт гарах байх аа. 

 


Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.