2019 оны “Бөртэ чоно”-д өрсөлдсөн тамирчдын чансаа доогуур байлаа

0

2019 оны “Бөртэ чоно”-д өрсөлдсөн тамирчдын чансаа доогуур байлаа 

 

  • Э.Цэндбаатар 2019 оны шилдгийн шилдэг тамирчин боллоо

Монголын спортын хүрээнийхэн жил бүрийн арван хоёрдугаар сард "Бөртэ чоно” наадмаа хийж, халуун ам бүлээрээ цугладаг уламжлалтай. 2002 оноос эхлэлтэй уг арга хэмжээ энэ жил "Корпорэйт конвеншн центрт”-т боллоо. 2019 оны хувьд Монголын спорт, тэр тусмаа топ спортын төрлүүдийн уналтын жил байсныг "Бөртэ чоно” наадмаас бэлтгэсэн тойм сурвалжлагын эхэнд дурдъя. Хамгийн олон дэлхийн аварга цолтон төрсөн самбо бөхийнхөн хоёр шинэ дэлхийн аваргатай болсныг, парагийн тамирчныг Э.Содномпэлжээ гиннест бүртгүүлснийг эс тооцвол манайхан гавьтай амжилт үзүүлээгүй. Товчхондоо бол олимпын өмнөх уналтын жил байсан гэхэд болно. Чөлөөтийнхнийг хөдөлмөрийн баатар С.Батцэцэг тэргүүтэй эмэгтэйчүүд, боксынхныг Э.Цэндбаатар, жүдочдыг М.Уранцэцэг гавьяат авсан медалиараа тахалсан. Дээрээс нь мэргэн буучид олимпын дөрвөн эрх авсан, сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүд түүхэндээ анх удаа олимпын наадамд өрсөлдөх эрхтэй болсон зэрэг нь яалт ч үгүй Монголын тамирчдын 2019 онд гаргасан хамгийн том амжилт байв. Тэр утгаараа нэр дэвшигчид ч харьцангуй цөөн байсныг онцлох нь зүйтэй. 

3х3-ын давхар цохилт

2019 онд онцлох амжилт үзүүлсэн төрөл бол яах аргагүй сагсан бөмбөгийн 3х3-ын баг тамирчид. Эрэгтэйчүүд нь анх удаа гранпри хүртэж, эмэгтэйчүүд нь олимпын эрх авч түүхэнд амжилт үзүүлсэн нь том бахархал. Энэ бүх амжилтын цаана дасгалжуулагч онцгой үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж. Тиймээс санал асуулгад оролцсон 72 спортын сэтгүүлч тэдний амжилтыг зүй ёсоор үнэлжээ. 2019 оноос шилдэг дасгалжуулагчийг сэтгүүлчид бус МҮОХ-ноос тодруулдаг болсон. Тэгвэл тэд 3х3-ын дасгалжуулагч С.Тулгыг шилдгээр нэрлэсэн байна. 3х3-ын бүх насны шигшээ багийн амжилтын ард холбооноос гадна дасгалжуулагч С.Тулга байдаг учраас ийн нэрлэсэн биз. Харин шилдэг эрэгтэй тамирч ны нэгээр Д.Дэлгэрнямыг спортын сэтгүүлчид нэрлэв. Тэрбээр сэтгүүлчдийн саналаар 105 оноо авчээ. Багийн спортоор гранприд анх удаа түрүүлээд зогсохгүй багаа ялалтад хөтлөн үнэ цэнтэй тоглогч болсон түүний хичээл зүтгэлийг ийн үнэлсэн хэрэг. Үүнээс гадна эмэгтэйчүүд нь түүхэндээ анх удаа багийн төрлөөр эрх авсныг спортын сэтгүүлчид онцолсон бөгөөд шилдэг багаар тодруулсан байна. Монголчуудыг багийн төрлөөр олимпод оролцоно гэхэд хэн ч итгэдэггүй байсан үе саяхан. Тэр тусмаа эмэгтэйчүүд. Гэтэл сагсан бөмбөгөөр 3х3-ын эмэгтэйчүүд Азидаа топ байж, бүтэн жилийн турш байраа хадгалсаар олимпын эрхтэй болов. Ийнхүү 2019 онд үзүүлсэн 3х3-ынхны амжилтын эзэд гурван "Бөртэ чоно” хүртэв. 

