Монгол уламжлал, ухаан үнэд орох нь
Эх сурвалж: Өнөөдөр сонин Р. Оюунжаргал
Монголчуудын алсаас толгой дохин, аль эсвэл харилцагчаа ихэд хүндэтгэж буйгаа илэрхийлэх бол баруун алгаараа зүрхэн тушаа хөнгөн дарж, бага зэрэг бөхийн амар мэндийг нь эрдэг ёс олон улсад тренд болох бололтой. Мөн европчууд, америкчууд ч бурхны шашинтнууд алга хавсран залбирах лугаа адил үйлдлийг эв хавгүйхэн хийж эхлэв. Энэ бүхнийг харж байх нь ээ бидний өвөг дээдэс ихэд цэмцгэр, соёлтой байж дээ гэж бодогдоно.
"…орчин үеийн залуус өөрөөр сэтгэдэг болсон. Миний аав, ээж өөр, эмээ, өвөө бүр ч ондоо сэтгэнэ. Өвөө, эмээ, аав, ээж биднийг ойлгохгүй. Бид бас тэднийг ойлгохгүй. Ахмадуудаа хүндлээд үгэнд нь ороод байдаг мэт боловч үнэн хэрэгтээ хэлснээр нь амьдардаггүй. Өөрсдөө бүхнийг шийддэг. Бидний үеийнхний сэтгэлгээ тэс өөр, гадаад хүмүүсийнх шиг болсон” гэдэг юм байна…
Одоо ч 50-иас дээш насныхан гэж тоймлож болох байх, бага насны хүүхдийг духан дээр нь үнэрлэж, сайн сайхан үг хэлж, ерөөдөг хэвээрээ. Тэр бүр хүүхдийг нүүр, нүдгүй үнсэж, үнгэхгүй шүү. Духан дээр нь үнэрлэхийг магнайн баяр гэдэг тухай доктор С.Дулам энэ оны эхээр тайлбарлаж байлаа. Цаг үе ариун цэвэр сахиж, холын зайнаас харилцахыг шаардахуй дор монголчуудын уламжлалт ёс заншлаас хөгжилд "ташаарсан” улс орнуудын ард иргэд суралцаж эхлэх ч юм шиг. Тэднээс дутахгүй орчин үеийн монголчууд, залуучууд уламжлалт аж ахуй, ёс заншил, зан үйлээ эргэн "эрэн сурвалжилж”, өөрт хэрэгтэйгээ олж авах шинэ үе эхэлж байна уу даа гэлтэй.
Гадаадад байнга оршин сууж буй нөхдөөс маань найзууд нь "Вирус дэлгэрсэн Хятадын хөрш Монголд хүмүүс тэр бүр халдвар авахгүй байгаа нь та нарын өгзөг дээр байдаг гэдэг хөх толботой ямар нэг байдлаар холбоотой юу” гэж асуусан тохиолдол нэг бус байна. Манайхан "Бид тэнгэр заяатай хүмүүс гэлтэй биш, юу гэж хариулах вэ. Эрдэмтэн, судлаачдын нийтлэл, судалгааны ажил байвал явуулаач. Ингэхэд бид яагаад хөх толботой төрдөг юм бол” гэж асууж байсан. Нээрэн үүнд ямар учир байдгийг мэдэхээс эхлээд бид өөрсдийгөө судлах цаг болсон санагдана. Уламжлал, өв соёл, өвөг дээдсийн сургаалд юугаар ч сольшгүй үнэ цэн байна. Жишээ олон.
Бэлчээрийн мал аж ахуйгаа шүтэж, сүргийн бүтцийг зохистой байлгах замаар байгалиа хайрлан хишгийг нь хүртэнгээ шимийг ашиг болгож амьдаръя. Яг л эцэг өвгөд шигээ. Малын арьс, ширийг өнөөдрийнх шиг өмхийрүүлэлгүй, тултал нь боловсруулж гадаадад гаргавал гаргаад, үгүй бол эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэн, аж үйлдвэрлэлээ сэргээе. Таван хошуу малын махыг нь амтархан иддэг шигээ таван цулынх нь тэжээллэг чанарыг ухаарч, толгой, шийргүй зооглож, хий хуйгаа тарааж байя. Монголчуудын өнө эртнээс нааш улбаатай энэ хоол нь тэр чигээрээ уураг бөгөөд дархлааг дээд зэргээр сэргээдэг болохыг уламжлалт анагаах ухааны мэргэд хэлдэг.
