"САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ИРЭХ НАЙМАН САРД АШИГЛАЛТАНД ОРУУЛНА "
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн өдрүүдэд нийслэлд шахмал түлшний түгээлт, борлуулалт муу байна гэсэн иргэдийн шүүмжлэл их гарах болсон. Тэгвэл үүнд санаа зовох зүйлгүй гэдгийг Тавантолгой түлш ХХ-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэлсэн юм. Тэрээр, "Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 11 шугамаар хоногт 2400-2600 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн өдрийн хэрэгцээ 1700-2100 тонн гэсэн бодит судалгаа бий. Тэгвэл үйлдвэрлэлийн хувьд хэрэгцээгээ давсан түлш, бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалтын цэгүүдээр түгээж, нийлүүлж байна. Нийслэлийн хэмжээнд түлш борлуулах 395 борлуулалтцын цэг ажиллаж иргэдэд түлш худалдан борлуулж байна. Гэвч энэ маань хүрэлцэхгүй байна гэсэн гомдол санал байгаа учир үүний 54-өөр нэмэгдүүлэхээр болж байна. Шинээр байгуулагдах цэгийг ойрын өдрүүдэд яаралтай байгуулна. Цэг байгууллаа гээд хаяг хадах бус түлшээр хангах ажлыг зохион байгуулж ажиллана. Тиймээс иргэдийн хувьд аль болох түлшээ картаараа худалдан авч зөв хэрэглэж хэвших хэрэгтэй. Картаар худалдаа хийж байгаа нь иргэдийг боож хааж байгаа зүйл огт биш. Зөв хэрэглээ, дадал зуршлыг бий болгохыг зорьж байна” гэсэн юм.
Том байшинтай айл өрхүүдийн хувьд 7 хоногт 6 шуудай хүрэлцэхгүй байна гэсэн гомдол гаргаж байгаа. Тэгвэл өөрийн байшин, зуухны боломжит хэрэглээг нотлоод Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрт хандаж тусгай хэрэгцээт картыг авч болох юм байна.
Мөн тээвэрлэлтийн хувьд 1000 гаруй машин 24 цагийн горимоор ажиллаж, гэрээт цэгүүдэд үйлдвэр болон хангамжийн баазуудаас түлш тээвэрлэх, түгээх ажлыг хийж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.