Д.Трамп АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцолжээ
Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхдээ худалдааны томоохон хоёр гэрээний талаар дурдаад, Америкчууд "урьд байгаагүйгээр яллаа” хэмээн мэдэгджээ.
Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг шүүх ажиллагаа Сенатын танхимд эхлэхээс хэдхэн цагийн өмнө тэрбээр үг хэлсэн юм. "Би энэ чуулга уулзалт дээр хоёр жилийн өмнө үг хэлэхдээ агуу Америк эргэн ирэх үйл явцыг эхлүүллээ гэж байсан бол өнөөдөр АНУ-ын эдийн засгийн өсөлт урьд байгаагүй хэмжээнд хүрснийг зарлан тунхаглаж буйдаа баяртай байна” гэж тэрбээр хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-тай байгуулсан худалдааны эхний үе шатны хэлэлцээр болон Сенатын танхимын баталсан Канад, Мексиктэй байгуулах худалдааны шинэ хэлэлцээр нь Америкийн дунд ангийн ажилтнууд болон компаниудад ихээхэн ач холбогдолтойг онцолжээ. Мөн Д.Трамп өөрийн манлайллыг дагаж, "захиргаадалтыг” зогсоож, ард иргэдээ "чөлөөлөхийг” бусад улс оронд уриалжээ.
Д.Трамп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох хоёр хоногийн хугацаандаа хэд хэдэн улс орны удирдагчидтай уулзана. Энэ удаагийн Давосын чуулга уулзалтад 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 5000 орчим цэргийн алба хаагч, цагдаагийн ажилтан ажиллаж байгаа ажээ.