Ч.ЧИНБАТ: ХАЛДВАРТ ӨВЧИН, ВИРУСИЙГ БУСДАД ЗОРИУДААР ТАРААСАН БОЛ ТАВ ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭДЭГ

1
Ч.Чинбат: Халдварт өвчин, вирусийг бусдад зориудаар тараасан бол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг

Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай ярилцлаа.

 

 

-Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа хорио цээр, хязгаарлалын үед иргэд, олон нийт ямар үүрэг хүлээх вэ?

-Дэлхий нийтэд хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан уг халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд шийдвэр, захирамж байдлаар гаргаж иргэд, хуулийн этгээдэд тодорхой үүрэг хариуцлагыг хүлээлгэж, төрийн байгууллагуудад зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг даалгаж байна.

Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэдийн зүгээс ганцхан өөрийн эрх ашиг бус нийтийн эрх ашгийг хүндэтгэн, хууль тогтоомж, хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй.

-Хорио цээр тогтоосон үед иргэд үүргээ биелүүлээгүй, дэглэм зөрчсөн үед ямар хариуцлага хүлээх вэ. Энэ талаар хуулийн ямар зохицуулалт байдаг вэ?

-Зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.

Мөн хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, мөн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан, төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн зохицуулалт байдаг.

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор илт худал мэдээлэл тараах, олныг төөрөгдүүлэх, айдаст автуулах, хүний нэр төрд халдах тохиолдол их гарч байна. Энэ тохиолдолд иргэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Халдварт өвчинтэй холбогдуулан илт худал мэдээлэл тарааж хүний нэр төрд халдсан бол Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.

Мөн бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусийг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд хуульчлан тогтоосон байдаг.

Иймд юуны өмнө иргэд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, алба хаагчдаас өгч байгаа санамж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг даган мөрдөх нь зүйтэй гэж хэлмээр байна. Мөн дээрх тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

-Иргэдийн зүгээс хорио цээрийн үед дэглэм зөрчсөн ямар зөрчил гаргаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагын хяналтаар хорио цээрийн дэглэм зөрчин олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан, жагсаал, цуглаан зохион байгуулсан хууль бус үйлдлүүд нэлээдгүй илэрч, холбогдох цагдаагийн байгууллагуудаас шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн тусгаарлагдсан иргэдээс ахуйн нөхцөлөө голж төрийн албан хаагчид, эмнэлгийн ажилтнуудын шаардлагыг эсэргүүцэх, доромжлох зэрэг хууль бус үйлдлүүд гарч, уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тохиолдлууд бий.

Иргэд маань аливаа асуудалд хүлээцтэй хандаж, нийтийн эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Хорио цээрийн дэглэмтэй холбогдон их хэмжээний хөрөнгө, зардал гарч байгаа гэдгийг онцгой ухамсарлах хэрэгтэй байна. Монгол Улсын иргэний хувьд жаахан ч гэсэн "эх оронч” байх шаардлагатай. "Эх оронч" байна гэдэг энгийн жижиг зүйлээс эхэлдэг.

-Цагдаагийн байгууллагаас хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Төрийн эрх бүхий байгууллагуудаас шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой бодит мэдээллүүдийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тогтмол хүргэж байна.

Үүнтэй зэрэгцэн төр засгаас авч хэрэгжүүлж буй хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг мушгин гуйвуулах, гамшиг, аюулын талаар иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл түгээх, өвчний халдвар, төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зориуд гуйвуулж улмаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээд, төрийн байгууллагуудын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг тараах зэрэг хууль бус үйлдлүүд цахим сүлжээнд олноор гарч, цагдаагийн алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дээрх хууль бус үйлдлүүдийг шалгах ажиллагааг явуулж Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэн, хууль зөрчсөн цахим хуудсыг хаах арга хэмжээг авч ажиллаж байна.

нийтийн эрх ашиг, нийгмийн аюулгүй байдал, хайртай дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд эрэмбэлэх нь зүйтэй.

 
 

Мөн цагдаагийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой мэдээ, мэдээллийг нийтэлсэн тохиолдолд сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоотойгоор цахим сүлжээнд байршуулах, илт худал, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, айдаст автуулсан мэдээ, мэдээллүүд болон сэтгэгдлийг хязгаарлах талаар арга хэмжээ авч ажиллах чиглэлээр вэб сайтын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран шаардлага хүргүүлээд байна.

-Ер нь хорио цээр, аюул, эрсдэлийн үед олон нийтийн сэтгэл зүй ямар хэмжээнд байх ёстой вэ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа аюул, эрсдэлтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон үед ард иргэд маань тайван амгалан байж, бодит бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа санамж, зөвлөгөөг чанд мөрдөх нь зүйтэй.

Ер нь аливаа аюул заналхийлэл, эрсдэлийг эв нэгдэл, сахилга бат, дэг журам, нэгдсэн удирдлагатай байж л хохирол багатай давна. Мөн зөвхөн өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавих биш нийтийн эрх ашиг, нийгмийн аюулгүй байдал, хайртай дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд эрэмбэлэх нь зүйтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Naad ftantsaa 5 jil horih yum bna tiim uu?

Naad ftantsaa 5 jil horih yum bna tiim uu?