Аюулт өвчин дэлхий нийтийг хамрахын цагт хамгийн өндөр хөгжилтэй гэж тооцож байсан улс орнуудад ямар гээчийн самуун болж буйг харж байна. Хорио цээрийн дэглэм зөрчсөн хүмүүсийг их хэмжээний мөнгөөр торгох, долоо хүртэлх жил хорих шийдвэр гаргаж "чихгүй толгой”-нуудыг гэрт нь суулгаж байна. Энэтхэгт дэглэм зөрчигчдийг цагдаа нар урт саваа модоор нүдэж буй. Торгуульд өгөх мөнгөгүй нөхдөд үүнээс өөр таарах шийтгэл үгүй. Германы Хэссэн мужийн санхүү хариуцсан түшмэд нь вирусийн аюулын үед ард олондоо мөнгөөр тусалж чадахгүй нөхцөл байдал үүсэхэд сэтгэлээр унасаар амиа хорлов. Энэ мэтчилэн дурдаад байвал улс орнуудад хөгжингүй, буурай ялгаагүй асуудал дороос ундарч, даяараа айдас хүйдэст автаад байна. Өнөөдрийнх шиг нөхцөл байдалд улс орны удирдагчид ч, ард иргэд ч ялгаагүй асуудалд хэрхэн хандах нь үндэстнийг бүрдүүлэгч хувь хүмүүсийн араншин, зан төлөвөөс ихээхэн хамаардаг нь харагдаж байна.
Монголчууд бид өнгөн дээрээ айхавтар хэрүүлч, хэл амтай мэт атлаа цаг нь тулахаар харин ч эв нэгдэлтэй юм. Үүн дээрээ үндэстний язгуур, өнөөдөр үлэмж үгүйлэгдэж буй цөлх ухааныг нэмчихвэл нийгэм аяндаа илүү налайгаад ирэх санагдана. Судлаач Д.Дулмаагийн хэлснээр цөлх ухаан нь хүний амьдралын орон зай, цаг хугацааны мэдрэмжийг уян, уужуу, тайван болгодог аж. Ийм оршихуй нь боловсрол төдийлөн шаардахгүй бөгөөд өөрт байгаа бололцоогоо дайчилж, оюун ухаанаа ашиглаж амьдрахад л эртний монголчуудын хэлдэгчлэн жаргалд сэрэмжтэй, зовлонд тэсвэртэй байх аж. Цөлх ухааны хамгийн энгийн төсөөлөл бол мөрөөрөө явах, амьдрах. Эс тэгвээс амьдралын салаа замуудад будилж мэдэх. Хүүхдээ айж, эмээхийн мэдрэмжтэй өсгөж, аливаа ажил үйлд хянамгай, хэрсүү хандаж сургахаас зөв амьдрахуйн хөтөч цөлх ухаанд суралцдаг ажээ. Энэ зан чанар, төлөвшил биднээс тэгтлээ алсраагүй байгааг дээрх судлаачийн хэлснээс эш татаад ч болов сануулах гэсэн юм. Дэлхийн улс орнуудын удирдагчдын гаргаж буй зан авир, нийгэм дэх таагүй нөлөөллийг нь мэдрэхийн хэрээр монгол хүнийг бий болгож, бүтээж ирсэн зөв амьдрахын эхлэл болсон цөлх ухааны талаар хаана, хаанаа ярилцаж, зан төлөвийн энэхүү нандин шинжийг эрэгтэй, эмэгтэйгүй сэргээн, хэв шинжээ болгож, гэр бүл, үр хойчдоо уламжлуулаасай. Энэ ч гэсэн монгол уламжлал, ухаан, өв билээ.
Аливаад харьцуулах зүйл байна гэдэг нь сайн, муу, болох, болохгүйг ялгаж, ойлгоход ихээхэн нөлөөтэй ажгуу. Хүн төрөлхтний хэн нь хэн бэ гэдгийг цөвүүн цаг ялгаж өгч байна. Хөнөөлт вирусийн түйвээн дундаас бид хэн бэ, яаж амьдрах ёстой вэ гэдэг талд бодолхийлсээр. Өөрсдөд байдаг, бусдад үгүй уламжлал, өв, соёлоо тулан өндийх цагтай монголчууд бид нүүр тулав. Чадна гэдгийг нотлохын тулд өмнө дурдаж байснаа баяжуулан дахин нэг удаа бичье.
