Сонгогчдын итгэл, сэтгэлийг 100 хувь татах, 180 градус эргүүлэх боломж байна уу?
Ардчилсан гэгдэх шинэ төрийн тогтолцооны түүх яг хэрэг дээрээ бол 1990 оноос эхэлсэн билээ. БНМАУ-д Ерөнхийлөгчийн алба, Улсын Бага Хурал буй болсноор төрийн шинэ тогтолцоо төрөн гарчээ. Ингэхлээр 2019 он гэхэд уг тогтолцоо 30 жилийн түүхтэй, завсрын нэмэлт ба өөрчлөлтөөр "тохиргоо хийгдсэн”, дээр нь амьдрал, практикаар дэвшүүлэгдсэн тулгамдсан олон асуудалтай, тиймээс ч судлах, нягтлах зүйл ихтэй,эерэг гэхээр ч үр дагаваруудтай, сөрөг гэхээр ч үр дагаваруудтай сонин, содон үзэгдэл, үйл явц болчихсон байлаа.
30 орчим жил мөрдөгдсөн үндсэн хуульд нэмэлт ба өөрчлөлт оруулах нь амар, хялбар ажил огт биш юм. Амилж, бэхжиж амжсан аливаа хуучин араг яс, хэлбэр өөрийгөө хамгаалах, улиран үлдэх ил ба далд нөөц хүчтэй болчихсон байдаг. Инерцийн хүч хаана л бол хаана үйлчилж шинэ бүхэнд саад учруулдаг.
Парламентын засаглалын сонгодог хэлбэр, хувилбар гэж чухам юуг хэлээд байгаагаа ингэж ярих дуртай хүмүүсийн хэн нь ч итгэл, үнэмшил төрөхүйцээр тайлбарлаж чадахгүй байна. Яг үнэндээ бол засаглал нь өөр өөртөө л тохирсон байх ёстой. Хаана ч таардаг, хэнд ч тохирдог сонгодог хэлбэр гэж үгүй. Тэгээд ч бусдыг дагаж дуурайсан, хуулсан тохиолдол бүр л алдаанд хүргэдгийг мартаж болохгүй билээ. Учир нь яг адилхан улс, нийгэм гэж үгүй.
Монголын төр, засагт онц хурцаар тулгамдаад байгаа гол, суурь асуудал бол өнгөрсөн 30 жилийн дотор буй болсон бохирдлоосоо бүрмөсөн салах, салчихлаа гэдгээ ард түмэндээ, мөн дэлхий дахинд илтгэх, тайлан тавих явдал юм.
Улсын төсөв болон нийгмийн бусад баялгаас хулгайлах, луйвардах, авах завших эрх ба боломжоо бүр улсын үндсэн хуульд суулгаад баталж чадсан болохоор 2020 оны эцэс, 2021 оны эхнээс эхлээд авилга, тендер концесс мэт нь эрх баригч намынхны томчуудын хүрээлэлд цэцэглэж эхэлнэ. Үндсэн мэрэгжлээ бараг мартаад авилга, рекетээр дахин мэрэгшсэн хуульчид (мөрдөн байцаагчид, прокурорууд, шүүгчид) онцгой нууц байдалд хэрэгжсээр буй томчуудынхаа гэмт хэргийг илрүүлж ч чадахгүй, шүүж ч чадахгүй л байхаа даа...