Эрэгтэйчүүдийн шалгаруулалт шүүмжлэлийн гадуур өнгөрсөнгүй

Жүдогийн Л.Отгонбаатар 41 оноогоор шилдэг гурвын нэг болжээ. Энэ онд түүний үзүүлсэн хамгийн том амжилт нь Азийн аваргын алт. Өмнө нь Азийн аваргад түрүүлсэн тамирчин "Бөртэ чоно”-оос шагнал авсан түүх ховор. Үүний оронд самбочдоос шилдгүүдийн нэгийг тодруулах байсан гэж шүүмжлэх хүн олон байгааг нуух юун. Товчхондоо олимпын, бас Монголын топ төрлийн спортын амжилт олимпын бусаас илүү гэж монголчууд үздэгийн тод жишээ энэ байлаа. Самбо бөхөөр хос дэлхийн аварга төрөхөд нэг нь дөрөвт, нөгөөх нь зургадугаарт жагсав. Дэлхийн аварга Д.Алтансүх "Бөртэ чоно”-ын эзэн болоход гурван оноо дутжээ.Түүнчлэн буудлагын түүхэнд анх удаа эрэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан Э.Даваахүү ч шилдэг гуравт багтаж чадаагүй. Нэр дэвшсэн найман тамирчнаас Э.Цэндбаатарыг шилдгийн шилдэг  болно гэдэгт хэн ч эргэлзээгүй. Энэ нь ч ном ёсоороо болсон. Э.Цэндбаатар 152 оноо авснаар бусдаасаа тасарч "Бөртэ чоно”-ын эзэн болсноос гадна 2019 оны Монголын "Шилдгийн шилдэг тамирчин” болж шилжин явах цом өргөв. Ингэснээр ширэн бээлийтнүүд хоёр жил дараалан шилжин явах цомыг эзэмшиж буй нь энэ. 

"Гурван цэцэг" зангараг заав

Эмэгтэй шилдэг тамирчны номинацид 10 тамирчин нэр дэвшсэн байлаа. Тэднээс гурван цэцэг буюу М.Анхцэцэг, С.Батцэцэг, М.Уранцэцэг нар зангараг зааж бусдыгаа манлайлав. Тэдний дотроос М.Анхцэцэг шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон. Тэгвэл Монголд оюуны спортын үнэлэмж муу гэдгийн тод жишээ нь "Бөртэ чоно” юм. Монголын шатрын спортын түүхэнд эмэгтэй тамирчин анх удаа эрэгтэйчүүдийн их мастерын болзол биелүүлсэн бөгөөд тэр нь 17 настай Д.Номин-Эрдэнэ билээ. Уг нь маш том амжилт. Харамсалтай нь, шилдэг гуравт багтаж чадсангүй. Түүнчлэн олимпын наадамд долоо дахь удаагаа оролцоно гэдэг том амжилт. Өдгөө ийм амжилтын эзэн ердөө ганцхан байгаа нь хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа. Долоо дахь олимпдоо цэц сорих эрх авсан ч түүний энэ амжилт "Бөртэ чоно”- ын эзэн болоход хангалтгүй байж, авсан саналаараа айрагдав. Дэлхийн аваргаас анх удаа медаль авсан Б.Болортуяа есхөн оноо авсан нь топ спортын төрлүүдээс монголчууд хүрэл медалийг "голж” буйн илрэл. "Бөртэ чоно”-ыг тоймлоход нэг ийм. Үүнээс гадна Монголын спортын сэтгүүлчдээс хамааралгүйгээр шагнал олгодог 10 гаруй номинаци бий. Хэр шударга үнэлдгийг цаг хугацаа л харуулах биз. Гэхдээ зөвхөн олимпын хорооны "Бөртэ чоно” цуглуулах гэж улайрдаг спортын зүтгэлтнүүд байгааг дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Жил бүр "Энэ миний авах ёстой шагнал” хэмээн бодож элдэв арга саам хэрэглэдэг спортын бурхинуудад боломж олгомооргүй байгаа юм. Шагнал өгөхгүй бол элдэв яриа дэгдээж, энд тэнд хов ярьж явдаг спортын ахмад зүтгэлтнүүд ажил хийж буй залуустаа зайгаа тавьж өгөх цаг нь болсон баймаар. Эцэст нь, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зарчмаар "Бөртэ чоно” олгодог байдлаа ирэх оноос засна гэж найдъя. Шударгаар хөдөлмөрлөж, хариуцсан спортоо хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэж байгаа спортод элэгтэй залуус Монголд олон бий. Тэдэнд боломж олгож, бас урамшуулъя.

Эх сурвалж: Zgm.mn

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.