Дэлхийн тавцанд гарч ирээд удаагүй байгаа "Хү” хамтлагийг аваад үзье. Бүрэлдэхүүн дэх залуусын олонх нь аль ч улс оронд байдаг хөгжмийн тусгай сургуультай адил ХБК-ийн төгсөгч бөгөөд тэд бусад орны сонгодог болон үндэсний хөгжимчидтэй адил тус тусын эзэмшсэн зэмсгээр үеийнхнийхээ нэгэн адил хөгжимддөг. Гадаадынхантай харьцуулахад давуу тал нь хөөмийлдөг. Залуусын үсийг тайрч халимаг болгоод, жирийн морин хуур бариулж, энгийн дээл өмсүүлээд, "Тайзан дээр даруухан зогсоод дуулаарай” гээд гаргавал уран бүтээлчид өнөөдрийнх шиг өндөр өвч чадах байсан уу. Америк орныг реклам бий болгосон гэдэгтэй адил "Хү” хамтлагийг монгол уламжлал, өв соёл, түүний үнэ цэнийг мэдэрсэн продюсерын ухаан, сэтгэлгээ босгож чадсан. Үүнтэй адил өөд нь татаж, сэргээн хөгжүүлж, хэрэглээ, эдийн засгийн эргэлтэд оруулж болох өв, соёлын элемент манайд мундахгүй.
Нүүдлийн болон хотожсон соёл иргэншил хослон оршиж буй цөөн улсын нэг нь Монгол. Оршихуйн давуу тал болсон монгол заяандаа сүсэлж, аливаад ухаалаг, хашир, уужуу тайван хандан, эх хэл, соёлоо дээдлэн, уламжлал, эцэг өвгөдийнхөө ухааны өвийг "экспортолж”, ашиг олж, эрүүл, чинээлэг амьдарч болох юм гэсэн санаа дэлхийн өнцөг булан болгонд өдөр, хоног бүр эрдэнэт хүн олноор амь тавьж буй энэ өдрүүдэд бодогдож буйг хуваалцлаа.
Монгол хүн монголоороо сэтгэж чадахаа байдаг гэнэ. Одоогоос хоёр сар орчмын өмнө юм. Шанхайд дээд сургуульд сурдаг, амралтаараа гэртээ ирсэн монгол оюутан "Бичих, нийтлэх сонирхолтой ч яаж гэдгээ мэдэхгүй юм. Бусадтай хуваалцах санаа цээж дүүрэн байна. Гоё бичдэг болмоор байгаа ч хэрхэн эхлэх, материалаа баяжуулах мэдээллийг хаанаас олж авах гэхчлэн асууж, лавламаар юм их байна. Зөвлөгөө өгөөч” гэлээ. Уулзлаа. Яг үүнийгээ асууж байна. Сэтгүүл зүйн дээд сургуульд эчнээгээр суралц гэлтэй биш, сургуулиа төгсмөгцөө Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курст ор гэх нь хаашаа юм.
Үнэхээр сонирхолтой бол аль нэг өдөр тутмын сонинд туршилтаар ажиллаж, "шүүсээ шахуул” ч гэж хэлмээр байв. Гэтэл яриан дундаас нь охин сонгосон мэргэжлээрээ цаашид ажиллахгүй ч, сургуулиа төгсөхийг зорьж байгааг мэдсэн болохоор 19-тэй гоо бүсгүйн оюун бодолд нөлөөлөхийг хүссэнгүй. "Туршлага, мэдлэгээр бичдэг. Нийтлэл бичдэг болох хүртэл олон жил шаардана”л гэлээ. Хэлснээ ойлгуулах гэж лав 15 минут тайлбарлах явцад охины урсгал хархан харц хаа сайгүй тэнэсээр байсан юм. Эцэст нь тэрбээр "Эгч ээ, орчин үеийн залуус өөрөөр сэтгэдэг болсон. Миний аав, ээж өөр, эмээ, өвөө бүр ч ондоо сэтгэнэ.
Өвөө, эмээ, аав, ээж биднийг ойлгохгүй. Бид бас тэднийг ойлгохгүй. Ахмадуудаа хүндлээд үгэнд нь ороод байдаг мэт боловч үнэн хэрэгтээ хэлснээр нь амьдардаггүй. Өөрсдөө бүхнийг шийддэг. Бидний үеийнхний сэтгэлгээ тэс өөр, гадаадын хүмүүсийнх шиг болсон” гэдэг юм байна. Тэгэхээр нь "Яг, ямар болсон гэж” хэмээн асуухад "Тайлбарлах гэхээр үг орж ирэхгүй байна. Ямар ч л байсан манай үеийнхэн монгол хүмүүс шиг сэтгэхээ больсон, та эргэн тойрондоо байгаа залуусыг анзаараарай. Бүгд адилхан” гэсэн юм. Бидний яриа ингэсгээд өндөрлөсөн. Тэр хөөрхөн охины санаа бодол өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна. Монгол эх орондоо монгол хүн болж төрсөн заяандаа мөргөж, монгол уламжлал, ухаанаас шүр, сувд шүүрэхээр зэхэж буй байх.
Сэтгэгдэл байхгүй байна.